Төрсөн өдрөөрөө 55 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилсэн Б.Батбаяр эмч: 3 жил үнэгүй эмчилж, эрүүл шүдтэй хичээлд оруулна
Б.Батбаяр эмч төрсөн өдрөө тохиолдуулан 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчиллээ. Тэрбээр “Kids Smile” төслийг эхлүүлж өнөөдөр СБД-ийн 299-р цэцэрлэгийн 2-5 насны 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн байна. Зөвхөн нэг удаа эмчлээд зогсохгүй эдгээр хүүхдүүдийг сургуульд орох хүртэл нь хүүхдүүд эрүүл шүдтэй байхыг 100 хувь хариуцан, үнэ төлбөргүйгээр эмчлэх юм байна. Түүний хувьд 27 дахь жилдээ шүдний эмчээр ажиллаж, 2015 оноос хойш сангийнхаа үйл ажиллагааг эхлүүлж хот, хөдөөгийн 100 мянга гаруй хүнд тусламжийн гараа сунгажээ.
Б.Батбаяр: Эрүүл шүдтэй хүүхдүүд сургуульд элсүүлэх зорилготой төслөө өнөөдөр эхлүүллээ. Хэрэв энэ санаачилсан төсөл маань амжилттай болбол үргэлжлүүлэн өөр цэцэрлэг, сургуулиудад хийхээр төлөвлөж байна

-Ярилцлагын эхэнд яагаад Ц.Бадрал санг байгуулах болсон шалтгааныг тодруулмаар байна?
-Монголдоо шүдний эмч мэргэжлээр төгсөж, доктороо БНСУ-д хамгаалсан. 2014 он. Эргэн Монголдоо ирэхэд бид өөрсдийнхөө төлөө ямар ч сайн дурын ажил хийдэггүй болох нь харагдсан л даа. Тухайн үед Америк, Герман, БНСУ-аас манай улсад ирж сайн дурын ажил зохион байгуулж, хот хөдөөгүүр явж байсан. Тэдэнтэй уулзахад танай улсын хүн амын шүдний өвчлөл маш өндөр байна, анхаардаггүй юм байна гэдгийг хэлсэн юм. Иймд өөрийн аав Ц.Бадралын нэрээр сан байгуулж, 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй. Ингэхдээ төрөлжсөн буюу шүдний эмч байдаггүй хөдөөгийн сум, багуудаар явсан. Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүмүүст эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн. Мөн шүдний кабинет байхгүй зарим сумдад кабинет байгуулж өгсөн.
-Өнөөдөр та өөрийн төрсөн өдрийг тохиолдуулан 299 цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний тусламж, үйлчилгээ үзүүлж байна шүү дээ. Ганц удаагийн бус хичээлд ортол нь үргэлжилнэ гэж дуулсан. Яагаад энэ төслийг эхлүүлэх болов?
-Өнөөдөр 299 цэцэрлэгийн 2-4 настай хүүхдүүдэд шүдний үзлэг, эмчилгээг өөрийн төрсөн өдрийг тохиолдуулан эхлүүлж байна. Энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш, сургуульд ортол нь бид шүдний эрүүл мэндэд нь анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Ингэснээр эрүүл шүдтэй хүүхдүүд сургуульд элсэн суралцана гэсэн үг. Хэрэв энэ санаачилсан төсөл маань амжилттай болбол үргэлжлүүлэн өөр цэцэрлэг, сургуулиудад хийхээр төлөвлөж байна.
Шүдний өвчлөл гэдэг бол тухайн хүүхдийн эрүүл өсөх, бойжих, оюун ухааны хөгжил, зөв төрх гэх мэт олон зүйлсэд нөлөөлж байдаг учраас дэлхий нийт анхаараад буй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад 34 хавдрыг үүсгэгч амны хөндийд байна. Хэрэв амны хөндий эрүүл бус байвал тухайн нянгууд хавдрын үүсгэгч болно, эрүүл байлгаж чадвал устаж үгүй болно гэдгийг судалсан байна.
Мөн шүдний өвчлөлтэй хүүхдийн өсөлт, анхаарал, ой тогтоолт эрүүл хүүхдийнхээс хоёр дахин бага байдаг. Би Монголын бүх хүүхдүүдэд анхаарч чадахгүй нь мэдээж. Гэхдээ өөрийн чадал хүрэх хэмжээгээрээ нэг хэсгийг нь ч болтугай зургаан нас хүртэл нь эрүүл байлгаж, шүдээ зөв угаах дадлыг хэвшүүлж чадвал зорилго биелнэ. Ингэж чадвал тухайн хүүхэд насан туршдаа эрүүл шүдтэй байх боломж нь бүрдэнэ.
-Шүдний өвчлөл өндөр байгаагийн шалтгааныг юу гэж бодож байна?
-Шүдний эрүүл ахуй, амны эрүүл мэндийн боловсрол дутуу байгаатай холбоотой. Мөн чихэр агуулсан хоол хүнс ихээр хэрэглэж байна. Үүнээс гадна шүдээ зөв угаахгүй байна. Шүдээ угаах дадлыг хэвшүүлээгүй байгаа учраас л шүдний өвчлөл өндөр буй.
Иймд шүдний эмнэлэгт тогтмол хандаж, амны эрүүл ахуйгаа хянаж байх нь зүйтэй.
-Шүдний эмчилгээ хийлгэх өртөг тийм ч бага биш. Харин та Ц.Бадрал сангаараа дамжуулан сайн үйлсийн аян хийсээр иржээ. Санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлж байна вэ?
-Дээр дурдсанчлан энэ сан бол миний аавын нэрээр нэрлэгдсэн миний байгуулсан сан. Ямар ч улс төрийн болоод шашны нөлөөлөл байхгүй, санхүүгийн эх үүсвэрийг нь би хувиасаа л бүрдүүлсээр яваа. Шүдний эмчилгээний өртөг мэдээж өндөр. Нэг ломбо хийхэд л 11-15 зүйл нийлж байж бүрддэг. Тэр бүгдийг худалдаж авна гэсэн үг шүү дээ. Зардал өндөр байх нь тодорхой. Гэхдээ өөрөө эмч хүний хувьд хийж чадахаа хийнэ.
А.Дулмаа: Гурван жилийн туршид хүүхдүүдийн маань шүдийг 100 хувь үнэгүй эмчлэх гэж буйд баяртай байна

299 цэцэрлэгийн эрхлэгч А.Дулмаа: Ц.Бадрал сангаас “Kids Smile” төслийг эхлүүлж өнөөдөр манай СБД-ийн 299-р цэцэрлэгийн 2-5 насны 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилгээгээ эхлүүллээ. Энэ төсөл гурван жил үргэлжилнэ гэх сайхан мэдээтэй байна. Хүүхдүүдийн эрүүл мэндэд нэн тулгамдаж буй асуудал бол шүд. Шүдээ зөв угаахаас эхлэн олон зүйлс энэ төсөлд орж байна. Урьд хэзээ ч ийм тусламж үйлчилгээ авч байгаагүй манай цэцэрлэгийнхэн. Тус үйл ажиллагааг эхлүүлсэн уг сангийнханд, Б.Батбаяр эмчид баярлалаа.
О.ОНОН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эмчээр сургуулиудад шүдээ хамгаалах талаар лекц уншуулах хэрэгтэй байна.Яг ийм хүмүүсээ дээд албанд тавьмаар байна.
Aжил уйлс нь ургэлж өөдрөг бутэмжтэй байх болтугай
Арван цагаан буян нь ургэлж дэлгэрч явах болтугай