МУГТ Б.Цэвээндаш: Канадын гүйгчийн 1,400 км туулсан рекордыг шинэчилж 1,600 км болгоно

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш "Ice Marathon 2026" буюу хэт холын гүйлт зохион байгуулахаар болсноо өнөөдөр зарлаж, мэдээлэл өглөө. Б.Цэвээндаш ирэх сарын тавны өдрийн 11:00 цагаас Д.Сүхбаатарын талбайгаас гүйлтээ эхлүүлэхээр төлөвлөжээ.
Гүйлтийнхээ талаар тэрбээр "Улаанбаатар-Бээжин-Тяньшин хүртэл 1,600 километр гүйхээр төлөвлөсөн. Өвлийн хахир хатуу цагаар гүйнэ гэдэг маш эрсдэлтэй алхам. Тиймээс аюулгүй байдлаа маш сайн төлөвлөсөн. Би энэ гүйлтэд 2023 оноос хойш бэлдсэн. Байгаль, эх дэлхийгээ хайрлая, мод тарьцгаая, хүүхэд залуус, ахмад үеийнхэндээ эрүүл зөв амьдралын талаар зөв ойлголт өгөх зорилготой. 2024 оны нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг гээд нийт 355 км зам туулж байсан туршлагатай. Энэ удаагийн гүйлт маань өдөр бүр бүтэн марафон буюу 42 км зам туулна гэж үзвэл 45 хоног зарцуулахаар төлөвлөсөн. Монгол хүний бие организм бол хүйтэнд дасан зохицсон байдаг. Тиймээс өвлийн хүйтэнд монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж гүйх нь бас нэгэн зорилго. Дэлхийд хамгийн хол зам туулсан рекорд амжилтыг Канадын гүйгч 1,400 км зам туулснаар эзэмшдэг. Энэ амжилтыг шинэчлэх зорилгоор 1,600 км гүйхээр төлөвлөсөн" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.