Нийслэлийн хэмжээнд 67 дулаан зогсоол байна

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 67 дулаан зогсоол байдаг байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгчээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоон дулаан зогсоол нь хэвийн ажиллаж байгаа юм.
Үлдсэн таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаажээ. Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэлсэн байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Сүүлийн өдрүүдэд иргэдээс дулаан зогсоол ажиллахгүй байгаа гомдлууд ирж байна. Нийслэлийн хэмжээнд автобусны 1287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудлыг дулаан зогсоол болгон тохижуулсан. Өнөөдрийн байдлаар долоон зогсоол эвдрэлээс болон улсын комиссын хуваариас шалтгаалан нээгдээгүй байсан. Өглөө дүүргүүдтэй холбогдож, эвдрэлийг яаралтай засуулж, улсын комиссыг ажиллуулах чиглэл өгч, автобусны зогсоолуудыг нээж эхэллээ. Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороонд байрлах дулаан зогсоолын хувьд иргэн, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагын хүрээнд барьсан. Төв цэнгэлдэх хүрээлэн арчилгаа, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Өнөөдрөөс автобусны дулаан зогсоолын арчилгааг Хан-Уул дүүрэг хариуцахаар боллоо” гэлээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.