НИЙГЭМ

Г.Лхагвадорж: Нийгэм юу гэж бодож байгаа сонин биш. Чи мэдэж байгаа зүйлийнхээ тухай л зоригтой ярих ёстой

Монголын сэтгүүл зүй өдгөө тодорхой алхмаар урагшилж байгаа ч энэ хүрч ирсэн алхам бүрээ эргэн харах болдог. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт, шилжилтүүд дунд редакц гэдэг ойлголт, сэтгүүлч гэдэг тодорхойлолт яг ямар байгаа вэ гэдэг асуулт үргэлж асуугдсаар байх учиртай. Түүнчлэн хэвлэл мэдээлэл өөрөө нийгмийн түүчээнд байна уу эсвэл бид нийгмийг дагаж байна уу гэх зэргээр олон талаас нь салбараа шинжээч, сонжооч, оролцогчийн нүдээр харж явдаг UBN.MN сайтын үүсгэн байгуулагч, "Лхагвын тойм" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Лхагвадоржтой Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Eguur News мэдээллийн агентлагийн "Eguur-ийн сэдэв" дор ярилцлаа.

Видео:

-Үйл явдлууд өдрөөс өдөрт өрнөж, бид заримдаа мэдээллийн энэ хөлгүй эргүүлэг рүү шидэгдчихэж байна. Гэтэл эдгээрийн дунд бидний зайлшгүй анзаарах ёстой хамгийн чухал агуулга гээгдэж үлдэх, олон нийт төдийлөн гүнзгий сайн ухаж анзаарахгүй орхичих гээд байдаг. Ялангуяа, сая Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл дээр олонхоор дуугарч чадсангүй шүү дээ. UBN сайт редакцын бодлогоор ямар үүднээс энэ хуулийг анзааран харав?

-Би өөрийн баримталдаг зарчмаа л энд хуваалцах нь зүйтэй байх. Яагаад гэвэл би бүгд ийм байх ёстой, тийм байх ёстой гэж ярих хүн нь биш. Өнөөдөр яг ил тодорхой харагдаж байгаа нэг зүйл нь сэтгүүл зүй нийгэмдээ чирэгдээд явж байна. Зарчмын хувьд, Монгол өнөөдөр хоёр том гүрний дунд парламентын ардчилалтай байх ёстой юм байна. Бидний газар зүйн байршил, геополитикийн нөхцөл зэргээс харвал ерөөсөө л Монголыг хамгаалах зүйл нь ардчилал гэж ойлгох ёстой юм билээ. Үүний төлөө иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл, улс төрчид хэн байдаг юм чадал, оролцоогоороо л дуугарах хэрэгтэй гэж хардаг. Тийм үүднээс хандсан.

-Гэхдээ хэвлэл редакцын бодлогоор энэ зориг, зорилгоо тодорхойлоод бичээд дуугарсны ард хэн нэг улс төрчдийн ашиг сонирхол, пи-ар нэмэгдээд, сүүлдээ бүр улс төрчдийн талцал болоод дуусах ч тохиолдол байна?

-Хэрвээ парламентын ардчилал хамгаалагдаж л байвал, тэнд Л.Оюун-Эрдэнэ ч юм уу хэн ч юм хоёр талын үзэлцэж, тэрсэлдээд улс төр хийж байна уу гэвэл хийж байна. Гэхдээ үүний цаана парламентын талд дуугарч байгаа өнцөг бий юу гээд харах ёстой. Тэр өнцгөөс харж, зөвхөн хүн гэхээсээ том агуулга руугаа чиглээд дан ганц улс төрчдийн тэр процесс руу хутгалдах биш өөр энэ талаар дуугарч чадах хүмүүсийг ч яриулдаг байх ёстой.

Мөн бид энэ их эргүүлэг дунд, хэвлэлийн өдөр тутмын дийлэхгүй байгаа нэг зүйл нь эргэж суугаад бодож, анализ хийх орон зай маш бага байна. Жишээлбэл, бидний огт гээж болохгүй агуулгуудын нэг нь эдийн засаг. Би 2021 онд сайтаа эхлүүлснээс хойш улсын төсөв батлагдах үеийг тасралтгүй маш нарийн анхаарах гэж хичээж байгаа. Сүүлийн үед зарим агуулгыг нь илүү сайн ойлгодог болж байна. Төсөв яаж батлагдахаас шалтгаалан иргэдийн, ААН-ын халаастай шууд холбогдож байгаа юм. Хүмүүс төсөв гэхээр их холын, том дүн бид нарт хамааралгүй гээд л ойлгоод, яриад байдаг.

Гэтэл төсөв өндөр батлагдана гэдэг чинь манайх шиг үйлдвэрлэгч биш улсад импортыг дэмжчихдэг. Энэ нь эргээд ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр төлбөрийн тэнцэл дээр алдагдал үүсгэх жишээтэй. Төлбөрийн тэнцэл гэж юу юм бэ гээд харвал бид нар гадагшаа юу зараад ам.доллар олж байна. Гаднаас бид юу аваад ам.доллароо үрж байна гэдгийн зөрүү. Хэрвээ энд зөрүү өндөр үүсээд л байвал үүнийг дагаад эдийн засагт нөлөөлөл нь ирдэг. Ам.долларын ханшийн өсөлт, хамгийн гол нөлөө нь инфляцын өсөлт гээд анзаарах зүйл их. Цалин нэмэх ёстой юу, нэмэх ёстой. Нийгмийн хүсэл нь цалин нэм гээд байдаг. Гэтэл огцом нэмэхээр инфляцад нөлөөлнө. Тэгэхээр зүгээр л үнэн үгийг жишээ нь энд хэлчихдэг л байх ёстой.

-Хэвлэл үнэнийг хэлчихдэг шүү дээ. Харин төсөв ингэж тэлэх, инфляцад дарамт учруулах сөрөг үр дагаварыг улс төрчдийн популист амлалт, шийдвэрүүд ч хөөргөддөг жишээ Монголд бүр үзэгдэл болсон биш үү?

-Тэтгэвэрийн зээл тэглэсэн үйл явдал дээр хэвлэл жишээ нь зөв өнцгөөс нь дуугарч чадаагүй санагддаг юм. Үүн дээр миний хувьд бол маш их харамсаж байсан. Магадгүй ганц нэг нь дуугарч л байсан байх. Гэхдээ тэр нь хангалттай биш. Би ч тухайн үед салбартаа байж чадаагүй. Тэтгэвэрийн зээлийг яаж тэглэсэн бэ гэхээр уурхай буюу хүний өмчийг шүүхээр оруулахгүйгээр булааж авсан.

Мөн тэнд мөнгө байхгүй учраас барьцаа тавиад бичилт хийчихсэн. Өөр нэг чухал зүйл нь зээл гэдэг чинь хариуцлагатай байх ёстой атал зээл тэглэсний дараачаас хүмүүс хамаа, замбараагүй зээл авч эхэлсэн. Улс төрийн ямар нэг нөхцөл үүсээд дахиад зээл тэглэчихэж магадгүй гэдэг сэтгэл зүй хүмүүст үүсчихэж байгаа хэрэг. Үүн дээр энэ чинь буруу юм аа, болохгүй ээ гээд хэвлэл хангалттай дуугарах ёстой байсан гэж бодогддог юм.

-Хангалттай дуугарч чадаагүй гэдэг нөхцөл байдал Ерөнхийлөгчийн өргөн барьж, хэлэлцүүлж байгаа хууль дээр ч гэсэн маш их мэдрэгдэж байна. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаа харвал энэ хуулийн цаад мухарт ардчиллын суурь зарчим хөндөгдөх вий гэдэг сэрэмж төрөхөөс аргагүй?

-Би Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс ярилцлага авчихаад яг Монгол руу нисэх гээд байж байтал ЕТГ-аас мэдээлэл хийнэ гэсэн тов дуулдсан. Тухайн үед ч энэ яг улс төрийн шинжтэй мэдээлэл хийж, нэг зүйл зарлах нь дээ гэж бодогдсон. Яг юу гэх бол гээд гайхаад байж байтал УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг парламент руу оруулж ирж байгаагаа мэдээлсэн. Нэг талдаа, надаас, таниас, УИХ-аас ёс зүй нэхэх нь зөв үү зөв. Гэхдээ нэг иргэн гомдол барьж оруулж ирээд хэлэлцүүлнэ л гэсэн үг шүү дээ. Нээлттэй хэлэлцэнэ гэж байгаа боловч нээлттэй хэлэлцүүлгийн ард яаж кноп мөнгө болдог, яаж хурлаас зугтдаг гээд олон асуудал үүснэ. Хэрвээ би намын даргатай ч юм уу, эрх мэдэлтэнтэй байр суурь сөргөлдөөд таалагдахгүй байх юм бол олонхоороо нийлээд тэр хүнийг гаргах процесс.

Нэг хүнийг гаргалаа гэхэд л бусад хүмүүс дуугүй болчихно. Яагаад гэвэл асар их мөнгө зарчихсан, ухаант амьдралын карьераа зориулчихсан хүн олонход шахагдаад гарна гэдэг байж болшгүй зүйл болчихсон байгаа шүү дээ. Мөн уг хуульд "Жагсаалтаар орж ирж байгаа гишүүнд намын дарга хариуцлага тооцоод, татаж болно" гэсэн байгаа. Жишээ хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийг нийгэм даяараа л шүүмжилсэн. Магадгүй намын дарга, Ерөнхий сайд хүний өөдөөс төсөв чинь том байна, харбины гэрээ чинь буруу байна гэвэл "наад хүнээ гарга" гэдэг нөхцөл үүсэх эрсдэл бий болчих байсан. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ би хайрцаглагдсан, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр эндээс харахад тухайн хүн хүртэл өөрөө өөрөөсөө шалтгаалахгүйгээр доор нь байгаа хүмүүс нь вакумжуулаад, өөртөө хэрэгтэйгээр наана нь асуудлыг шийддэг болох нөхцөл ч үүсэж болно гэдгийг харуулж буй юм. Энэ хуулийг дэмжээд байгаа хүмүүсээс "Уншсан уу" гээд асуухаар үгүй гэдэг. Уншаагүй байж юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ойлгохгүй байна л гэсэн үг.

-Нэгэнт уг хуулийн агуулга руу хоёулаа хөтлөгдөөд орчихлоо. Энэ дээр нэг ийм байдал ажиглагдаад буй нь хэвлэл мэдээллийн байгууллага буюу редакц өөрсдөө бодлогоо тодорхойлох ёстой. Тэр бодлогынхоо хүрээнд ямар байр суурь дээр зогсох вэ гэдгээ илэрхий болгож байж л олон нийтэд хүргэнэ шүү дээ. Гэтэл зарим нь хэвлэлийг ерөөсөө л дамжуулагчийн үүрэгтэй гэж харж, энэ ойлголт руу чихэх гээд байдаг?

-Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага учраас тодорхой хэмжээнд дамжуулах үүргээ хүлээнэ. Гэхдээ бид ардчиллаа алдаж байгаагаа хараад л, дамжуулаад л суугаад байж болохгүй л дээ. Бид нар ашиггүй төсвийг хүртэл хараад "Энэ ашиггүй төсөв боллоо" гээд дамжуулаад суугаад байх ёстой юм уу. Үгүй. Сэтгүүл зүйд баримтлах үнэт зарчим нь юу юм бэ, ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмчийн асуудал дээр редакц бодлого баримталдаг, байр суурьтай байх ёстой. Нийгэм цаг үеийн үйл явдал дээр буюу жишээ нь хар тамхи, садар самуунтай холбоотой ямар ч агуулгыг бид дамжуулахгүй ч гэдэг юм уу ямар байдлаар ажиллахаа редакцын бодлогоор тодорхойлох ёстой. Үүнийгээ тодорхойлохгүй юм бол бид зүгээр л дамжуулагч. Яг үнэндээ одоо дамжуулагчийн үүргийг иргэн илүү хурдтай гүйцэтгэж байна. Миний л хувьд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй гэдэг гол агуулгууд дээрээ нийгмийнхээ урд байхгүй юм бол нийгмийнхээ ард чирэгдээд байвал ухраад л байна гэсэн үг.

Өнгөрснөө харвал, би сэтгүүл зүйд үнэхээр шүүмжлэлтэй ханддаг. Би өөрөө, өөртөө шүүмжлэлтэй ханддаг гэсэн үг. Бид ерөөсөө л дамжуулагч байж ирсэн. Огт бодохгүй, анализ хийхгүй, бид мэдлэггүй, сахилга батгүй, ёс зүйгүй байж ирсэн нь ч бий. Гэхдээ цаг үеэ дагаад редакциуд олноор гарч ирж, өөрчлөгдөж байна л даа. Ямар ч байсан редакцтай, бодлоготой байж л биднийг дамжуулагчийн үүргээр ашиглах гэсэн аргаас хол байж чадна. Иргэд өнөөдөр бодож, дүгнэж чадна. Бид яаж хүлээж авах бол гэдэгт нь огт өмнөөс нь бодох шаардлагагүй. Магадгүй барууны хэвлэлүүд шиг үзэл баримтлалаараа аль намыг, хүчнийг дэмжиж байгаагаа зарлаад явдаг шиг байж болох ч манайх шиг жижиг зах зээлтэй, нам нь хүртэл зүүн баруунаа ойлгохгүй ийм үед баруун, зүүнээ шууд зарлаад явна гэдэг эрсдэлтэй л дээ. Манай сайтын уриа бол "Мэдээллийг эргэцүүлье" буюу санаа өг, өөрсдөө цааш нь хөгжүүлэг гэдэг шиг бид өөрсдийн байр суурь, бодлогоор олон нийтэд агуулгаа хүргэх ёстой юм.

-Сүүлийн жилүүдэд анзаарагдаж буй нэг зүйл нь улс төрчдийн хэвлэл, сэтгүүлч рүү дайрах дайралт нэмэгдэв үү гэхээс буурсан жишээ харагддаггүй. Түүнчлэн энэ байдлаас шалтгаалан олон нийтэд ч хэвлэлийн талаарх ойлголт янз бүрээр л хүрч байна шүү дээ. Урт хугацаандаа үүний нөлөөлөл нь сэтгүүлч, редакц өөрөө өөрийгөө цензурдэх үзэгдэл рүү ойртох вий?

-Редакцын бодлого тодорхой бол энэ л хамгийн чухал. Сэтгүүлч зөв гэж бодсон бол, редакц зөв гэж тодорхойлоод бодлогоо нэгэнт гаргачихсан л бол сэтгүүлч ч гэсэн тэр зөв зүйл дээрээ зогсох л ёстой. Нэгэнт ингэж тогтож, заншчихсан зөв бодлого дээрээсээ редакц ч амархан ганхахгүй. Гаднаас ирэх нөлөөлөл ч төдийлөн тусахгүй. Олон нийтээс, хэн нэгнээс ирэх нөлөөллөөс эмээж өөрийгөө хойш татаад байж болохгүй.

Би ярилцлага хийснийхээ ард хэсэг байж байгаад нэвтрүүлгээ дахиж үздэг. Хаана нь дутуу үлдээв, юу гээж орхив гээд өөртөө дүгнэлт хийх зүйл бий. Харин олон нийтээс ирэх хариу үзэгдлүүдэд төдий л автдаггүй. Тоодоггүй. Яг үнэхээр уншиж чаддаг, ойлгож чаддаг хүний жинхэнэ үнэлэмж, зөвлөгөө бол хувь байдлаар ч юм уу илэрхийлэгддэг. Яг мэргэжлийн шүүмж, дүгнэлтүүдийг л хүлээж авахаас бусдаар хаанаас ч ирэх зүйлсийг нэг их ойшоохгүй байснаараа өөрийгөө цензурдэх нөхцөл төдий л үүсэхгүй байх. Үүнээс болж сэтгүүлчийн зориг ч мохохгүй байх. Өөрийнхөө зөвийг мэдэж байгаа бол зоригтой байх, мохохгүй байх л гэж би дотроо хардаг.

-Редакцууд, сэтгүүлчид өнөөдөр тодорхой агуулга, сэдвийн араас уйгагүй, зоригтой явж чадаж байгаа болов уу?

-Зоригтой гэдгийг би дөрвөн агуулгаар харж байна. Зоригтой байна гэдэг нь эрх мэдэлтэй, дарамт шахалт ирүүлэх субъектээс ямар нэгэн байдлаар айж эмээхгүйгээр баримт, факт, шаардлагатай зүйлийг асуух шаардлагагүйгээр мэдээлэх. Мэдээж хүн танилтай, найзтай, ах дүүс, хүрээлэлтэй. Гэтэл эдгээр тойрон хүрээлэгч дотроос чинь хэн нэг нь асуудал үүсгэхэд хүйтэн цустайгаар илэрхийлэх зориг. Чиний сэтгүүлчийн үүрэг тэр хүнтэй ямар харилцаатайгаар хязгаарлагдах ёсгүй гэдэг нь бас нэг зориг. Мөн нийгэм хэн нэгнийг сайн гэж хэлвэл чи сөрж муу гэж хэлж чадахгүй, нийгэм муу гэж харж байхад чи ярьж байгаа зүйл нь зөв гэж хэлж, дуугарч чадахгүй болох ёстой юу. Үүнд нийгэм юу гэж бодох сонин биш гэдгээр бас зориг илэрнэ. Зоригтой байхын нэг шалтгаан нь сэтгүүлч хүнд мэдлэг юм. Чи мэдэж байгаа зүйлийнхээ тухай л зоригтой ярина.

Эргэлзэж байгаа зүйлдээ мэдлэг чинь хүрэхгүй бол тэр зүйлийнхээ талаар ярьж, дуугарч уншигч, редакц, эх сурвалжаа хэн хэнийг нь эвгүй байдалд оруулах хэрэггүй. Сэтгүүл зүй бол нийгмийг эмчилдэг, буянтай ажил. Харин энэ мэргэжлийг чи мөнгө гэж үзээд зөвхөн өөрт ашигтай зүйл мэтээр ашиглаж байвал үйлийн үр талаас нь харахад л хариу нь ирж л таарна. Зоригтой байх гэдэг чинь увайгүй байх тухай биш. Асуулт асууж байна гээд хэн нэгнийг буланд шахаж, эвгүй байдалд оруулаад, ярихыг хүсээгүй байхад нь дарамтлаад байж болохгүй. Хэвлэлийнхэнд микрофон, камер гэдэг энгийн өдөр тутмын ажлын хэрэгсэл болж харагддаг бол огт эдгээр зүйлстэй харьцаж үзээгүй хүний хувьд тийм биш шүү дээ. Магадгүй зөв юм яривал тухайн хүнд хэрэгтэй байлаа гэхэд буруу зөрүү ярьчихвал тэр хүний нэр хүнд, бизнес, карьер гээд юунд ч нөлөөлж, унагаж болно. Тиймээс сэтгүүлч харилцаж байгаа, асуулт асууж байгаа хүнийгээ хүндэлдэг байх ёстой. Сая яриандаа хэлсэнчлэн олон нийт энэ хүнийг муу хүн гэж хараад байгаа учраас би муухайг нь харуулах ёстой гээд зүтгээд байвал энд ерөөсөө сэтгүүл зүй оршихгүй. Энд бас зориг ч бий болохгүй.

-Санал нэг байна. Бидэнд нийгэмд тогтсон, тогтож мэдэх буруу ойлголтуудын эсрэг бодлогоороо ч, бие даасан байр сууриараа ч зориг байх ёстой. Гэхдээ бодит байдал дээр бий болов уу?

-"Лхагвын тойм"-оороо жишээ аваад хэлэхэд "Энэ хүнийг чи оруулж яах гээд байгаа юм, энэ муу хүн, энэ үеэ өнгөрөөсөн хүн эсвэл тийм сайн, сайхан хүнийг оруулсангүй" гэх мэтийг сэтгэгдлүүд олон нийтээс ч эргэн тойрноос ч хэнээс ч юм ирдэг. Гэхдээ сэтгүүлч асуудлыг ярих гэж нэгэнт эхлүүлсэн л бол хүмүүсийн юу гэхээс, хэн байхаас үл хамааран яриулах л ёстой. Хэрвээ редакцын баримталдаг зарчмын эсрэг буюу хүний эрх, ардчиллын эсрэг зүйл ярих гэвэл чи яриулахгүй байх эрхтэй. Энэ бол редакцын бодлого, байр суурь юм. Хувь сэтгүүлч дээр магадгүй зарим зүйл нь өөр. Нийтэд гарч ирэх, шүүмжлэл хүлээн авах хэлбэр нь сэтгүүлч, редакц хоёр дээр ирэх байдал нь ондоо л доо.

Би сайтаа эхлүүлэхдээ л редакцын бодлогоо тодорхойлсон учраас энэ зүг рүүгээ л явна. Бодлогод маань нийцэхгүй бол таньдаг ч бай, найз нөхөд ч бай үгүй л гэсэн үг. Яах вэ, найз нөхөд, эргэн тойрноос янз бүрийн л асуултууд орж ирнэ. Гэхдээ редакцын бодлого чинь тодорхой, чи өөрөө байр суурь чинь ойлгомжтой бол хэн ч тэр үнэт зарчим руу чинь дуртай үедээ халдахгүй. Тэр хязгаар, хүрээг бодлого л тогтоож өгч байгаа юм. Тэгэхээр нийгэм хэрхэн харах нь тэдний өөрийн асуудал болохоос нийгэмд буруугаар ойлгогдчих вий, тэдний буруу ойлголтыг зөв болгоход редакц бодлогоор зөв агуулга гаргах зэрэгтээ эргэлзэх шаардлагагүй.

-Ямар ч байсан Монголын хэвлэл мэдээллийн салбаруудын хамтдаа, зоригтой зогсох ёстой хэд хэдэн зарчмын нэг нь бид ардчиллаа хамгаалах мөн юм болов уу гэж боддог. Магадгүй бид өөр өөрсдийн бодлогоор явж буй ч нийгмийн үнэт зүйлийн төлөө хамтрах, дуу хоолойгоо нэгтгэх гэдэг эрүүл байгаагийн шинж шүү дээ?

-Ардчилалтай холбоотой нэг сонирхолтой зүйл хэлье л дээ. Ардчиллын төлөөх жагсаал хийж байсан хүмүүсийн МАХН-д өгсөн шаардлагад Хэвлэлийн эрх чөлөө гэж байсан юм билээ. Тэгэхээр Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь ардчилалтайгаа үргэлж хамт байдаг, давхар яригддаг зүйл байгаа биз. Ардчилал нь хэвлэлийн эрх чөлөөгөө, хэвлэлийн эрх чөлөө нь ардчиллаа хамгаалдаг учраас энэ үнэтэй зүйлийнхээ төлөө бид хамаг сэтгэл оюунаа зарцуулж байх болов уу л гэж боддог юм.

This image has an empty alt attribute; its file name is lhagva-poster-2-1024x576.jpg

-Арваад жилийн өмнө парламентын сэтгүүлч байсных нь хувьд асуухад, өнөөдөр Төрийн ордон хэвлэл мэдээллийн нэг том орон зай болжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн үйл явдал, агуулга редакцын нэг анхаарал хандуулах зайлшгүй сэдэв байна. Гэхдээ бид эндээс ердөө дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж микрофоноо хэн бүхэн рүү сунгадаг байх юм уу эсвэл редакцын бодлогоор олон нийтийн анзаарахгүй байгаа тэр агуулгуудыг ухаж гаргаж ирдэг байх ёстой юу. Бид ямар чиг шугамаар алхах ёстой юм бэ?

-Өнөөдрийн хэрэглэгч мэдээлэл хүлээн авсны хариу үйлдэл нь их хурдацтай болж л дээ. Гэхдээ энэ нь нийт уншигч, хэрэглэгч гэж бид андуураад байдаг. Яг үнэндээ нийгмийн олон талт агуулга дээр огт байр сууриа илэрхийлдэггүй, чимээгүй олонх маш их бий. Энд дундаж давхаргынхан, бизнесийнхэн байх нь бий. Тэртээ тэргүй чиний баримталдаг зарчим, нийтэлж бичдэг зүйлийн чинь агуулга буруу байвал энэ чимээгүй олонх зүгээр л орхичихно.Дахиж уншихгүй. Ийм учраас зүгээр л ил илэрхийлж байгаа хэсгийг нь дагаж, тэдэнд автаж, тэдний хариу үйлдлийг нийт уншигч гэж харалгүй зөв, бодлогын агуулгаа гаргаад л явдаг байх ёстой. Тийм зарчим, бодлоготой хэвлэлийг чимээгүй уншигчид уншаад л, хараад л явдаг. 2014 оноос хойш Төрийн ордон руу өдөр болгон орохдоо нэгэнт тодорхойлсон бодлого, зарчмынхаа хүрээнд би ямар байдлаар ажиллах вэ гэдгээ ойлгочихсон учраас тэндээс ямар мэдээлэл авах, ямар эх сурвалжуудтай харилцах зэрэг ажлаа хийгээд л явж байна. Төрийн ордон ордог хэвлэлүүд маш олон болчихож. Энэ нь ч бас буруу биш. Ардчиллын зарчмаараа нээлттэй, чөлөөтэй байгаагийн л илрэл. Гэхдээ хариуцлага, үүрэг гэж байх ёстой. Би анх сайтаа эхлүүлж байхдаа 4-5 хүний цалинг олгоно, татвараа төлнө гэдэг хариуцлагыг ухамсарлаж байсан.

Тэр үед л редакц бодлогоороо улс төрийн үйл явдлууд дээр ямар байдлаар хандах, яаж ажиллах, хэн зөв ярьж байгааг илүү яриулах, буруу санагдаж байгаа байр суурийг шүүмжлээд ярих хүнийг нь ч яриулдаг байх гээд ийм тодорхой байх ёстой гэж тодорхойлсон. Тэгэхгүй бол эг маггүй бүх зүйлийг лайвдаад л, ямар ч хүн рүү хамаагүй микрофоноо сунгаад л байх шаардлагагүй шүү дээ. Тийм байснаараа бид яг юуг бүтээсэн юм. Чиний, миний ямар ч шүүлтүүргүй дамжуулж бичсэн мэдээнээс яг юу үлдсэн бэ. "Лхагвын тойм" нэвтрүүлгийн 85 дахь дугаарыг хийхэд эндээс яг аль нь хүмүүсийн анхааралд өртөж, агуулга нь хүрсэн юм гээд хэдэн нэр цохохоор яг агуулга ярьсан нь л үлдсэн байна гэдэг ч юм уу. Ингээд харвал, мэдээж Төрийн ордонд болж байгаа хурал, үйл явцыг дамжуулах нь зөв боловч тийшээ орохдоо "Би яах гэж орж байгаа вэ" гэж сэтгүүлч өөрөөсөө асуудаг, редакц бодлогоор чиглүүлдэг л байх ёстой. Манай редакц өглөө болгон хуралдаад өнөөдөр Төрийн ордон орохдоо энэ, энийг лавшруулж тодруулна, төсөв ингэсэн байгаа учраас зарлага хэтэрсэн агуулга дээр зөв дуугардаг гишүүдийг яриулна зэргээр өдөр болгон л агуулга баздаг. Маргаашийн онцлох гэдэг хэцүү шүү дээ. Би яг өөрөө үүнийг олон жил туулчихсан, заримдаа сэтгүүлчдээ харахаар халширмаар, хайрламаар л байдаг. Гол нь маргааш бид юу хүргэх вэ гэдэг зорилгоо тодорхойлж байгаа учраас маш ойлгомжтой болчихно. Гэтэл зүгээр ганц пэйж дээрээ нэг осмо, микрофонтой давхиж ороод манаргаад гараад ирдэг байж болохгүй. Орсон бол бодлого тодорхой, нийтлэл, ярилцлагатай, уншуулчих ганц сэдэвтэй л гарч ирэх ёстой. Үнэндээ яг харвал ордноос лайвдсан болгоныг хүмүүс үзэж, харахгүй л байгаа.

-Ингээд ярихаар бид сошиал дамжуулагчаас юугаараа ялгарах ёстой вэ. Зүгээр л шүүмжлээд, талцаад яваад байх юм уу. Редакцын бодлогоороо ялгарах ёстой юм уу гэдэг асуулт гарч ирнэ л дээ?

-Эхлээд сэтгүүлч, редакц аль аль нь хөгжих ёстой. Асуудлаа мэдэх ёстой. Төсөв гэж юу вэ, тодотгол гэж юу вэ гэдгээ мэдэх ёстой болдог. Сүүлд гэхэд л 2024 оны наймдугаар сард төсвийн тодотгол орж ирсэн. Хэвлэлүүдийг хөндөх болов уу гэж харж байсан ч бараг хөндөөгүй. Энд жишээ нь юу болсон гэхээр одоогийн энэ яриад байгаа төсвийг 33 их наяд хүрсэн төсөв дээр зарлагыг нь өндөрсгөөд хамтарсан Засгийн газар оруулж ирж байсан. Энэ юу болов гэхээр төсөв дагаж орж ирсэн хууль дээр улс төрчид асуудал юмаа хийгээд оруулаад ирдэг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3 дээр Уул уурхайн бүтээгдэхүүний сүүлийн 12 сарын ДНБ-тэй харьцах харьцаанаас төсвийн зарлагыг ихэсгэж болохгүй гэснийг өөрчлөхийг оролдож зарлагыг нэмсэн. Өөрөөр хэлбэл уул, уурхайн бус орлогын хувь хэмжээг тооцож дараа оныхоо төсвийн зардлыг төлөвлөх ёстой гэсэн заалт байсныг эсрэгээрээ уул уурхайн салбараас олсон гэнэтийн өндөр орлогод тохируулж төсвийн зарлагаа нэмэгдүүлсэн гэсэн үг.

Гэтэл манай улсын эдийн засаг өөрөө уул уурхайгаас 90 хувь хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр ДНБ-нд эзэлж байгаа хувь чинь өснө шүү дээ. Гэтэл үүнийг анзаарч, шүүмжилж дуугарч байгаа хүмүүсийг яриулаад, энэ дээр бодлогоороо редакцууд хамтрах ёстой юм. Хэвлэлүүд хамтрах агуулга, сэдэв гэж байна. Ийм чухал агуулга гэтэл гадуур нь хаягдчих жишээтэй. Өөр нэг ярихаас аргагүй зүйл нь улс төрчид, сэтгүүлчид өөрсдөө нийгмээсээ хоцроод байна. Таван жилийн дараа технологийн хөгжил яаж хөгжих юм. Хүн биш АI яаж төсвийн зардлыг анализ хийгээд гаргаад ирдэг болох гэж байхад сэтгүүлч хоцроод байж болохгүй. Тэгэхээр бид агуулгын гүн рүү орох гэдэг суурь бодлого, зарчмаа заавал илүү няхуур олж хардаг байхаас аргагүй. Түүнээс өнгөн хэлбэр, хийцлэл дээр анхаарах бол ирээдүйд тэртээ тэргүй хэн ч хийж чадах зүйл.

-Сэтгүүлчид редакцын бодлого, агуулгад нийцсэн тэр сэдвээрээ зочин олно гэдэг сонирхолтой бас хэцүү. "Лхагвын тойм" зочны эрэл хайгуулаа хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоног тутмын зочин олно. Ингэхдээ хүн болгоныг оруулж ирээд яриулаад байх уу эсвэл агуулгын гүн рүү ордог хүн байх ёстой юу. Сүүлд гэхэд анзаарвал, зочдын ярьж байгаа агуулга нь бид парламентын болон ерөнхийлөгчийн гэдэг хагас маягийн засаглалтай юм шиг болгочихоод байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх ёстой юм уу үгүй юм уу гэдэг асуултыг би асууж байгаа. Төсөв дээр анхаарал хандуулъя гэдэг агуулга ярьдаг байх ёстой гэх мэт. Тэгэхгүй хэнийг ч юм оруулж ирээд, өнөөх нь бүх авилгачдыг цаазаар ав гэж яриад байж болохгүй. Нэг удаа яг нэг зочин маань иймэрхүү агуулга ярьсан. Үүний дараа би дахиж ийм хүнд, өөрөөр хэлбэл бидний нөгөө үнэт зүйл, зарчимд нийцэхгүй хүнийг яриулахгүй гэж бодсон. Тэрний оронд нэвтрүүлгээ гаргахгүй байсан нь дээр. Олон нийт үзэж сонсоод үнэн зүйл гээд хүлээгээд авчихвал яана.

Харин цаг үеийн нөхцөл байдал гэж бас бий. Тухайлбал, Туулын хурдны зам, Ерөнхийлөгчийн хууль дээр тодорхой зөв байр суурийг илэрхийлдэг хүн байх ёстой ч юм уу. Өглөө болгон л долоо хоногийн зочноо бодсоор өдрийг угтдаг даа. Зочноо олсны дараа их гоё мэдрэмж төрөөд, урам зориг их төрдөг. NTV телевиз надад маш том боломж олгож, хэвлэлийн эрх чөлөөг надад хангалттай өгч байгаа. Бид яг нэг агуулга дээр ингэж хэвлэлийн хамтрал хийсэн нь надад бол энэ салбарт байх ёстой үнэт чанар гэж хардаг.

-UBN редакцынхаа хувьд хэр зоригтой ажиллаж чадаж байгаа вэ?

-Би сайтад их олон жил ажиллаж байна. Сайт тогтох, төлөвших хугацаа нь үндсэндээ таван жил л юм билээ. Өсөлт энэ хугацаанд мэдрэгдэж байдаг. Таван жил дээрээ ирээд гацах, өмнөх өсөлтөө цоо шинээр давж гардаггүй ч юм уу тийм процесс тулгардаг. Миний хувьд, нэг бодол байдаг нь сэтгүүлчид өөрсдийнхөө эрх чөлөөг өөрсдөө боомилдог. Дарга дагаж гүйдэг. Эсвэл нэг албан тушаалтантай ажлын томилолтоор яваад л тэр хүний хүн болчихно гэж байхгүй шүү дээ.Мэдээлэл дамжуулах гэрээ хийснийхээ хариуд тэр хүний үгээр байх ёстой юм шиг байна гэж байхгүй. Ийм зүйл дээр ямар байр суурь, зарчим илэрхийлж байгаагаас хамаарч редакц руу тэгэж дураар халдахгүй л гэсэн үг. Нэг жишээ хэлэхэд, нэг танил маань хэвлэлтэй хамтран ажиллах хүсэлтэй хүнд намайг санал болгож л дээ. Тэгсэн нөгөө хүн нь "Өө би Лхагваатай ярихгүй. Бичдэг, ярьдаг зүйлийг нь би мэдэх учраас миний саналыг хүлээж авахгүй байх" гэж хэлсэн байгаа юм. Үүнд нь их баярласан. Өөрөөр хэлбэл намайг ямар байр суурьтай юм бэ гэдгийг мэдээд, халдахгүй байна гэдэг юмс гаднаасаа харагдахад ч ойлгомжтой байх ёстой гэсэн үг байгаа биз.

Манайд өнөөдөр сэтгүүлч баримтаа нягтлаагүй, редакц давхар нягтлаагүй, хүн гүтгэж байгаа тохиолдлууд ч байна. Монголд шантаажаар амьдардаг хэвлэл, хэсэг ч бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Ийм асуудалд орж, улс төрчдөд чичлүүлж, хуулийн байгууллагын хаалга татаж байгаа бол энэ нь хэвлэл мэдээллийн салбарын бус тэр хүний л асуудал юм. Харин хууль зөрчлөө гэдэг нэрээр төрийн дарамт шахалт орж ирээд, хэвлэлийн амыг барьж, зоригийг мохоох гэж оролдвол энэ өөр. Редакц бодлоготой, хуулийн дагуу ажиллахад ер нь алзахгүй дээ. Сэтгүүл зүйгээс мөнгө олоод томроод, баяжаад явъя гэж байгаа юм уу зөв сэтгүүл зүй хийе гэж байгаа юм уу гэдэг зорилго тодорхой байхад болно л гэж хардаг.

-Монголд сэтгүүл зүйн салбар алдаатай оноотой ч гэсэн тодорхой түвшинд урагшлах оролдлогууд хийгдсээр л байна. Ирээдүйг нь хэрхэн харж байна вэ?

-Аливаа зүйлийг бодоод л яваад байгаа цагт биелэх оролдлогууд хийгдсээр биелдэг. Сэтгүүл зүй гэрэлтэй гоё болно гэж итгэдэг. Дараагийн үе бол өлөн хоосонгийн амьдрал үзээгүй, жинхэнэ ардчиллын алган дээр өсөж байна. Ийм хүүхдүүд ирээдүйд үзэл санаагаа худалдахгүй, итгэл үнэмшил дээрээ бат зогсох байх гэж хардаг. Сэтгүүл зүйг гоё болгоно гэхээсээ илүү өөрөөсөө эхлээд ёс зүйн хувьд өөрчлөгдөх ёстой. Өөрөөсөө хийж чадах, хамгийн сайнаараа зүтгээд л хийгээд л байх хэрэгтэй юм болов уу. Хэвлэл мэдээллийн салбар бас үзэл санааны хувьд зөв зүйл дээрээ нэгдэж байж тодорхой зүйлүүд дээр урагшилна шүү. Ийм зөв нэгдэл бол сайн сайхан ирээдүйг бий болгоно оо.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа


"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харбины гэрээ буруу зөвөө ч уншиж үзээгүй байж бас яаж мэдэж байгаа юм. 14 жил гацсан төмөр замыг холбох гэрээ ямар ч тохиолдолд зөв. Оюун-Эрдэнэ эдийн засгаа тэлэхэд нилээн анхаарсан, тэрнийхээ хүчинд ч ковидтой тулсан гэхэд их мөнгөтэй төсөвтэй болж чадсан засаг болсон.

9999
9999
Reply to  Зочин

ковид - р ДАХИН СОНСГОЛ ХИЙГЭЭСЭЙ. КОВИД БОЛ БИДНИЙ ӨМНӨ НЬ ХҮРЧ БАЙГААГҮЙ СОНИН ВИРУСНЫ ХАНИАД БАЙСАН ҮНЭР АМТ АЛДДАГ ДЭЛХИЙ ДАЯАР ТАРХСАН ГЭЖ БОДОХОД ТУС ВИРУСЫГ ХЯТАДТАЙ ӨРСӨЛДӨХ ГЭЖ Л ГАРГАСАН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР ОДОО ЭНЭ ОРМУУЗЫН ХООЛОЙГ ХАРАХАД

9999
9999
Reply to  Зочин

ковид тай тулсан гэчижээ үнэн хэрэгтээ тэр нь европын эмийн салбарыг дэмжих америк английг буулгаж авах нь дэлхийн дайн байсан болхоос хуцаад популизм баруун солгоогүй хийх зүйл биш баруун солгоогүй ковид гэж хуцаж бөөн мөнгө хийж аваад өөрсдөө эдийн засагаа оюукаар нь самруулчаад ацандаа гоншигносон юм. элбэгээ оюук 2 чинь хийсэн гайг бүгд эдлээд л явж байгаа даг

Зочин
Зочин

Нийгэм юу гэхээс үл хамаараад үнэнээ хэлнэ гэдэг гоё зарчим

Зочин
Зочин

Zorigtoi setguulch l heregtei bn daa

Зочин
Зочин

Сэтгүүлч хүн мэдлэгтэй байх ёстойг онцолжээ

9999
9999

ер нь бол ийм зүйл болсон гэж ойлгосон дундур нь бас ньюансууд байгаа байх оросын дайн бол тусдаа асуудал 2014 онд эхлэх гэж байсан 2015 онд элбэгдорж тай хамаарал бүхий хүмүүс оюун эрдэнэ ийг гаргавал төр цэвэршинэ гэж ярвдаг байсан хүссэнээр нь болж оуюк гарсан англи улс өөртөө ашигтайгаар төмөр замаас хэмжээлэшгүй их мөнгө хийж чадсан дунд нь бас америк англи европын хамсаатнуд хятад тай өрсөлдөх гэж ковид гаргасан оюук гэрээ хийж төмөр зам явсан төсөв түүхэндээ байгаагүй их мөнгө олсон оюук жүжигээ лондондоо тавьсан биз тэгээд элбэгээч юм үү өөр нэг улс төрч нь за одоо оюукийг болий болий тэгэхгүй бол дунд нь бид бас самрагдаад дуусах гээд байна үнэ зөвийг дийлэхгүй юм байна хангалтай идлээ одоо боль гэсэн юм биш үү

Лол
Лол

Хөлсний бичээч өөрийгөө их юманд бодов

Зочин
Зочин

Ugue Chi setguulch yum chin yariulah yostoi.
Yarimaar bval ooroo oor nevteuulegt or

Зочин
Зочин

Сэтгүүл зүй нийгмийн урд явах ёстой гэдэгтэй санал нэг

Зочин
Зочин

Meddeg zuiliinhee talaar yarina gedeg hamgiin zuv

Зочин
Зочин

Редакц бодлоготой байх нь чухал юм байна

Зочин
Зочин

Setguulchid damjuulagch bish gedgiig oilgoh heregtei

Зочин
Зочин

Ёс зүйгүй сэтгүүл зүй удаан явахгүй

Зочин
Зочин

Analiz hiideg setguul zui dutagdaj bn

Зочин
Зочин

Нийгмийг дагахаас илүү чиглүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Zorigtoi baih gedeg ni uwaigui baih bish shuu

Зочин
Зочин

Setguul zui deer hariutslaga mash ih

Зочин
Зочин

Чимээгүй уншигчид байдаг гэдэг үнэн шүү

Зочин
Зочин

Unen ug helsen hund hun durgui gedeg shig

Зочин
Зочин

Редакцын бодлого тодорхой байвал ганхахгүй

Зочин
Зочин

Setguulch hun uuruu uurteigee shuumjleltei bh heregtei

Зочин
Зочин

Сэтгүүл зүйд анализ их хэрэгтэй байна

Зочин
Зочин

МОНГОЛ УЛСАД ПАРЛАМЕНТ ТЭР ЧИГТЭЭ СЭТГҮҮЛЧИД НОХОЙН ОЦГОРУУД, ЕӨК НЬ ЦЭРГИЙН БАГА ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НЬ НЭГ БОЛ УУРЫН ЗУУХНЫ КОЧКАР, НӨГӨӨ БОЛ ИХ ЗАСАГ ХУВИЙН СУРГУУЛИЙН ОЛЗ ХАЙГЧ ШУНАЛ ТАЧААЛТАНГУУД.... ХАЙРАН МОНГОЛ МИНЬ

9999
9999

та нарыг бүгдийг нь самарсан хүн нь элбэг дорж тэгээд оюукаар самруулах гэж байгаад оуюк нь өөрсдийг нь самарчихсан чинь оюузаа эргээд өөрсдөө самраад

9999
9999

ОДОО ЦАГДААТАЙ ЯВЖ БҮХ МАШИНУУДЫН ЧИНЬ ШАЛГАНА

Холбоотой мэдээ

Back to top button