Танилц: Ерөнхий сайд Н.Учралын орон тооны 13 зөвлөх

Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар ажилдаа ороод хоёр сар гаруй боллоо. Ажлын албаа цэгцэлж, ажил ид шижигнэж байх цаг хугацаа. Гэвч цөөн хэдэн томилгооноос бусад нь олны нүднээс далд өнгөрөв. Өдгөө ч Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд ахлах зөвлөхөөс нь өөр хүний мэдээлэл алга. Түүгээр ч зогсохгүй 100 хоногийнхоо босгоор давж амжилгүй иргэд, олон нийтээс шүүмжлэлд өртөж, сошиалчин поп гэх тодотголыг хэдийн хүртсэн.
Тэгвэл өөрийнх нь эрч хүчийг гүйцэж хурдтай ажиллах хүмүүстэй хамтрахаа чуулганы индрээс мэдэгдсэн Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд дараах 13 хүнийг зөвлөхөөрөө сонгожээ. Тэдний асуудлыг хэрхэн судалж, даргатаа яаж танилцуулснаас иргэдийн аж амьдрал, улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой чухал шийдвэрийн суурь тавигдана гэсэн үг.

Нэг. Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэл
Ерөнхий сайлын ажлын албаны дарга бөгөөд Ахлах зөвлөх нь Л.Дашдэмбэрэл. ЗГХЭГ-ын дарга байхаас зөвлөхийг хийсэн. Тэд нам улс төрд нэлээд эртнээс дөрөө харшуулсан хүмүүс. Тухайлбал, Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байхад Л.Дашдэмбэрэл дэд ерөнхийлөгч байв.
Түүний эрхэлж байсан ажлаас дурдвал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга. Ер нь Н.Учралыг дагаж нүүдэллэдэг.
Харин 2022 онд ХХҮЕГ-ын дарга байхдаа тус байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай хамтран төсвөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө завшсан үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан гэх “гуншин” нь түүнийг хаа ч хүрсэн дагаж нүүхээр болжээ.
Хоёр. "Ногоон автобусны" хэргээр улс төрөөс дайжсан Ж.Сүхбаатар Н.Учралын зөвлөхөөр эргэн иржээ
УИХ-ын гишүүн асан, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар Ерөнхий сайдад зөвлөдөг ажээ. Тэрбээр МУИС-ийн эрх зүйч мэргэжилтэй. "Улаанбаатар-Эрдэм" гэх хувийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүний туслах болсноор улс төрд хөл тавьсан түүхтэй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу сайдын ажил хашиж байгаад "Ногоон автобусны" гэх тодотголтой хэргээр ажлаа ч өгч, шүүх цагдаагаар явах болсноос хойш сураг алдарсан.
Ногоон автобусны хэргээсээ цагаадсан тэрбээр дүү Ж.Түвшинбаяраа сонгон шалгаруулалтгүйгээр “Геологийн Судалгаа-Шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилуулж дөнгөсөн зайтай эр.
Гурав. Улс төрийн бодлогын зөвлөх Э.Тамир
Ерөнхий сайд болох эсэх нь шийдэгдэх чуулганы үеэр хурдтай залуусаар байгаа бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан Н.Учрал Улс төрийн бодлогын зөвлөхөөрөө сонгожээ. Түүний хувьд 2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, логистикийн группийн менежер болгосон.
Тэрбээр Н.Учралыг СДМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Одоогоор түүний ажил намтар бүдэг байгаа ч цахим орчинд тун идэвхтэй нэгэн. Сошиал хурдаараа бол Н.Учралтай энэ тэнцүү.
Дөрөв. Ногоон хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Б.Булганчимэг
Б.Булганчимэг Төв аймгийн Заамар суманд уурхайн өрөмдлөгийн цооногт 3 настай хүүхэд унаж, амь эрсэдсэн хэргийн үеэр олон танигдсан. “Микрофон барьсан сэтгүүлчид уянгалаад байх биш бага насны хүүхэд эрсдэлд өртөхөд ээж, аав та хаана байв гэж асуумаар байна. Энэ тийм асуухад хэцүү асуулт уу” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь эцэг эхчүүдийн дургүйг хүргээд амжсан.
Тэрбээр Ерөнхий сайдын ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх. УИХ-ын дарга байхад нь энэ албаа хашдаг байв. Америк, Швейцарт болосвсрол эзэмшсэн аж. Мөн НҮБ-д мэргэжилтнээр ажиллаж, хөгжлийн бодлого, төслийн хэрэгжилтийн чиглэлээр, Үндэсний хөгжлийн газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Тав. Шинжлэх ухааны бодлогын зөвлөх Б.Ганбат
Б.Ганбатын тухайд түүнийг ЦХХХ-ны сайд байхаас нь зөвлөж ирсэн. Тэр цагаас хойш ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн Шадар сайд, УИХ-ын дарга гээд бүхий л албанд дагалдаж буй нэгэн. Ерөнхий сайдын шинжлэх ухаан, хөгжлийн хөтөлбөрийн асуудлыг эрхэлдэг.
Тэрбээр ЗХУ-ын боловсролын салбарын "бүтээгдэхүүн" аж. Тухайлбал, 1988-1994 онд Москвагийн Анагаах ухааны дээд сургуулийг анагаахын биофизикч мэргэжлээр төгсөж, магистрын зэрэг хамгаалсан аж. Мөн герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Хожим 2000-аад оны эхээр Японы Хирошимагийн их сургуульд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцжээ.
Намтраас нь сөхвөл, ХААИС-д эрдэм шинжилгээний ажилтан, Дархан-Уул аймгийн ЗДТГ-т Европын Холбооны “Найрамдал” төслийн менежерээр ажиллаж байв.
Зургаа. Г.Номинг дэд сайдаас нь цомхотгосон ч зөвлөхөөр дэргэдээ татав
Г.Занданшатарын Засгийн газрын үед төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилох шийдвэр гаргасан байдаг. Улмаар манай улс 16 дэд сайдтай болсон.
Харин Н.Учрал танхимаа бүрдүүлэхэд "чиг үүргийн дөрөв яам + 2" гэсэн зарчим дэвшүүлж, бусад 10 дэд сайдыг "цомхотгосон". "Цомхотголд" өртөгсдийн нэг нь Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал түүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр дэргэдээ татаад буй.
Тэрбээр дэд сайдаар томилогдох үедээ "АУ-ны докторант, эрүүл мэндийн салбарт гадаад, дотоодын 100 гаруй судалгааны бүтээлтэй" хэмээн өөрийгөө танилцуулсан нь өөрийгөө хэт дөвийлгөх гэсэн үйлдэл болсныг олон нийт хэлдэг. Тэр ч утгаараа эрүүл мэндийн салбарт "чанагдаж", эрдэм шинжилгээний ажилд "нухлагдсан" профессорууд, эрдэмтэн, судлаачдын шүүмжлэлд багагүй өртсөн.
Мөн Г. Номинг МАН-ын залуучуудын байгууллагаас дэд сайдын "квот" хүртсэн гэдэг. Тэрбээр эмч мэргэжилтэй, АУ-ны магистр, Бизнесын удирдлагын магистр. Орос, англи, япон хэлтэй шаггүй боловсролтой бүсгүй.
Долоо. УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн дүү Н.Чимгүүндарь
Н.Учралын зөвлөхүүдээс дипломат албанд чамгүй удсан нь Н.Чимгүүндарь. Тэрбээр гадаад харилцаа хариуцдаг. Түүний эгч нь УИХ-ын гишүүн асан, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь. Аав Наваан-Юндэнгийнх гавьяа зүтгэл хийгээд амьдрал намтрыг монгол түүх илүү сайн өгүүлнэ.
Н.Чимгүүндарь өмнө нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр ажилласан байсан. Н.Учрал УИХ-ын дарга болсныхоо дараа түүний Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөрөө томилсон байдаг.
Үүнээс өмнө тэр Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Бэлтгэл ажлын албаны даргаар ажиллаж байсан. Тэрбээр Гадаад хэргийн яамны атташегаас эхлээд Хөрш орнуудын газрын зөвлөх, дэд захирал, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар зөвлөх хүртэл дэвшин ажиллажээ.
Найм. 2024 оны сонгуульд хүч үзэж асан, хуульч О.Батхүү
Хуульч О.Батхүүг Н.Номтойбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Мөн одоогоос жилйин өмнө үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг 2 хувийн татварыг хүчингүй болгохыг шаардсан олон нийтийн өргөдлийг санаачлан боловсруулж, Тэрбээр Ерөнхий сайдын татварын асуудал эрхэлсэн зөвлөх аж. Дөрөвдүгээр сард томилгоо хийгдэх үеэр орон тооны бус зөвлөх хэмээн мэдээлж байсан хэдий ч тэр ЗГХЭГ-т "данстай" орон тооны зөвлөх нь байна.
О.Батхүү хуульчийн хувьд хүүхдийн хүчирхийхэл, банк санхүү, зээлийн хүү хөрөнгө гэх мэт салбар чиглэл харгалзахгүй дуугардаг идэвхтэй нэгэн. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн нь дахин сонгогдоогүй тохиолдолд нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа төрөөс авдаг хууийн заалтын асуудлаар ҮХЦ-д хандаж байсан.
Түүний эдгээр идэвх санаачилгыг улс төрийн амбиц гэх нь ч бий. Үүнийг нь нотлох шиг тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ зүтгүүлээд амжсан. Тодруулбал, Үндэсний эвслээс жагсаалтын долдугаарт бичигдэж байв. Гэхдээ сүүлд эвслээсээ татгалзсан. О.Батхүү нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөдө Уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт 20-иод жил ажиллаж байгаа аж.
Ес. Мэргэжлийн холбооноос Засгийн бүрэлдэхүүнд багтсан Г.Эрдэнэтуяа
Монгол үндэсний уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Г.Эрдэнэтуяа Ерөнхий сайдын зөвлөхөөр иржээ. Тэгэхээр Засгийн газраас санаачлаад буй стратегийн орд газар бүртэй төрийн эзэмшлийн хувийг хэлэлцэн тогтож, гэрээлэхд цаг алдах учир шууд АМНАТ-аар тооцдог болох зэрэг хуулийн төсөл түүний зөвлөгөөгөөр дамждаг байх нь.
Г.Эрдэнэтуяагийн хувьд ч стратегийн орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудлаар нэлээд дуугарч ирсэн. Тухайлбал, Г.Занданшатарын үед "Хууль өөрчлөгдөх бүрд төр дахин эзэмшил тогтоодог байх боломжгүй" хэмээн байр сууриа илэрхийлж, Засгийн газрын бодлогын эсрэг дуугарч байв.
Харин өөрөө өдгөө Засгийн газрын бүрэлдэхүүнд багатж, хууль боловсруулалгчдад зөвлөх болжээ. Хэрхэн ажиллахыг нь харах үлдэв, ялангуяа салбарынхан нь.
Арав. Н.Учралын Цахим хөгжлийн яамнаас сайдын зөвлөх хүртэл "татсан" Х. Сүрэн-Хорол
Тэрбээр 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Өөрөр хэлбэл, Н.Учралыг сайд байх үед гэсэн үг.
Мөн Н.Учрал ЗГХЭГ-ын дарга болохдоо нь Хэрэг эрхлэх газар ахлах референтээр дагуулж ирсэн. Дараа нь Тэргүүн шадар сайд болохдоо Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон байдаг. Харин спикер болоод УИХ-ын тамгын газрын хуулийн газрын захирлаар татсан байдаг.
Арван нэг. Б.Жавхлангийн "угшилтай" Б.Сүх-Очир Н.Учралд зөвлөнө
Б.Сүх-Очир өмнө нь Сангийн яаманд ажиллаж байв. Салбар мэргэжлийн тухайд ч, улс төрийн хүрээнд ч Сангийн сайд асан "Б.Жавхлангийн" угшилтай хүн гэж хэлж болно. Тэгвэл өдгөө Ерөнхий сайдын хүн болжээ.
Тэрбээр МУИС-ийг эдийн засгийн математик загварчлалаар төгсөж, Австралид эдийн засгийн онолын магистр хамгаалсан аж. Монголд ирээд тасралтгүй Сангийн яаманд ажиллажээ.
Тодруулбал, Сангийн яамны Төрийн сангийн газар, Дотоод Ауит, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга, газрын даргаар 2005-2022 онд ажиллаж байв.
Арван хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л. Мөнхзул
Ерөнхий сайд зөвлөхөөр ирээд буй Л.Мөнхзул өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Г.Занданшатарын Засгийн газрын үед буюу 2024 оны долдугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон байдаг.
Тэрбээр өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ. Н.Учралд нийгмийн хамгаалал, даатгалын тогтолцооны талаар зөвлөх бололтой.
Арван гурав. ЦХХХ-ны сайд асан Н.Учралын цахим бодлогын зөвлөх С.Тэнгис
С.Тэнгис түүнийг парламентаас дагаж ирсэн. Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллаж байхад Засаглал, цахим бодлогын зөвлөх нь байв. Чөлөөлье санаачилгынх нь авторуудын нэг гэж хэлж болно. "Зөвшөөрлийн тоог бууруулж, хугацааг сунгаж, эрсдэлийн үнэлгээг сайжруулснаар бизнесийн орчныг хүнд суртлаас чөлөөлнө" хэмээн уулзалт хэлэлцүүлэгт ярьж явсан нэгэн.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 зөвлөхтэй байхаар ажил нь илүү сайжрах уу гэдэг л сонин байна
Төрийн мөнгөөр олон зөвлөх тэжээж байгаа юм биш биз
Зөвлөхүүдийн ажлын тайланг ил тод тавьдаг болоосой
Зөвлөх олон байхаас илүү зөв хүнээ сонгосон эсэх нь чухал даа
Хуучин хүмүүсээ л тойруулж авчирсан юм биш үү
100 хоног хүрэхээсээ өмнө үр дүнгээ харуулах хэрэгтэй
Мэргэжлийн хүмүүс байвал зөвлөх олон байсан ч яах вэ
Зарим нэр нь өмнөх маргаантай асуудлуудаар их сонсогдож байсан хүмүүс байна
Иргэдэд хэрэгтэй шийдвэр гарахад л зөвлөж чаддаг байгаасай
Оюундарь Чимгүүндарь нар нэр төр олох гэж төрсөн эцгээрээ бус, өвөг эцэг Наваан-Юндэнгээрээ овоглосон гэж дээх нь уншсан. Төрсөн эцэг нь ямар хүн байдаг бол доо хөөрхий
Томилгоо бүр дээр л танил талын асуудал яригдах юм даа
Нэрсийг нь ил болгосон нь зөв алхам байна
Олон зөвлөхтэй ч үр дүнгүй байвал ямар хэрэг байх вэ
Засгийн газрын ажлыг түргэсгэж чадвал дэмжинэ
Шинэ санаа гаргаж чаддаг хүмүүс байгаа гэж найдаж байна