Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин БНАСАУ дахь айлчлалаараа цөмийн зэвсгийг дурдаагүй нь Ким Жон Уны хувьд ялалт болов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваагаас /2026.06.08/ мягмар гарагт /2026.06.09/ Хойд Солонгост айлчилж тус улсын удирдагч Ким Жон Унтай хэлэлцлээ. Хамгийн сүүлд Ши Жиньпин 2019 онд БНАСАУ-д айлчилсан билээ. Тавдугаар сард тэрбээр Бээжинд Доналд Трамп, Владимир Путин нарыг хүлээн авч уулзсаныхаа дараа гадаадад хийж буй анхны айлчлал нь энэ байв.

Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагч улс төр, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Энэхүү уулзалтаар хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээлээ гэж Хойд Солонгосын төрийн өмчит “KCNA “агентлаг мэдээлсэн байна. Тус агентлаг мэдээлснээр талууд улс хооронд өндөр түвшний албан тушаалтнуудын айлчлалыг нэмэгдүүлэх замаар стратегийн харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцсон аж.

Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань, Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу нар бусад өндөр албан тушаалтнуудын хамтаар Хятад, Хойд Солонгосын дуу бүжгийн тоглолтыг үзжээ. Тоглолт дээр дуулсан дуунууд нь БНАСАУ-БНХАУ-ын найрамдлын үнэ цэнэ, ойр дотно харилцааг харуулсан гэж “KCNA” мэдээлсэн юм.

Хойд Солонгос бол БНХАУ-ын цорын ганц албан ёсны холбоотон улс билээ. Айлчлалыг тохиолдуулж Хойд Солонгос хоёр улс найрамдлын гэрээ байгуулсны 65 жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулсан юм. Тэрхүү арга хэмжээний үеэр Ши Жиньпин Хятад, Хойд Солонгосын харилцаа түүхэн шинэ гарааны цэгт хүрсэн гэж хэлсэн байна. Мөн Ши Жиньпин хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлжээ.

БНАСАУ-ын эрх баригч нам боловсон хүчнээ бэлтгэдэг улс төрийн сургуулийн цэцэрлэгт хоёр улсын удирдагч хамтдаа гацуур мод тарьжээ. Шинхуа агентлаг энэ талаар мэдээлэхдээ, тус мод нь үргэлж шинэчлэгдэн бэхжих нөхөрлөлийг бэлгэдэж байгаа явдал гэсэн юм.

Айлчлалын эхний өдөр төрийн зоог барих ёслол явагдаж, Ши Жиньпин Ким Жон Унтай нөхөрлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж “KCNA” мэдээлжээ. Мөн Бээжин хоёр улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах амлалтаасаа буцахгүй гэж тэр хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: Xinhua

Ким Жон Ун олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Бээжингийн баримталдаг “Нэг Хятад” бодлогыг бүрэн дэмжинэ гэж Ши Жиньпинд хэлсэн байна. “Нэг Хятад” бодлогын дагуу Бээжин Тайванийг улсынхаа бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг билээ.

Талууд ийм найрсаг мэдэгдэл гаргасан ч шинжээчид албаны мэдээллүүдээс хоёр улсын зорилго, ашиг сонирхол нь зөрүүтэй байгааг олж харсан юм. Шинхуа агентлаг худалдаа, хөдөө аж ахуй, тээврийн харилцааг сэргээх талаар хэлэлцсэнд ач холбогдол өгч мэдээлжээ. Харин Хойд Солонгосын “KCNA” агентлаг дээд хэмжээний уулзалтыг эн тэнцүү түншүүд хэлцэл хийсэн тохиолдол хэмээн харуулсан гэж шинжээчид хэлэв.

Өмнөд Солонгосын Кённам их сургуулийн профессор Им Ыл Чул хэлэхдээ, Пёньян дэглэмийнхээ нэр хүнд болон хөрш орнуудын онцгой харилцааг чухалчилсан бол Бээжин улс хоорондын практик харилцаа, олон улсад эхлүүлсэн санаачилгуудаа онцолсон гэсэн юм.

БНСУ-ын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин "Хойд Солонгос өөрсдийгөө хэн нэгнээс хамааралтай, тусламж авдаг тал мэт харагдуулах хүчин зүйлсийг хасаж, харилцаагаа эрх тэгш, ижил түвшнийх болгон өөрчилж харуулсан" гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ "Тэд АНУ-ын эсрэг болон Тайваньтай холбоотой мэдэгдэл гаргаж, Бээжинтэй эв санааны хувь нэг гэх мессежээ илүү тодотголоо. Мөн БНХАУ-аас хараат, хамааралтай байдалтай биш гэх мессежийг илэрхийллээ" гэсэн байна.

БНХАУ бол Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш юм. Тодруулбал Хойд Солонгос гадаад худалдааныхаа 95 хувийг Хятадтай хийдэг. Мөн Хойд Солонгос экспортынхоо 85 хувийг Хятад руу гаргадаг юм. БНАСАУ дотооддоо газрын тос үйлдвэрлэдэггүй учир шатахуун гэх мэт эдийн засагт амин чухал түүхий эдээ Хятадаас худалдаж авдаг билээ.

Тавдугаар сард Трамп Ши Жиньпин нар уулзсаны дараа АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл хийхдээ хоёр улсын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх хамтын зорилгоо бататгасан гэсэн юм.

Зургийн эх сурвалж: Xinhua

Ши Жиньпин Хойд Солонгост айлчлахаас өмнө Ким Жон Уны дүү Ким Ёо Жон хэлэхдээ, АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэл бол үндэслэлгүй худал мэдээлэл гэсэн юм. Мөн тэрбээр “Цөмийн зэвсэгтэй улс гэх бидний статус бол туйлын, хөдөлшгүй шугам. Бусад хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарах, маргаангүй бодит байдал” гэжээ.

Хойд Солонгосын хэвлэлүүд дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн эсэх талаар мэдээлээгүй юм. 2019 онд Ши Жиньпин Хойд Солонгост айлчлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг Бээжин дэмжинэ гэж хэлж байсан билээ. Энэ удаа Ши Жиньпин цөмийн зэвсгийн талаар үг хэлээгүй нь Ким Жон Уны хувьд томоохон ялалт байж магадгүй юм.

Профессор Им Ыл Чул цөмийн зэвсгийг дурдаагүй талаар “Бээжин Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй улс хэмээн чимээгүйхэн хүлээн зөвшөөрч, АНУ, БНСУ болон Японыг сөрөх батлан хамгаалахын холбоо Хойд Солонгостой үүсгэх сонирхолтой байж магадгүй” гэжээ.

Харин Сингапурын Үндэсний их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Жа Иан Чон хэлэхдээ, энэ сэдвийг дурдаагүй нь Бээжин энэ айлчлалыг зөвхөн хоёр улсын хоорондын харилцааны хүрээнд байлгахыг хүсэж байгааг харууллаа хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters, BBC, DW

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад Хойд Солонгосын цөмийн асуудлыг энэ удаа зориуд хөндөөгүй бололтой

Зочин
Зочин

Хятад Хойд Солонгосын цөмийн асуудлыг энэ удаа зориуд хөндөөгүй бололтой

Зочин
Зочин

Ким Жон Уны хувьд дипломат ялалт гэж харагдаж байна

Зочин
Зочин

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь илүү чухал болсон байх

Зочин
Зочин

Цөмийн асуудал яригдаагүй нь олон улсын анхаарлыг татах нь гарцаагүй

Зочин
Зочин

Хятад өөрийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Хоёр улсын харилцаа улам ойртож байгаа дүр зураг харагдлаа

Зочин
Зочин

БНАСАУ өөрийгөө хараат бус түнш гэдгээ харуулахыг их хичээжээ

Зочин
Зочин

Hyatad ene udaa tsumiin asuudlaas iluu hariltsaandaa anhaarsan yum shig

Зочин
Зочин

Kim Jong Unii huvid nileen tom diplomatiin amjilt boljee

Зочин
Зочин

Geopolitikiin huvid ih sonirholtoi uulzalt bolj ungurluu

Зочин
Зочин

Geopolitikiin huvid ih sonirholtoi uulzalt bolj ungurluu

Зочин
Зочин

ANU bolon busad ornuud ene medegdliig yaj huleej avah bol

Зочин
Зочин

Hoyor tal bie bienee iluu ih demjih dohio ugch baina

Зочин
Зочин

Tsumiin sedev yariagui gedeg ni olon zuiliig helj ugj baina

Зочин
Зочин

Pyonyan uuriiguu tentsuu tunsh gej haruulahig hicheesen ni ilt

Холбоотой мэдээ

Back to top button