УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Б.Өлзийбат: УИХ сонсголын мөрөөр ажилладаггүй, зохион байгуулсан болоод өнгөрдөг

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж буй. Сонсголын эргэн тойрон дахь дэлгэрэнүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Шууд дамжуулалт:

https://www.facebook.com/share/v/18tczxSver/

Нэмэлт 12:00 цаг

Сонсголд оролцогч иргэд, ААН-ийн төлөөлөл байр сууриа илэрхийлж үг хэллээ. Тухайлбал, Барилгачдын нэгдсэн холбоог төлөөлж иргэн Б.Өлзийбат "НИТХ-ын төлөөлөгчид нь бүгд баасан дээр суусан ялаа шиг Засаг даргаа тойроод бүччихээд, иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллахгүй байна. Нийслэлийн төрийн байгууллагууд маш их данхайсан. Барилга, хот төлөвлөлттэй холбоотой 70 гаруй байгууллага байна. Ажил хийчихээд санхүүжилтээ авч чадахгүй байгаа явдал байна. Үүнд НИТХ анхаарах хэрэгтэй. Хянаж шалгах нь тусдаа, ажил үргэлжлэх хэрэгтэй. Би дөрөв дэх удаагаа сонсголд сууж байна. УИХ-ын Тамгын газар хуульд заасан чиг үүргээ биелүүлж сонсголоор хэлэлцсэн яригдсан бүх материалыг ил тод байршуулахгүй байна. Өмнөх сонсголуудын мөрөөр ажиллахгүй байна. Тийм учраас иргэд сонсгол болж л байдаг, болоод дуусдаг гэдэг хандлагатай боллоо" гэлээ.

Нэмэлт 11:30 цаг

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтыг хянах сонсголын үеэр хотын дарга Б.Пүрэвдагва хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Мега төслүүдтэй холбоотой хууль хүчний байгууллагуудын шалгалт явж байгаа. Дүгнэлт, сүүлийн зөвлөмж гарснаас хойш төсөвт суусан мөнгийг дураараа хөдөлгөх боломжгүй. Нөгөөдөр оруулж ирэх нийслэлийн төсвийн тодотгол бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан, шатахууны үнийн өсөлттэй холбоотой зэрэг арга хэмжээнүүд туссан байгаа. Таналт хийх төсвийн тодотгол наймдугаар сард орно. Ер нь бол 16 мега төслийг эрэмбэлчихсэн байгаа" гэв.

Мөн нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах шилэн дансны шинэ платформ зургаадугаар сарын 25-нд орж байгаа. 2.4 их наядын алдагдал ойлгож болохгүй. Энэ бол үнэт цаасаар босгосон тухайн төсөлд зориулсан мөнгө. Төлөвлөгөөт хугацаагаар бондын эргэн төлөлтөө хийгээд явж байгаа. Дүүжин тээврийн эхний трасс буюу Яармаг-Хархорин чигэлэл есдүгээр сараас туршилтын зорчилт хийнэ гэлээ.

Нэмэлт 11:00 цаг

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтыг хянах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва болон Сангийн сайд З.Мэндсайхан нар танилцуулга хийлээ.

З.Мэндсайхан "Улсын нэгдсэн төсөв дээр нийслэлийн зөвхөн орлогын заалт үлдээд бусад нь төсвийн хуулиас гараад явчихсан. Тэгэхээр Төсвийн тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг эргэж харах шаардлага үүссэн. Оны төгсгөл рүү механик зохицуулалт хийхээс өөр аргагүй болно. Одоогоор нийслэл 2.5 их наядын гадаад болон дотоодын үнэт цаас гаргасан байна. Тухайлбал, УИХ-ын 2024 оны 17-р тогтоол, Засгийн газрын 265 –р тогтоол үндэслэн Сэлбэ дэд төд түшиглэсэн орон сууцжуулалтын төсөл дээр 500 сая ам.долларын бонд гаргасан. Бондын эргэн төлөлт ирэх жил хугацаа нь дуусна. Нийслэлийн гаргасан бонд болон дотоодын үнэт цаас нь Засгийн газрын өр дээр улсын төсөвт бичигдээд явж байгаа. Төлөлтөд эрсдэл үүсвэл Засгийн газар хариуцаж төлөх зохицуулалттай" гэв.

Нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах ерөнхий сонсгол эхэллээ

10:30 цаг

УИХ-аас зохион байгуулж буй "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ. Сонсголыг 09:00 цагт эхлүүлэхээр товлосон ч ирцийн улмаас 10:30 цагт эхлэв.

Иргэдээс нийслэлийн төсөв, мега төслүүдийн зарцуулалтыг сонсохыг хүссэн тул энэхүү сонсголыг зохион байгуулж байгаа гэдгийг хурал даргалагч тэмдэглэв. Нөгөө талд АТГ, ЦЕГ газар зэрэг хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн мега төслүүдийг бүхэлд нь шалгаж буй.

Ийнхүү Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үеийн төсөв, төслийг нягтлан шалгах сонсгол эхлэв. Сонсголыг энэ сарын 15, 16-нд Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж буй.

Тус сонсголд 100 гаруй хүн оролцох бөгөөд одоогоор хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ирээд байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button