УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн өмчит, өмчийн оролцоот компаниудын удирлагад хамгийн олон суудал эзэлдэг НИТХ-ын 19 төлөөлөгч

Сүүлийн үед НИТХ-ын чадамж, бүрэн эрхийн асуудал цөөнгүй хөндөгдөж байна. Ялангуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг хурлаасаа нэр дэвшүүлж, хэлэлцүүлж чадалгүй, намын УЗ-өөс оруулж ирсэн Б.Пүрэвдагвыг автоматаар баталсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь, аливаа ИТХ тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй юм.

Тэгвэл УИХ-аас зохион байгуулж буй нийслэлийн төсвийн Хяналтын ерөнхий сонсголын эхний өдөр буюу өчигдөр НИТХ-ынхан чихнээсээ хонх уяулж, хэдэнтээ нэрээ цоллууллаа. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ дарга, гишүүнээр ажиллаж байгааг дурдсан.

Харин НИТХ-ын Ажлын албаны дарга энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй хэмээн тайлбарласан юм. Тэгвэл НИТХ -ын бүрэн эрх, хуулиар хүлээсэн чиг үүрэг хийгээд гурваас дээш байгууллагын ТУЗ-ын дарга, гишүүнээр ажилладаг НИТХ-ын 19 төлөөлөгчийн мэдээллийг хүргэе.

НИТХ гэж чухам ямар байгууллага вэ гэдгээс асуудлыг хөвөрдье. НИТХ бол сонгуулийн үндсэн дээр бүрддэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Энгийнээр тайлбарлавал, хотын иргэдийн өөрсдөө сонгож байгуулдаг, нийслэлийн түвшний УИХ. Харин өөрөө удирдах ёс гэдэг бол иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу өөрийн төлөөллийн байгууллага, амьдарч буй орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, чадамжтай байхыг хэлнэ.

Энэ тухай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1-т "ИТХ нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн" хэмээн заасан байдаг.

Тэгэхээр НИТХ бол нийслэлийн иргэдийн төлөөллийн ардчиллын зарчмыг хангах хамгийн ойр хувилбар байх нь. Бид саналаа өгч сонгосон төлөөлөгчдөө шаардлага тавих, тэднээр дамжуулан нийслэлийн төлөвлөгөөнд саналаа өгч, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжтой гэсэн үг.

П.Сайнзориг гишүүний "Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмыг үнэхээр хольж хутгаж байна. Өнөөдөр нийслэлийн асуудлыг УИХ дээр хэлэлцэж байна. Цаашлаад 21 аймгийн удирдлагыг дуудаж, загнадаг хүмүүс болох нь. Бүх асуудлыг УИХ дээр төвлөрүүлж, 126 гишүүн удирдана гэдэг сэтгэлгээнээсээ салах ёстой" гэсэн нь дээрх агуулгыг хөндөж буй.

Түүнчлэн бусад оролцогчдын НИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, нийслэлийн төсөв, төлөвлөгөөг батлахдаа нягталж, өөрөө удирдах байгууллагын зарчмаар шүүж чадаагүй гэдэг шүүмж ч үнэний ортой.

Шинжээчийн дүгнэлт: НИТХ-ын 43 төлөөлөгч нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж нийт 104 суудал эзэлж байна. Эдгээр албан тушаалын 62.5 хувь 19 төлөөлөгчид төвлөрсөн.

5 байгууллагын ТУЗ-д дарга гишүүнээр ажиллаж буй НИТХ -ын төлөөлөгчид:

  1. Г.Батзориг - Саяхан Хотын ерөнхий менежерийн ажлаа өгсөн. Өдгөө Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар ажиллаж буй.
  2. Т.Даваадалай - Нийслэлийн Засаг даргын I орлогч асан. Өдгөө Туулын хурдын зам, тойрог I замын төслийн явцад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй.

4 байгууллагын ТУЗ-д дарга гишүүнээр ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгчид:

  1. А.Амартүвшин - Нийслэлийн Засаг даргын II орлогч асан. Одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва түүнийг нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар томилоод буй.
  2. С.Даваасүрэн - Багануур дүүргийн ЗДТГ-ын орлогч, дүүргийн ИТХ-ээр ажиллаж байгаад нийслэлд ирсэн. НИТХ-ын тэргүүлэгч.
  3. Т.Батцогт -НИТХ дэх АН-ын төлөөлөгч. БЗД-ээс НИТХ-д сонгогдсон. 2020 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж.
  4. З.Төмөртөмөө - Б.Пүрэвдагва Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг нийслэлийн Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч болгосон. Түүний оронд З.Төмөртөмөө очихоор яригдаж буй.

3 байгууллагын ТУЗ-д дарга гишүүнээр ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгчид:

  1. Д.Ихбаяр -А.Баярын дараа НИТХ-ын даргаар өнгөрсөн тавдугаар сарын 1-нд томилогдсон
  2. Л.Ариунтуяа - Нийслэлийн Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар томилогдсон.
  3. Ж.Батбаясгалан -НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
  4. Ц.Баттөр - СХД-ээс нийслэлийн төлөөлөгч болсон. 2020 оноос хойш НИТХ-д сууж байна.
  5. Ч.Батзориг - 2024 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.
  6. Б.Мөнхбат -Нийслэлийн Засаг даргын I орлогчоор Т.Даваадалайн оронд ирсэн.
  7. Ч.Мэндбаяр - Хотын дарга Б.Пүрэвдагва хотын ерөнхий менежерээр томилоод буй.
  8. Б.Мягмар - Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга асан. 2020 оноос НИТХ-д сууж байгаа. Хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
  9. Т.Отгонболд - Багахангай дүүргээс НИТХ-д сонгогдсон.
  10. Б.Сэмжидмаа - БГД-ийн Иргэдийн хурлаас нийслэлийн төлөөлөгч болсон. Сая Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар томилогдсон.
  11. Б.Хуягбаатар - СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан.
  12. Э.Энхтөр 2012-2016 онд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Асгат ОНӨААТҮГ-ын захирал асан. 2024 оноос нийслэлд ирсэн.
  13. Л.Хосбаяр -2024 онд богино хугацаанд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Үүний өмнө 2023-2024 оны долоодугаар сар хүртэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайчууд

уншигч
уншигч

Засаг даргынхаа харъяа байгууллагын бүтэцэд удирдах ажил хийж байгаа нөхөд засаг даргынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй харин өөрсдөө зохион байгуулалттайгаар хамтарч нийтийн хөрөнгөнөөс завших вэ гэж ажиллах байхдаа. Бүгд бие биендээ барьцаалагдсан учир өөрсдөө цатгалан байвал нийслэлийн ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах асуудал ёстой зуу дахь асуудал нь байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button