Профессор Стефан Мерл: Украины дайныг төгсгөл хайхгүйгээр цааш үргэлжлүүлж байна

ХБНГУ-ын түүхч, Зүүн Европын түүхийн судлаач, Билефельдийн их сургуулийн профессор, доктор Стефан Мерл Монгол Улсад хүрэлцэн ирж, Украины өнөөгийн мөргөлдөөн, түүний түүхэн шалтгаан, үндсэрхэг үзлийн дахин сэргэж буй үзэгдэл болон Европын Холбооны ирээдүйн хэтийн төлөвийн талаар лекц уншлаа.
Стефан Мерл нь Зүүн Европын түүх, ЗХУ-ын нийгэм, эдийн засгийн түүх, улс төрийн харилцаа, үндсэрхэг үзэл болон Зөвлөлтийн үеийн нийгмийн хөгжлийг олон жил судалсан эрдэмтэн юм.
Тэрбээр “Украины мөргөлдөөн: шалтгаан, мөргөлдөөнийг дуусгах стратеги, үндсэрхэг үзлийн дахин сэргэлт ба Европын Холбооны ирээдүй” сэдэвт лекц тавьсан бөгөөд энэхүү лекцэд ЗХУ задран унасантай холбоотой шийдэгдээгүй асуудлууд, Украины тусгаар тогтнолын үйл явц, Крым, Майдан, Орос-Украины харилцаа, дайны цаашдын үр дагавар зэрэг асуудлыг түүхэн өнцгөөс авч үзлээ.
Доктор Стефан Мерл энэхүү судалгаандаа Украины мөргөлдөөнийг зөвхөн өнөөгийн улс төрийн үйл явдал бус, ЗХУ задран унаснаас хойш үүссэн урт хугацааны түүхэн, улс төр, үндэсний асуудлуудын хүрээнд авч үзсэн байна.
Eguur News агентлаг доктор Стефан Мерлээс Украины дайнтай холбоотой асуултууд тодруулсан юм.
Цэргийн мөргөлдөөнүүд ихэвчлэн тохиролцоонд хүрч дуусдаг. Цэргийн хүчээр бүрэн ялж дуусах нь ховор байдаг. Украйны дайныг яриа хэлэлцээний замаар дуусгахад саад болж буй хамгийн том хаалт нь таны бодлоор юу вэ?
Тийм ээ тохиролцоонд хүрч дуусдаг нь үнэн. Гэхдээ энэ мөргөлдөөнийг дуусгах боломж 2022 оны дөрөвдүгээр сард байсан. Тэр үед хэлэлцээ хийгдэж, мөргөлдөөнийг эцэслэн зогсоох боломжтой байв. Дайн үргэлжлэх тусам зогсооход улам бүр хэцүү болдог. Яагаад гэвэл хоёр тал хоёулаа ялалтын тухай бодсоор байна. Тиймээс нөхцөл байдлыг буцаан яриа хэлэлцээний түвшинд авч очих шаардлагатай. Би одоогоор тийм нөхцөл байдал үүссэнийг харахгүй байна. Украины дайныг төгсгөл хайхгүйгээр цааш үргэлжлүүлж байна
АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Ратклифф НАТО руу халдаж болохгүйг Кремльд сануулахаар Москвад очсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Кремль НАТО руу халдаж, тэднээс хариу үйлдэл авах нь Москвад ард иргэдээ мөргөлдөөнд нэгтгэх нөлөө үүсгэхэд тус болно гэж та бодож байна уу?
Ратклифф Москвад юу хийхээр очсоныг бид мэдэхгүй. Эдгээр мэдээллийг шууд хүлээн авч болохгүй. Харин Ираны дайнтай холбоотой байх магадлал илүү өндөр. Энэ бол зүгээр л таамаглал. Тэд ямар сэдвээр ярьсан талаар ямар ч мэдээлэл бидэнд байхгүй, бас тэд энэ талаар мэдээлэл өгөх сонирхолгүй байгаа. Миний хэлж чадах зүйл гэвэл энэ л байна. Энэ асуултад шууд хариулах боломжгүй. Тиймээс би үүнийг Украйнтай холбоотой гэж харахгүй байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.