Б.Найдалаа: Эрчим хүчний хараат байдлаас гарах гэж хичээж байна. Одоогийнхоороо бай гээд байгаа юм уу
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдлаа "Хараат бус байдлыг арилгаж, системээ найдвартай байлгах, өвлийн оргил ачааллыг давахын тулд бидэнд нэмэлт эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл гацаагчдаас болж станцаа барьж чадаагүй, эрчим хүчний дутагдалтай байгаа. Эрчим хүчний салбарын эргэлзээгүй хийх ёстой, гацаагчдаас айхгүйгээр урагшлуулах ёстой бодлого бол гаднаас авч байгаа импортыг багасгах. Бүр үгүй хийх. Энэ зорилгоор БНХАУ-аас 80 мВт хүртэлх эрчим хүчийг худалдан авах боломжтой байгууламжийг саяхан ашиглалтад оруулсан. БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбогдож чадлын дутагдлаа нөхнө. М.Энхцэцэг гишүүний яриад байгааг ойлгохгүй байна. Зориудаар тэр мэдээллийг хийсэн байх.
Одоо бид эрчим хүчний 100 хувийн хамааралтай байгаа. Тэр хамаарлыг байхгүй болгох дээр ажиллах гээд байна шүү дээ. Гэтэл одоогийнхоороо бай гээд байгаа юм уу.
Тавантолгойн ЦС 2012 оноос хойш ярьсан. Бүтсэн юм нэг ч байхгүй. Мөн олон улсын хандлага, хөрөнгө оруулагчдын байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Хөрөнгө оруулалт авах нь маш хэцүү болсон. Одоо бид тэр бүтэхгүй станцын тендер, маргаан, шүүхдэхийг нь хүлээгээд суух юм уу. Жилдээ 150 сая ам.доллар алдаад суух уу. Тэгж байхад асар их байгаа сэргээгдэх эрчим хүчээ ашиглаж нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад, эртхэн станцаа барьж, төслүүдээ урагшлуулах хэрэгтэй. Ингэж байж алдаад байгаа валют, гаднаас импортолж байгаа эрчим хүчээ нөхөх нь буруу юу. Үүнийг гайхаад байна. Одоогоор нээлттэй сонгон шалгаруулалтад 10 компани оролцох хүслээ илэрхийлчихсэн байгаа. Үүнээс тав нь оролцох материалаа өгч, баталгаажуулсан. Мэдээлэл нь ил тод явж байгаа. Олны өмнө үнээрээ ил тод өрсөлдөнө.
Өвөл тог тасрах эрсдэл бол бий. Гэхдээ хязгаарлалт хийхгүй байх тал дээр арга хэмжээг авч ажиллана. Засвар үйлчилгээ хийх, осол гаргахгүй байх дээр анхаарна.
2026 оны төсвийн тодотголд 200 тэрбумыг татаас хэлбэрээр суулгасан байгаа. Энэ нь хоёр зорилготой.
- Нэгдүгээрт. Хүнд нөхцөлд эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр ард иргэдэд очих дарамтыг бууруулах зорилгоор татаасыг олгож байгаа.
- Хоёрт. Эрчим хүчний салбарт 350 тэрбумын ажил хийх ёстой байгаа ч төсвийн дутагдалтай, тариф бага байгаагаас шалтгаалж үүнийг хийж чадахгүй байгаа. Иймд татаасаас 93 тэрбумыг засварт тусгасан.
Мөн ДЦС 3 дээр хоёр генератор засвартай байгаа. Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн жил тус станц дээр осол гарч, эвдэрсэн. Үйлдвэрлээд, авч ирээд, суулгах хугацаа 2028 оны хоёр сар. Өвлийн оргил ачаалалд оролцохгүй гэсэн үг. Харин долоодугаар генераторын хувьд 12 сард ажиллана. Энэ жилийн оргил ачаалалд орно.
Сая долоодугаар сард эрчим хүчний салбарынхны цалинг 10 хувиар нэмсэн. Дундаж нь 4 сая болсон. Энэ бол оцойтол их цалин биш. Гэхдээ уул уурхайн салбарын дараа жагсах цалин шүү. Цаашид залуу инженер, мэргэжилтнүүдийг дэмжих цалингийн тогтолцоог бий болгоно" гэлээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.