ХЗДХ-ийн сайдын асуудал болон улсын төсөв хэлэлцэх ээлжит чуулганы ирц 44.4 хувьтай байна

Чуулганы хуралдаан 14.00 цагт эхлэхээр товлосон ч одоогоор ирц 44.4 хувь буюу 56 гишүүн ирцэндээ ороод байгаа юм. Одоо дахиад найман гишүүн ирцэндээ орох хэрэгтэй байгаа бөгөөд 64 гишүүн болсон тохиолдолд чуулган эхэлнэ.
30/38-аараа талцаж хуваагдсан эрх баригч МАН-ын бүлгийнхийг чуулгандаа суухыг “урьж” УИХ-ын дарга С.Бямбацогт “Нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ гэж өргөсөн тангарагтай УИХ-ын гишүүд ажлаа хийх ёстой. Хэрэв төрийн албан хаагчид, хувийн хэвшил, албан байгууллагын ажилтнууд ажлаа хийхгүй нэг өдөр тасалбал юу болох билээ. Гэтэл ард түмний элч болж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон гишүүд ажилдаа ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Улстөржилтөөс давсан улс орны эрх ашиг гэж бий. Төсвөө хэлэлцэж, асуудлуудаа шийдээд явах ёстой. Удахгүй өвөл боллоо, ард иргэдийн амьдрал ахуй, цаг үеийн нөхцөл байдал биднийг хүлээхгүй” хэмээв.
МАН-ын бүлгийн 30-ийн талаас С.Амарсайхан гишүүн өнөөдөр чуулганы хуралдаандаа оролцоно гэж мэдэгдсэн. Харин Б.Баярбаатар гишүүн “Л.Энх-Амгалан сайд биднээс эр хүн шиг албан ёсоор уучлалт гуйх ёстой. Тэр болтол чуулганы хуралдаанд суухгүй” хэмээн гоморхов. 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайдын ээжийн нэр дээрх сургуульд ₮3.5 тэрбумыг олгохоор төлөвлөсөн байсныг илчилсэн эксел файлыг зориуд “үйлдэж, задалсан” түгжил хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан саяхан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Саранчулуун нарыг нэр цохон хэлсэн билээ.
Одоогоор 30-ийн талаас Ц.Сандаг-Очир нарын зэрэг 7-8 гишүүн ирцэндээ ороод байгаа бол ХҮН намын гишүүдийн олонх нь мөн чуулганы хуралдаанд оролцохоор бүртгүүлжээ.
УИХ-ын гишүүний гол ажил үүрэг бол хууль тогтоох билээ. Гэтэл бүтэн сарын өмнө Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол буюу арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, олон жил ажилласан ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг ч парламент хэлэлцэхгүй, 2027 оны төсвийн төсөл бол бүр “мартагдаад” байна.
МАН-ынхан пүрэв гарагаас хойш чуулгандаа суухгүй ажил тасалж буй бол АН-ын бүлэг төсөвтэй холбоотой асуудлаар завсарлага авсан нь дуусаад буй ч өнөөдрийн чуулганд Д.Ганбат гишүүнээс бусад нь нэрээ өгч ирцэндээ ороогүй л байна.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud