"Эпштейний сонсгол"-оор Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нүүрийг улалзуулах уу
Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг.
Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг |2026.10.07|-нд зарласан.
Сонсгол санаачлагч Б.Баярбаатар "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ч.Сайханбилэг нар оролцож болно. Гэхдээ түр хорооны сонсгол биш учир гэрчээр дуудахгүй. АНУ-ын Хууль зүйн яам руу бичиг явуулсан. Энэ сонсгол зөвхөн иргэдэд мэдээлэл өгөх зорилготой” гэв. Тэгвэл Эпштейний гэх тодотголтой сонсголоор Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нүүрийг улалзуулах уу, эсвэл дашин шог болж хоцрох уу гэдэг асуулт хэвээр үлдэнэ.
Ямартай ч Эпштейний хэрэг Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай ийн холбогдсон.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жирийн нэг танилын холбоотойгоос илүү нь Эпштэйнтэй харилцсан и-мэйлүүдээс нь харагддаг. Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн и-мэйл зардарсны дараа олон мянган хувийн зураг, захидал, шуудан ил болсон бөгөөд тэр Эпштэйнтэй тун ойр харилцаатай байсан нь үүгээр гэрчлэгдсэн юм.
Дээрх и-мэйлд Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржид Олон Улсын энх тайвны институт гэх байгууллагаас зөвлөгөө үзүүлэх баг гаргаж өгсөн бөгөөд гадаад дотоодын экспертүүд багтсан байжээ. Ингэхдээ уг зөвлөх багт Эпштэйн, Эхуд Барак нарын нөлөөлөл өндөр байсан байж болзошгүй.
2013 онд Барак Монголд айлчилж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсанаас гадна батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнуудтай мөн уулзжээ. Ингээд энэ ондоо Барак Нью-Йорк хотноо Эпштэйний гэрт уулзалт зохион байгуулсныхаа дараа дээрх зөвлөх баг нь Монголын гол салбаруудад гадны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой талаар и-мэйлд бичигдсэн байв. Баракийг Монголд айлчлах үеэр Олон Улсын энх тайвны институт гээчийн ерөнхийлөгч Терье Рюп Ларсен мөн Монголд айлчилж таарсан бөгөөд Нью-Йорк дахь Эпштэйний гэрт уулзсан уулзалтад ч мөн байсан аж.
Баракийн хүсэлтээр Израилийн төрийн өмчит “Israel Weapon Industries” компанийн гүйцэтгэх захиралын зүгээс тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд "жерико" загварын гар буу хүртэл бэлэглэсэн нь задарсан файлууд дунд байв. Бууг дурсгахдаа хайрцаг дээр “Найрсаг нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үнэлсний илэрхийлэл болгож” хэмээн бичсэн аж.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Харин Х.Баттулгатай ингэж холбогддог.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй и-мэйлээр тогтмол харилцдаг байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр АНУ руу гарснаас хойш эргэн эх орондоо ирээгүй. Зарим эх сурвалжуудад түүнийг АНУ-ын иргэн болсон хэмээн бичсэн байдаг.
Ч.Ганбат нь Х.Баттулгын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессийг нэгд нэгэнгүй тайлагнахаас гадна улс төрийн албан шийдвэр, Монголд оффшор бүс нээх, криптовалют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьснаас гадна Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг. Хариуд нь Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.
Эдгээр задарсан файл болон и-мэйл, гэрэл зургууд нь Эпштэйнтэй харилцаж байсан тэдний бүрэн мэдээлэл биш бөгөөд хэдий хэр хугацаанд ямар байдлаар хамтран ажиллаж, харилцаагаа ямар шатанд гүнзгийрүүлсэн зэрэг нь учир битүүлэг үлдэж буй.
Өөр бусад улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштэйнтэй холбоотой нь илчлэгдсэний дараа тэднийг тухайн улсынх нь хуулийг байгууллагууд шалгаж эхэлсэн билээ.
Монголд төрийн тэргүүнээс гадна бүхэл бүтэн улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлж ирсэн хоёр ч хүний нэр зартай Эпштэйнтэй холбогдлоо. Зүгээр ч нэг ажил хэргийн яриа бус системтэй хамтралын ердөө нэг хэсгээс хөвөрдсөн нь харагдаж буй. Бүрэн тусгаар улсын ямар мэдээллүүд Эпштэйн болон түүний хамсаатнуудын гарт орсон бол гэдэг асуулт ч эндээс урган гарч байна.
Асуултын хариуг сонсголоор тайлах уу, эсхүл зүгээр иргэдэд ийм файл байсан гээд мэдээлэгдээд өнгөрөх үү.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жанхуу хүзүүгүй хоёр бол шоронд байх ёстой адгийн новш нар юм
За даа, энэ ч цэвэр улс төрийн акц бнаа, хуулиар батлагдаж нотлогдохгүй юмыг цуурхал тарааж, хүний нэр төрийг гутаах л зорилоготой, аль 1937 оноос МАХН-ын хэрэглэж ирсэн хуучин арга доо !