УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хөтөлбөрүүдэд зарцуулсан 2.6 их наядыг яримагц С.Бямбацогт гишүүнийг эгүүлэн татах хуулийг сануулж, "дарамтлав"

Ер сүүлийн 18 жилийн хугацаанд ХАА-н салбарт эргэлдсэн ₮6 их наяд хэн хэнд, хэрхэн зарцуулагдав, үр өгөөжтэй байж чадсан уу, үгүй бол засъя гэж л сонсгол зарласан. Аль хавар яригдаж эхэлсэн эл сонсголыг нөлөө бүхий улстөрчид хойш зулгаасаар энэ хүрснийг нуух юун. Сонсголын эхний өдөр сангийн агуулгыг хөндөж, хоёр дахь өдрөө 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэх байв. Гэтэл ирцийн бойкотод орсноор үргэлжлэх боломжгүй болов.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар-4” аян нийт дүн нь 2.6 их наяд төгрөг зарцуулсан болох нь сонсголоор ил болов. Эл өртөг эргэн төлөгдөөгүй, үлдэгдэлтэй буйг сонсгол даргалагч, ажлын хэсгийн гишүүд онцлов. Мөн сүүлийн 18 жилд ХАА-н салбарт хамгийн их мөнгө зарцуулсан огноог сүүлийн гурван жил гэж тодотгосон юм. Энэ нь одоогийн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тогтвортой ажилласан он жилүүд юм.

Үүнтэй зэрэгцүүлэн УИХ-ын дарга С.Бямбацогт "Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай" хэмээн "илүү дуугарвал эгүүлэн татчихна шүү" гэх мессеж өгөв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуулийн төслийг | 2026.03.09|-нд өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулган |2026.04.16|-нд хэлэлцэхийг дэмжсэн байдаг. Төсөл анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжсэн. Эцэслэн батлахад 64 гишүүний санал хэрэгтэй.

Уг хууль УИХ-аар хэлэлцэхгүй, саатсан шалтгааны тухайд,

Нэг. Үндсэн хуулийн маргаан. Хуульчдын хэлж буйгаар гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг Мөн Ерөнхийлөгч энэ төрлийн хуулийг санаачлах эрхтэй эсэх, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа эсэх талаар маргаан гарсан.

Хоёр. Агуулгын шүүмж. "Ёс зүйн зөрчил" гэдгийг улс төрийн зөрүүд санаатай хүмүүс субьектив байдлаар ашиглаж болзошгүй. Гишүүний халдашгүй байдал сулрах, эрх баригч нам болон Цэцэд хэт их эрх өгөх эрсдэлтэй гэсэн шүүмж гарсан. Мөн тойргийн болон жагсаалтын гишүүдийг ялгавартай хандаж байна гэж үзсэн билээ. Үүнээс гадна МАН дахь 30-ийн талд халгаатай хуулийн төсөл гэх шүүмжлэл ч өрнөөд амжсан байдаг.


Дээр дурдагдсан Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн тухайд,

1. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн

2022 оны намраас эхэлсэн. Хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, импортын хамаарлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой. 2024 оны 12-р сарын байдлаар, Арилжааны банкаар дамжуулан 5–6%-ийн хүүтэй, 3–5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн зээл олгосон.

2. “Шинэ хоршоо хөдөлгөөн

”Засгийн газрын 2024 оны 4-р сарын 24-ний 166-р тогтоолоор өрнүүлсэн. Малчдыг хоршоонд нэгтгэх, мал болон малын гаралтай түүхий эдийн мөнгөн урсгалыг сайжруулах. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилготой. Зээлийн хүүгийн дэмжлэг 2029 он хүртэл, санхүүжилт 2033 он хүртэл үргэлжилэхээр тусгагдсан. Зарцуулсан мөнгөн дүн тодорхойгүй.

3. “Чинээлэг малчин”

Төлөвлөсөн санхүүжилт нь 5 их наяд төгрөг. Арилжааны банк өөрийн эх үүсвэрээс зээл олгож, төр хүүгийн хөнгөлөлтийг хариуцна. Барьцааны 80–100%-ийг Зээлийн батлан даалтын сан даана. 2024 оны байдлаар 4,400 хоршооны 14,600 малчин гишүүнд 502.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.

4. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн (хөтөлбөр)

Ноос, ноолуур, арьс ширийг дотооддоо гүн боловсруулах, хөнгөн үйлдвэрийн технологийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Нийт санхүүжүүлсэн өртөг нь тодорхойгүй.

5. “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”

Засгийн газрын 2025 оны 47-р тогтоолоор |2025.02.01|-нээс эхэлсэн. Үргэлжлэх хугацаа нь 2025–2029 он. Ухаалаг технологид суурилсан, экспортын чиг баримжаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хослолыг бий болгох зорилготой. Зээлийн хүү 6-8 хувь. Мөн л одоогоор олгосон зээл, санхүүжилтийн хэмжээ тодорхойгүй байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАГ-ыхан мангар их идсэн дээ !

Холбоотой мэдээ

Back to top button