Н.Тавинбэх нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд |2026.09.14|-нд болж, аравдугаар сарын 02 хүртэл хойшлуулсан.
Шүүх хурлын шууд дамжуулалтыг үзэх холбоос:
Тодруулбал, Н.Тавинбэхийг нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт дөрвөн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Шүүх хуралдааны үеэр улсын яллагчийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Н.Тавинбэхтэй цуг шалгагдаж байсан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нартай шүүгчийг төрөл садны хамааралтай байх тул шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан юм.
Үүнд Шүүгч М.Мөнхбаатар "Миний хувьд Дундговь аймгийн харьяат хүн. Гэтэл хаа байсан баруун аймгийн хүмүүстэй хамаатан болгож байгаад гайхаж байна. Ямар ч байсан Ерөнхий шүүгч шийдвэрлэх болохоор хуралдааныг хойшлуулъя" хэмээсэн юм.
Улмаар өнөөдөр |2026.10.02| тов ёсоор хэлэлцэхээр болсон юм.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөрөнгийн хурааж станцаа барь.