Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн департамент: Монголын Засгийн газар, УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг дорвитой сайжруулж чадаагүй

АНУ-ын Төрийн департамент “Монгол Улсын 2026 оны хөрөнгө оруулалтын орчны тайлан”-г нийтэлжээ. Тус тайлангийн гүйцэтгэх хураангуй хэсгийг орчуулж хүргэе.


Монголын Засгийн газар болон УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг дорвитой сайжруулж чадаагүй. Байгалийн баялгийн салбарт ашигтай боломжууд байгаа ч Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл өндөртэй зах зээл хэвээр байна. Үүнд:

  • Эдийн засаг, санхүүгийн гадаад цочролд эмзэг байдал.
  • Маргаан шийдвэрлэх тогтолцоо нь үр дүн муу нөхцөл.
  • Хууль, журам боловсруулахдаа оролцогч талуудын саналыг хангалттай тусгадаггүй явдал.
  • Хөрөнгө хураах, төрийн мэдэлд шилжүүлэх эрсдэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

Уул уурхай, эрчим хүч зэрэг ашигт боломж ихтэй боловч улс төрийн хувьд эмзэг салбарт хөрөнгө оруулах нь улс төрийн томоохон эрсдэл дагуулдаг. Гэхдээ эерэг тал ч бий. Монгол Улс зах зээлд нь нэвтрэхэд харьцангуй цөөн хязгаарлалт тавьдаг. Мөн хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай хориг, хязгаарлалт бага. Тиймээс хөрөнгө оруулагчид зах зээлд нь харьцангуй чөлөөтэй нэвтрэх боломжтой.

Түргэн хоолны газар, дэлгүүр зэрэг олон улсын франчайз бизнесүүд хүлээлтээс давсан үзүүлэлттэй ажиллаж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад амжилттай хэрэгсэн бизнесийн загварыг Монголд нэвтрүүлэх боломжтойг харуулж байна. Монголд хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар ч мөн өндөр боломжтой гэж үнэлэгддэг.

Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч тэр сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгоход хүндрэлтэй хэвээр байна. Хууль, журмыг ил тод боловсруулж, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлаар хэрэгжүүлдэг бизнесийн орчныг Монгол Улс бүрдүүлж чадахгүй бол хөрөнгө оруулагчид тус улсыг хэт эрсдэлтэй гэж үзэж, илүү өрсөлдөх чадвартай зах зээлүүдийг сонгох магадлалтай.

Монголд бизнес эрхлэгчид бүх шатанд их хэмжээний, урьдчилан таамаглах боломжгүй зохицуулалтын дарамттай тулгардаг гэж мэдээлдэг. Мөн яам, төрийн байгууллагуудын албан тушаалтнууд мөрдөгдөж буй хууль, журмыг тогтмол зөрчдөг гэж компаниуд мэдэгддэг.

Шүүхийн шийдвэр гарахад урт хугацаа шаардаж, хэрэгжилт нь ч уддаг

Хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр гарахыг удаан хугацаагаар хүлээдэг. Шийдвэр гарсны дараа ч түүнийг хэрэгжүүлэхэд мөн удаан хугацаа шаардагддаг гэж хөрөнгө оруулагчид мэдэгддэг юм. Үүнээс гадна Монгол Улсын Татварын ерөнхий газар зэрэг захиргааны байгууллагууд маргааныг шийдвэрлэх чадваргүй, эсвэл шийдвэрлэх хүсэлгүй байдал удаа дараа гаргадаг. Энэ байдал нь төрөөс хөрөнгө хураахтай тэнцэх хэмжээний эрсдэл бий болгож байна гэж үзэж байна.

Ялангуяа татварын байцаалт, ногдуулалтын үйл явц хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Төрийн албан тушаалтнууд хэт өндөр, төлөх боломжгүй хэмжээний татварын өр үүсгэн, компаниудыг тохиролцоонд хүргэхийн тулд шахалт үзүүлж магадгүй гэж хөрөнгө оруулагчид үздэг.

Мөн төрийн өмчит компаниудыг хувийн компаниудаас давуу үздэг гэсэн ойлголт хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна. Энэ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдыг бизнесээ өргөжүүлэхээс хойш суун, шинэ хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэхээс татгалзахад хүргэж байна.

Үүнээс гадна Монгол Улс 2024 онд төрийн баялгийн сангуудыг дахин бүрдүүлэх зорилготой хэд хэдэн хууль баталсан. Тэдгээрийн нэг гол хууль УИХ-аас стратегийн орд гэж тодорхойлсон уурхайд хөрөнгө оруулагч 34 хувиас илүүг эзэмшихийг хязгаарлаж, хувийн өмчлөгчид эзэмшлийнхээ дор хаяж 34 хувийг ямар ч нөхөн төлбөргүйгээр төрд шилжүүлэхийг шаардсан юм.

Хөрөнгө оруулагчид эдгээр шаардлагыг хөрөнгө хураахтай адил зүйл гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газар уг хууль зохицуулалтыг уул уурхайн бүх төсөлд, цаашлаад байгалийн баялаг олборлолтоос бусад салбарт ч хэрэгжүүлж болзошгүй гэж болгоомжилж байна.

Тиймээс хөрөнгө оруулагчид уул уурхайн салбараас олох ашиг, орлогоос төр болон хувийн хэвшилд тэнцвэртэй хүртээх зарчмыг хадгалсан нөхцөлтэйгөөр эдгээр хууль зохицуулалтыг өөрчлөхийг Засгийн газар болон хууль тогтоогчдод уриалжээ.

Бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын мэдээлснээр, Засгийн газар уул уурхайн салбарын нийт орлогын 60 хувийг авах тухай шаардлага тавьж байна. Хэрэв энэ нь хуульд нэмэлтээр заалтаар орвол хайгуул, уул уурхайн компаниуд Монгол Улсыг орхин гарахад хүрнэ гэж тэд үзэж байгаа юм.

2026 онд УИХ зөвшөөрөл, лиценз олгох үйл явцыг хялбарчилж, бусад хүнд суртлын дарамтыг бууруулах зорилготой хууль баталсан. Гэвч эдгээр өөрчлөлтийг бодит амьдрал дээр үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тодорхой амлалт гаргаагүй. Иймээс Засгийн газар болон УИХ-ын хийсэн өөрчлөлтүүд нь бодит үр дүнгээсээ илүү бэлгэдлийн шинжтэй хэвээр байна.

Эх сурвалж: U.S. Department of State

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene tom gvren bidniig sonirhohguiee toohgui

Холбоотой мэдээ

Back to top button