Нийгмийн

Хятадаас яаж орж ирсэн нь тодорхойгүй 12 ухна монгол малчдын хотыг харлуулж байна

Хоёр жилийн өмнө 91 малчин өрхийн 14,252 ямааг устгалд оруулж байж намжсан годрон өвчин энэ намар дахин дэгдлээ. Энэ удаа Говь-Алтай, Төв аймгийн малчдын хот харлаж, мянга мянган ямааг устгалд оруулаад байна. Өвчний гарал үүслийг тогтоох явцад үржлийн ухны худалдаа, шинжилгээний бичиггүй малын хөдөлгөөн, төрийн хөрөнгөөр авсан ухнууд, хилээр мал хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй асуудал сөхөгдөж, малын өвчнөөс илүү өргөн хүрээний хяналт, хариуцлагын асуудал хөндөгдөж эхэллээ.

2024 онд Дорноговь аймагт годрон өвчин дэгдэж тухайн үед өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тусгай заавар хүртэл баталж байв. Гэвч хоёр жилийн дараа уг өвчин дахин гарлаа. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт суманд 3986, Дэлгэр суманд 1137, Төв аймгийн Алтанбулаг суманд 747 ямааг устгалд оруулжээ. Голомтын бүсэд 18,700 ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, долоон хяналтын пост ажиллуулан, 60 гаруй алба хаагч, мэргэжилтэн ажиллаж байгаа аж.

Мөн Биокомбинатад годроны эсрэг вакцин үйлдвэрлэх ажил эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлд сар гаруйн хугацаа шаардагдах мэдээлэл байна.

-Годрон өвчин яг хаанаас, ямар замаар орж ирэв?-

Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин Баярмагнай наймдугаар сарын 11-нд ухна худалдаж авчээ. Харин наймдугаар сарын 26-ны орчимд тухайн ухна өвдөж, багийн малын эмчид дуудлага өгсөн байна. Ийнхүү нэг ухны өвчлөлөөс эхэлсэн сэжүүр үржлийн малын худалдаа, гарал үүсэл, шинжилгээ, мал эмнэлгийн хяналт, цаашлаад хил гаалийн асуудалтай холбогдож байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Хятадаас хууль бусаар оруулж ирсэн ухна, ямаагаар дамжин годрон өвчин тархсан байж болзошгүй гэсэн байр суурь илэрхийлж, энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанд хандсан гэж мэдээлсэн.

Түүний хэлснээр “Саятан сүрэг” нэртэй цахим дэлгүүрээр иргэдэд худалдаалсан ухнуудыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхэд “Арвас” үүлдэр болох нь тогтоогджээ. Гэтэл Монгол Улсад гадаадаас импортолж оруулж ирсэн эцэг малын жагсаалтад “Арвас” үүлдэр бүртгэлгүй байгаа аж.

Дээрх ухнуудыг хилээр хэрхэн, ямар бичиг баримтаар орж ирсэн бэ гэсэн асуултыг дагуулж байна. Сайдын мэдээлснээр тухайн малыг бүртгэх, мал эмнэлгийн хяналт тавигдаагүй бөгөөд “Саятан сүрэг” хэдэн аймаг, суманд хэдэн ухна борлуулсан талаарх мэдээллээ Мал эмнэлгийн ерөнхий газарт бүрэн өгөөгүй байна. Мөн годрон өвчин гарсны дараа малчдад уг өвчний вакцин санал болгосон гэх мэдээлэл ирсэн бөгөөд үүнийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж.

-Төрийн мөнгөөр авсан 12 ухна ч голомттой холбогдов-

Годроны голомттой холбогдож буй өөр нэг асуудал нь төрийн хөрөнгөөр худалдан авсан үржлийн ухнууд. Цогт сумын Засаг даргын Тамгын газар 2026 онд малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас 60 гаруй сая төгрөг зарцуулахаар баталжээ. Үүнээс 19.9 сая төгрөгөөр 12 ухна худалдан авсан байна.

Уг худалдан авалтыг малчдын саналд үндэслэн хийсэн бөгөөд Төв аймгаас авчирсан гэх мэдээлэл бий. Дараа нь сумын удирдлагууд ухнуудыг малчдад нэг бүрийг нь нэг сая төгрөгөөр худалдсан байна. Харин эдгээр 12 ухны нэгийг худалдаж авсан Цогт сумын Төгрөг багийн малчны хотонд годрон өвчин илэрсэн гэх мэдээлэл гарчээ. Ухнуудыг Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн Н-ээс авчирсан бөгөөд авахдаа шинжилгээ хийлгээгүй, шинжилгээний бичиг шаардаж аваагүй аж.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлийн мэдээлснээр “Саятан сүрэг” нэртэй цахим дэлгүүрээр үржлийн мал худалдаалдаг иргэн үйлдвэр, үүлдэр нь тодорхойгүй 12 ухныг Говь-Алтайн Цогт суманд зарсан байна. Түүнчлэн уг этгээд 10 аймгийн 13 байршилд ухна аваачиж зарсан нь одоогоор тогтоогдоод байгаа гэх мэдээллийг өгсөн.

Хэрэв энэ мэдээлэл шалгалтаар батлагдвал асуудал зөвхөн нэг сумын хэдэн малчны хотод гарсан өвчний хэмжээнд үлдэхгүй. Өвчний голомтод хүрсэн малын хөдөлгөөн хаанаас эхэлж, хаана хаана үргэлжилсэн, хэдэн сүрэгт хүрсэн, тэдгээрийн аль нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан зэргийг бүхэлд нь тогтоох шаардлагатай болно.

-“Сүүлийн таван жилд нэг ч ямаа импортлоогүй”-

Гаалийн ерөнхий газраас сүүлийн таван жилд Монгол Улс нэг ч ухна, ямаа импортлоогүй гэжээ. Мал эмнэлгийн байгууллагын зүгээс годрон өвчин зөвхөн амьд ямаанаас ямаанд дамждаг гэж тайлбарлаж байгаа. Тиймээс хууль бусаар оруулж ирсэн мал халдвар тараасан байж болзошгүй гэх хувилбарыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандаад байна.

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр 2025 онд Эрээнээр 40 чемоданд ямаа оруулах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл гарч, үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудад хандсан аж. Иймээс “өвчин хилээр хууль бусаар орж ирсэн малаас тархсан” гэх таамаглалыг мөрдөн шалгах байгууллага эцэслэн тогтоох хүртэл таамаг хэвээр байгаа юм.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны иргэн Б уг дэлгүүрээс 10 сая төгрөгөөр нэг ухна худалдаж авсан байна. Уг ухна нь Цогт сумын Засаг даргын орлогчийн авчирсан 12 ухнатай хамааралгүй аж. Харин Б-ийн худалдаж авсан “Арвас” үүлдрийн гэх ухнаас аравдугаар сарын 4-нд шинжилгээний сорьц авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид хүргүүлжээ. Шинжилгээний хариу өнөөдөр /аравдугаар сарын 6-нд/ гарахаар хүлээгдэж байна.

-Сүрэгт годрон илэрсэн тохиолдолд устгал хийхээс өөр аргагүй бөгөөд антибиотик эмчилгээ үр дүнгүй-

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатарын мэдээлснээр годрон өвчин зөвхөн ямаанаас ямаанд агаар дуслын замаар халдварладаг бөгөөд бусад төрлийн малд халдварлахгүй. Өвчний нууц үе удаан үргэлжилдэг.

Ялангуяа намрын тарга авсан малд өвчний шинж тэмдэг тодорхой хугацааны дараа илрэх боломжтой аж. Өвчин хүндэрсэн үед мал сөхөрч унах бөгөөд задлан шинжилгээгээр уушги гэмтсэн байдаг байна. Сүрэгт годрон илэрсэн тохиолдолд устгал хийхээс өөр аргагүй бөгөөд антибиотик эмчилгээ үр дүнгүй гэж мэргэжлийн байгууллага тайлбарлажээ. Харин вакцины дархлаа тогтоох үр дүн 60-70 хувиас хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн бүх мал халдвараас бүрэн хамгаалагдана гэсэн үг биш аж.

Налгар намраар хотоо харлуулж байгаа малчдын хамаг амьжиргаанаасаа саллаа. Банкны зээлээ яаж төлөх вэ, хүүхдүүдээ яаж тэжээх вэ хэдэн үг энэ өвчний бодит хохирлыг илүү тодорхой харуулна.

Өвчнийг тогтоон барихын тулд устгал хийх нь зайлшгүй байж болох ч устгалын дараах нөхөн олговор, малчдын амьжиргааны алдагдал, зээлийн дарамт зэрэг асуудал мөн адил төрийн хариу арга хэмжээг хүлээсээр.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
албаар өвчин таараажээ
албаар өвчин таараажээ

ЯАМАА зарсан хүн бүх зардлыг төлөх ёстой. МОНГОЛЫГ НООЛУУРГҮЙ болгох бодлого явагдсан байна.

иргэн
иргэн

Хил гаалиар Ямаа өөрсөдөө гүйгээд орж ирнэ гэж байхгүй,,,,,Хил, гааль, хуулийнхан оролцсон нилээн том сүлжээ байгаа болоуу , магадгүй Төрийн өндөр Албан тушаалтай Хэн нэгний гар ч хутгалдсан байх магадлалтай, жирийн Иргэд олон тооны Ямаа хулгайгаар оруулж чадах ч үгүй боломж ч байхгүй,

Холбоотой мэдээ

Back to top button