Сонгогчийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж, Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Цэц их суудлаараа хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцийн их суудлын өнөөдрийн (2026.10.07) хуралдаан эхэллээ. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсгийн “…дутуу…” гэсэн үг Үндсэн хуулийн 21.2 дахь хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.
2019 онд баталсан одоогийн хуулиар сонгогч тойрогт ногдсон мандатын тооноос цөөн нэр дэвшигчийн төлөө санал өгвөл тэрхүү саналын хуудас бүхэлдээ хүчингүй болдог. Жишээ нь, гурван мандаттай тойрогт сонгогч нэг, эсвэл нэр дэвшигчид санал өгвөл саналын хуудас нь хүчингүй болох зохицуулалттай.
Энэ нь сонгогчийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн 21.2-ыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа 2025 оны гуравдугаар сард гаргаж, уг заалтын хэрэгжилтийг тэр өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.
Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болоод УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, олонх нь дэмжээгүй. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “чөлөөт сонголт” гэх нэрийн дор зарим тойрог төлөөлөлгүй үлдэх эрсдэлтэй гэж анхааруулсан. Харин С.Зулпхар гишүүн тухайн заалтыг хэлэлцэж байх үеийн протоколтой танилцаж, үндэслэлийг тодруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
Улмаар өнгөрсөн аравдугаар сард Цэц их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг дахин хянахаар тов зарлаж, өнөөдөр ийнхүү хэлэлцэж байгаа юм. Үндсэн хуулийн 66.2-т зааснаар УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц их суудлаараа дахин хянаж, эцсийн шийдвэр гаргана. Энэ шийдвэрийг дахин хянах боломжгүй. Цэцийн их суудлын шийдвэр “эцсийнх” байна.
Хэрэв их суудлаар маргааныг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж эцэслэн дүгнэвэл сонгуулийн хууль дахь “дутуу” гэсэн үг хүчингүй болно. Ингэснээр дараагийн УИХ-ын сонгуульд сонгогч хүсээгүй, эсвэл огт мэдэхгүй хүнд саналаа өгөхгүй гэж үзэн мандатын тооноос цөөн нэр дэвшигчийг дугуйлсан ч саналын хуудас хүчинтэй байх юм.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tiishdee 2024 ond gantshan hund l sanal uguhiin tuluu demii baahan hezee ch garhaargui yumnuudad sanal ugsun duu huurhii bayarlaad huursun baihdaa