Хаврын чуулганаар эцэслэгдээгүй, сугарч үлдсэн хоёр хуулийн төсөл | намрын чуулганаар батлах уу
Хаврын чуулган 79 өдөр хуралдаад өндөрлөсөн. Энэ хугацаанд нийт 278 хууль, тогтоомж баталсан байдаг. Гэвч олны анхаарлыг татсан хоёр төсөл эцсийн цэгээ тавиулалгүй намрын чуулганд шилжсэн. Тухайлан хэлбэл, Тамхины хяналтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, нөгөө нь Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт юм.
Тамхины хяналтын тухай хууль: Эцсийн санал хураалт хойшилсон
Төслийг О.Номинчимэг тэргүүтэй гишүүд 2025 оны 9 дүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн. Гол зорилго нь электрон тамхийг хуулийн зохицуулалтад оруулах явдал. Төслийн танилцуулгад электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүй гэж заасан. Мөн Монгол Улсад электрон тамхи хуулийн ямар ч зохицуулалтгүй байгааг санаачлагч онцолж байсан.
Хэлэлцэх эсэхийг чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн 89 гишүүний 55 нь буюу 61.8 хувь нь дэмжсэн. Төсөл ингэж дэмжигдсэн ч сөрөг дуу хоолой багагүй байсан.
Маргаан голдуу татвар, хоригийн заалтуудаар үүссэн. Нэг шүүмжлэгч тамхины татварыг 2026-2030 оны хооронд огцом өсгөхөөр төсөлд тусгасныг шүүмжилсэн. Тамхи импортлогч компаниуд ч татвар чангарвал далд эдийн засаг өөгшинө гэж анхааруулдаг гэх. Харин эмч нар Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж, тамхинд донтохыг нийгмийн хамгийн ноцтой асуудлын нэг гэж үзсэн. Хэлэлцүүлгийн явцад 2010 оноос хойш төрсөн иргэд тамхи худалдан авахыг насан туршид хориглох санал төсөлд тусгагдсан гэж мэдээлсэн.
Төсөл хавар эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрсэн ч батлагдаагүй. Санаачлагч О.Номинчимэг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн боловч намрын чуулганаар эцэслэн батлахаар хойшилсон гэх мэдээллийг өгч байсан.
Тус хуулийн төслийг эцэслэн батлахтай холбоотой агуулгаар УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Мартсанаас мал мэнд үү" гэгчээр тамхины хуулиа хэзээ хэлэлцэх вэ. Шатахуунаа нөөцөлж чадахгүй байхад тамхины компаниуд тамхийг хэдэн ихээр нөөцөлсөөр байна. Энэ хооронд авах ёстой татвар чинь хайран биш юм уу. "Мөнгө олдохгүй байна" гээд гоншигноод байгаа хэд сайд нарт хэрэг болдоггүй юм уу" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Ашигт малтмалын тухай хууль: Бүх шатны хэлэлцүүлэг хийгдсэн, эцэслэн батлагдахаар хүлээгдэж байна
Нөгөө төсөл нь эдийн засгийн хувьд илүү хүнд жинтэй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрөө Ашигт малтмалын тухай хуулийг олон засгийн газар, олон сайдын үед эцэслэн баталж чадалгүй ирсэн гэж хэлж байсан. Мөн хаврын чуулганаар хэлэлцэгдэх эдийн засагт хамгийн том нөлөөтэй хууль гэж нэрлэсэн.
Сайд төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлсэн. Төсөлд:
- зэсийн боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах нөөц ашигласны төлбөр (АМНАТ)
- АМНАТ-аас төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилах хувь зэрэг зохицуулалт орсон байна.
Өмнө нь АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох зэрэг өөрчлөлтийг төлөвлөж байгаагаа Засгийн газар мэдэгдсэн. Мөн чухал ашигт малтмалын зохицуулалтыг төсөлд тусгана гэж байсан.
Тэгвэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд УИХ дээр бүх шатны хэлэлцүүлэг хийгдсэн, өдгөө эцэслэн батлагдахаар хүлээгдэж байгаа юм.
Дээрх хоёр хуулийн төслийг энэ намрын чуулганд багтаан баталж чадах уу?
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тухайн долоо хоногт ямар хууль хэлэлцэхийг шийддэг. Дээрх хоёр хуулийн төслийг хэзээ хэлэлцэж, батлах талаар намрын ээлжит чуулган эхэлснээс хойш яригдсангүй. Нэг талаас чуулганы ирц хангалтгүй, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвөө хэлэлцэж баталж чадахгүй байгаатай холбоотой хэлэлцэх товд багтаахгүй байж мэдэх. Нөгөө талаас олон саад, бэрхшээл, лоббиг туулсан эл хоёр хуулийг илт гацаах агуулга хөвөрч байхыг ч үгүйсгэхгүй.
Ямартай ч хууль санаачлагч нарын зүгээс энэ намрын чуулганаар эцэслэн батлах байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсээр буй билээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tamhinii huuli gsn chini zver l dald lobi hiisen kompaniudyn ashigiin tuluu gatchihdag huuli shd
УИХ-ын гишүүд хууль батлах гэхээр л лобби ороод гацаад байдаг нь ямар учиртай юм бэ
Asigt maltmalyin huuli gsn chin yaltchgui mungiin tuluu uls torchdiin zoldoh gazar bolchloo
Тамхины компаниуд татвар нэмэгдэхээс айгаад л бүх юмыг нөөцлөөд сууж байгаа нь үнэн шүү дээ
O.Nominchimeg-iin oruulj irsen tamhinii huulig yagaad odoo hurtel batlahgui gatsaagaad bgaa ym
Эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхөөр л ямар ч сайн хууль байсан шууд хойшлогддог
Эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхөөр л ямар ч сайн хууль байсан шууд хойшлогддог