НИЙГЭМНийгэм мэдээ

Нэг дороос | У.Отгонбаяр: Гал тавьсан “Мобиком”-ын удирдлагууд, зөвшөөрөл олгосон байгууллагад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртчихлөө. Цурамд оруулсан ч бүрэн унтрааж чадаагүй, ан амьтад цөм Хятад руу дайжсан нөхцөл байдалтай байна. Нийт хохирлын хэмжээ, хэн хариуцлага хүлээхийг түймрийг бүрэн унтраасны дараа тодорхой болгоно. Нөмрөгийн дархан цаазат газар 587,744 га буюу ойролцоогоор 5,880 км² талбайтай. Үүний 80 хувь гэдэг бол 470,195 га буюу ойролцоогоор 4,702 км² гэсэн үг. Энэ хэмжээний экосистем түймэрт автчихаад байна.

Eguur News агентлаг уг агуулгаар холбогдох эх сурвалжуудын мэдээллийг нэг дороос агуулгаар хүргэж байна.


|2026.10.13| 11.20 цаг

У.Отгонбаяр: Би түймэр гарсан өдөр УИХ-ын чуулганд суусан. Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй. “Мобиком”-ын удирдлагууд яаж дархан цаазтай газар руу орсныг мэдэхгүй байна

Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарч байгальд ихээхэн хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн өдрүүдэд буруу ташаа мэдээлэл сошиалд явж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй байх. Өнгөрсөн хугацаанд миний бие Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд өөрийн сонгогдсон тойрогтоо ажилласан нь үнэн.

Гал |2026.10.08|-ны 11.55 цагт гарсан гэх дуудлага онцгой байдлын газарт ирсэн юм билээ. Тухайн өдөр миний бие Улаанбаатар хотод чуулганд сууж байсан. Баримтаар үүнийг харуулах нь зүйтэй байх. 14.00 цагт чуулган эхэлсэн, 13.40 цагт чуулганы ирцэд орсон. Энэ бол хөдөлшгүй баримт. Миний хувьд Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй. |2026.10.07|-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод хоёр арга хэмжээнд ороод орой нь Улаанбаатар хотод ирсэн үйл явдал болсон.

|2026.10.07|-нд Сүмбэрийн боомтод ажилласан нь мөн үнэн. Хил хамгаалах ерөнхий газар, аймгийн Засаг даргын зохион байгуулсан арга хэмжээ байсан. Тэр арга хэмжээнд “Мобиком”-ын удирдлагууд оролцсон. Шилэн кабелийн нээлт болсон юм л даа. Би аймгийн төв рүү тухайн өдөр явсан. Тэр хүмүүс тэндээ үлдсэн. Цаашаа Нөмрөг явах замдаа гал тавьсан юм байна гэж ойлгосон. Тэр хүмүүс надтай ямар ч хамааралгүй. Нэг арга хэмжээнд л оролцсон. УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо ажиллах нь, тэнд болж байгаа арга хэмжээнд оролцоод явдаг.

Дархан цаазтай газарт хэн дуртай нь ороод байдаггүй. Хэдий Дорнод аймгаас сонгогдсон ч Нөмрөгийн дархан цаазат газарт би очиж үзээгүй. Тэд яаж зөвшөөрөл авч тийшээ орсныг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагынхан хэрхэн нэвтэрсэн, хэн зөвшөөрөл өгсөн, хохирлын хэмжээ гэх зэрэг олон асуултын хариуг олох байх.

Дархан цаазат газарт хэн дуртай нь ороод аялж зугаалж явах нь маш буруу. Хавартаа, намартаа тал хээрийн түймэр гэдэг чинь маш аюултай зүйл байдаг. Асуудалд холбогдсон байгууллагуудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Хил хамгаалах байгууллагынхан зөвшөөрөл өгчихсөн юм байна гэж ойлгосон. Энэ хууль зөрчсөн үйлдэлд арга хэмжээ тооцтол анхаарч ажиллана гэж бодож байна.

|2026.10.13| 10.50 цаг

Б.Баттүвшин: Урьдчилсан байдлаар Нөмрөгийн түймрийн урт нь 80 км, өргөн 90 км орчим байна. Нөмрөгийн түймрийг цурамд оруулсан, хэзээ бүрэн унтраахыг хэлж мэдэхгүй

Тав дахь өдрөө үргэлжилж буй Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн талаар ОБЕГ-аас дараах тодруулгыг өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин: Түймэр цурамд орсон. Гадагш тархалт зогссон гэсэн үг. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон орон нутгийн мэргэжлийн ангиас алба хаагчид ажиллаж байна. Тодруулан хэлбэл, зургаан аймгийн 100 орчим алба хаагч түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй.

Түймэр бүрэн унтарсны дараа хохирлын үнэлгээг хийнэ. Ингэж байж хохирлын бодит талбайг гаргаж ирнэ. Урьдчилсан байдлаар Нөмрөгийн түймрийн урт нь 80 км, өргөн 90 км орчим байна. Гал унтраах ажиллагаанд байгалийн тогтоц, цаг агаарын нөхцөл байдал маш их нөлөөлдөг. Салхины чиг байнга өөрчлөгдөж байдаг. Мөн Нөмрөгийн дархан цаазат газар бол намгархаг газар, өвс ургамал өндөр ургасан нь алба хаагчдыг түймрийн голомтод очиход хүндрэл учруулсан. Иймд намгархаг газарт явганаар очиж, гал түймэр унтраах ажиллагааг зохион байгуулсан. Түймэр том талбайг хамарсан учир яг тэдний өдөр бүрэн унтраана гэж хэлж чадахгүй нь.

Гал унтраах ажиллагаанд ажиглалт, тандалтын зорилгоор дрон ашиглаж байгаа. Зэрлэг ан амьтдын тухайд аль болох аюулгүй бүс рүүгээ нүүн шилждэг.

Иргэд олон нийтэд сэрэмжлүүлэхэд, Зун өвсний ургац сайн байлаа. Хавар хуурайшиж, ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байдаг. Иймд иргэд автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, ой хээрийн бүсэд явах хэрэгтэй. Мөн чүдэнз, тамхины галаа ил хаяхгүй байх, үнс нурмыг зориулалтын тагтай саванд хадгалах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад анхаарах шаардлагатайг онцгойлон анхааруулж байна.

Видео үзэх холбоос:


|2026.10.12| 16.00 цаг

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат: Түймэр унтраахад оролцоогүй "Мобиком" компанийг шүүхэд өгч, хохирлыг төлүүлэхэд үнэгүй өмгөөлнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт шатсан. Тэгвэл энэ асуудлаар өмгөөлөгч Ч.Эрдэнэбат "Нөмрөгийн дархан цаазат, байгалийн үзэсгэлэнт газар маань том толгойтой, хайхрамжгүй этгээдүүдийн уршгаар галд өртчихлөө. Үнэхээр харамсалтай. Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоосон анхны үнээр бус хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлж буюу нугалж тооцдог.

Хохирлын хэмжээнээс хамаарч эрүүгийн хэрэг үүсгэх хуультай. Хадлан хадаж яваад техникээс оч хаяад түймэр алдсан иргэнд байгаль орчны хохирол гээд ₮100 гаруй саяыг нэхэмжилж байсан. Орон нутгийн захиргаанд өмгөөлөгч шаардлагатай гэвэл энэ асуудалд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх саналтай байна. "Мобиком" компаниас түймэр унтраахад огт оролцоогүй бололтой. Нутагт маань миний дэм болж чадах зүйл байгаа бол тэр нь буруутай Мобикомыг шүүхэд өгч байгаль орчноо нөхөн сэргээх зардлыг, хохирлыг төлүүлэхэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх учраас хамтран ажиллахад бэлэн гэдгээ үүгээр аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж байна" гэжээ.

|2026.10.12| 13.30 цаг

Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл: Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувийг шатаасан байна

"Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөн. Түймрийг бүрэн унтраасны дараа хохирлын хэмжээг тогтооно. Түймрийг унтраасан ч дараагийн асуудлууд эхэлнэ. Төрийн байгууллагууд ажлаа хэрхэн уялдуулж, холбогдох хууль, журмын дагуу дархан цаазат газрыг хамгаалах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулах шаардлагатай. Хилийн бүс, тусгай хамгаалалттай газарт хэний зөвшөөрлөөр нэвтрэх ёстой вэ? Хилийн байгууллагын эсвэл тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр үү гэдэг нь тодорхойгүй. Онцгой байдал, цагдаагийн байгууллага хамтран шалгаж, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Дорнод аймгийн иргэдийн хүсэж байгаа зүйл бол энэ. Байгалийн онгон дагшин газар ийм хэмжээний хохирол амссан байхад хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой" гэв. 

Улмаар дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт хавар, намрын нэн хуурайшилтай үед шаардлагатай тохиолдлоос бусад аялагч, иргэдийг зорчихыг хориглох шийдвэрийг гаргахаа мэдэгдлээ. 

|2026.10.12| 08.00 цаг

У.Отгонбаяр гишүүний Дорнодод дагуулж очсон "Мобиком"-ын захирлууд тул агнахаар яваад, Нөмрөгийн дархан цаазат газрыг шатаажээ

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Мобиком Корпорацийн захирлууд тэргүүтэй хүмүүс энэ сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтод очсон. Шалтгаан нь Сүмбэр боомтыг Мобиком корпорацын хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабелиар холбосон ажлын нээлт байв. Үйл явдалыг тодруулбал, Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн Халхголын хилийн отрядын заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгсөн байна.

Маргааш нь буюу энэ сарын 8-ны өдөр Мобиком корпорацын захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198-р ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ. Улмаар Мобиком Корпорацийн Япон захирлын "Nissan Patrol-Y62" маркийн 60-11 ... улсын дугаартай машин дархан цаазат газарт зорчих үед доод хэсэгт нь өвс их хэмжээгээр орооцолдож шатсаны улмаас гал түймэр гарсан байна.

Тус мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Отгонбаяр ч нэг их бүтэлтэй эр биш дээ !
Мобикомынхныг мууухай бухлаа даа !!!

Холбоотой мэдээ

Back to top button