Дөргөний УЦС, “Ховд нар” нарны цахилгаан станцууд өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ

Эрчим хүчний яамны Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллах үеэр сэргээгдэх эрчим хүчний станцуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.
Баруун бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах,импортын эрчим хүчний хамаарлыг бууруулахад Дөргөний усан цахилгаан станц болон Мянгадын “Ховд Нар” нарны цахилгаан станц чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр станцууд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувийн гүйцэтгэлтэй хангаж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ төлөвлөгөөний дагуу явуулахаар ажиллаж байна.
Дөргөний усан цахилгаан станц нь 12 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноос хойш нийт 673.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 598 сая кВт.цагийг баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлжээ. Тус станц жилд дунджаар 39.6 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрөгч өвлийн оргил ачааллын үед 9.26 МВт хүртэлх чадлаар цахилгаан нийлүүлж, импортын шугамын хүчин чадлаас давсан хэрэглээг нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 2026 онд 36 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Харин Ховд аймгийн Мянгад суманд байрлах “Ховд Нар” нарны цахилгаан станц нь 10 МВт-ын хүчин чадалтай бөгөөд 2022 онд ашиглалтад орсон. Тус станц 2025 оны байдлаар нийт 81.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 80.9 сая кВт.цагийг эрчим хүчний системд нийлүүлсэн байна. Жилд дунджаар 20.5 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд ашиглалтад орсноос хойш 65,495 тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлжээ. Станц 2026 онд 24 сая кВт.цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.