
Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт өвөл ирэхтэй зэрэгцэн хүмүүс "Энэ өвөл утаа, цахилгаан, дулаан, нүүрс түлш, бензин шатахуун, нийтийн тээвэр яах бол" гэдэг төрийн үйлчилгээтэй холбоотой олон асуултад ээрэгдэн халгадаг. Наад зах нь, долоо хоногийн норм долоон шуудай түлшээ олж авах гэж нийслэлийн гэр хорооллынхон 1990-ээд оны картын барааны үе шигээ оочер дараалал, хүнд сурталтай тулдаг гээд иргэд ярьж байна.
Харин албаныхан "Нийслэлийн гэр хорооллын өрхүүд энэ өвөл сайжруулсан түлшээ долоон дүүргийн 446 цэгээс Хотула аппликейшнээр эсвэл иргэний үнэмлэхээрээ авч болно" гэж мэдээлсэн. Тухайлбал, Сонгинохайрханд 165, Баянзүрхэд 110, Чингэлтэйд 58, Хан-Уулд 36, Сүхбаатарт 32, Налайхад 22, Баянголд 17 цэгээр түлш худалдан авах бөгөөд Хотула апп-аас цэг бүрийн байршил болон түлшний үлдэгдлийг харж болох гэнэ. Гэвч хүйтэрч, ачаалал ихсэх үеэр Хотула апп нь гацдаг гэж иргэд гомдоллодог.
Сайжруулсан түлшний эрэлт хэрэгцээ их, нийлүүлэлт хомсдолтой байгаа учраас Хятадаас орж ирэх нөөц татан авалтдаа тааруулан, нэг айлд долоон шуудай гэдэг квот хүртэл тогтоогоод буй. Томоохон байшинтай айлд квотын долоон шуудай түлш нь хүрэлцэхгүй байгаа тул 10-15 шуудай болгож нэмэх шаардлагатай гэдэг гомдол санал өнгөрсөн жилээс хойш гарсаар байгааг одоогоор нийслэл эцэслэн шийдээгүй л байна.
Түлэх нүүрсээ худалдаж авахын тулд бичиг баримтаа бүртгүүлж, биеийн байцаалтаа мэдүүлж, хувийн мэдээллээ төрд хуваалцах шаардлагатай болсон нь тохуурхал гэлтэй. Тухайлбал, нийслэл хотод нүүж ирсэн болон өөр дүүрэг, хороо руу шилжсэн, шинээр айл өрх үүсгэсэн иргэд өвлийн түлштэйгээ золгохын тулд тухайн хороондоо заавал бүртгүүлэх ёстой.
Түр оршин суугчаар ч байна уу, байнгын байна уу, хамаагүй, бүртгүүлж байж л сайжруулсан түлш худалдан авах эрх нь нээгдэнэ. Түүнчлэн хот дотор нүүсэн эсвэл тусдаа өрх болсон айлууд 7011-9400 утсаар мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай гэх зэргээр хүндрэл чирэгдэл мундахгүй.
Хүний хувийн, эмзэг мэдээллийг шаарддаг Хотула аппликейшнээр заавал түлэх түлшээ авах сонголтгүй сонголттой тулсан зарим нь иргэний үнэмлэхний ар дахь QR кодоо уншуулахыг илүүд үздэг. Гэтэл иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, эсвэл үнэмлэхний лавлагаагаа үрэгдүүлсэн хүмүүсийн бичиг баримтыг олсон хүмүүс QR кодыг нь ашиглан нүүрс авч, квотыг нь дуусгасан асуудал ч сүүлийн үед гарах болсон байна.
Хажуугаар нь "түлш хүргэж өгнө" гэж хэлээд иргэний үнэмлэхний зургийг нь авч, өмнөөс нь түлш худалдаж авсан тохиолдлууд ч гарсаар байгаа нь төрөөс тогтоосон квотын дагуух түлшний хангалт нийлүүлэлт хүрэлцэхгүйтэй л холбоотой шүү дээ.
Ямартай ч "Тавантолгой түлш" компани “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хагас коксон түлшний татан авалтаа эхэлсэн бөгөөд 2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлшийг урд хөршөөс татан авах юм байна. Зохицуулалтаа яаж хийх нь нийслэлийн зохион байгуулалт, удирдлагын менежментээс шалтгаалах.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард иргэдээ тамлаж таашаал авдаг дарга нартай төртэй