"Rocket" буюу Т.Дөлгөөн: "Bet"-д донтож хамгийн чухал үзэгчдэдээ зарсан. Миний замаар хэн нэгэн битгий алхаасай
Сүүлийн жилүүдэд залуус цахим мөрийтэй тоглоом, спорт таамаг буюу "Bet" тавьж, санхүүгийн дарамтад орох тохиолдол цөөнгүй гарах болсон. Мөрийг нэг л удаа тавьж үзсэн бол ёроолгүй ангал руу унадаг жамтай. Үүнийг тойрч биш дайрч гарсан Т.Дөлгөөнтэй ярилцлаа. Түүнийг цар тахлын үед "Rocket" гэх нэрээр амьтны дүрд хувирч стрийм хийдэг байснаар нь манай уншигчид таньж магад.
"Ахлах ангийн сурагч "Rocket" нэрээр стрийм хийж эхлээд маш амжилттай явсан. Тухайн үед би сард ₮3-4 саяыг олдог надад бол хангалттай л орлого байлаа. Бүх зүйл сайхан, үзэгчид намайг хүлээдэг би ч стрийм хийх гэж яарч догдолдог байсан. Харин "Bet" тавьж эхлээд бүх зүйлээ алдсан. Өөрт байгаа бүхнээ зарж, үрж эхэлсэн. Хамгийн сүүлд үзэгчдээ зарсан. Одоо бодоход мөрийтэй тоглоом хөөсөн хоёр жилийн хугацаанд ₮100 гаруй сая төгрөг алдсан юм байна лээ. Миний алхсан энэ замаар ахиж хэн ч битгий алхаасай гэж хүсдэг" хэмээх түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Таныг "Rocket" гэх нэрээр хэдэн жилийн өмнө стрийм хийж байснаар нь хүмүүс тэр тусмаа залуус таних байх. Тухайн үед таныг стриймийг хүлээдэг үнэнч үзэгчид цөөнгүй байсан. Яагаад стрийм хийхээ больсон юм?
-2021 онд, арван жилийн хүүхэд байхдаа анх стрийм хийж эхэлсэн гэхээр 18 насттай байж. Тухайн үед би тийм ч их мөнгөнд хүрч үзээгүй. Зүгээр л сонирхолоороо стрийм хийгээд байж байгаад яваандаа ажил болгосон. Гэхдээ арван жилийн хүүхэд сард ₮3-4 саяыг олно гэдэг бага тоо биш. Бүх мөнгөөрөө юу хийхээ мэдэхгүй гайхаж компьютер, утас авна. Үлдсэн мөнгөө ээж, аавдаа өгч байрны төлбөр, ахуйн хэрэглээнд нь нэмэр болно. Бараг л хэрхэн амь зуух арга олсон байсан. Байгууллагуудаас хамтарч ажиллах санал ирээд л бөөн аз жаргал. Гэтэл нэг өдөр арван жилийн найз “андаа, хэдэн төгрөг зээлэх үү” гэж байна. Орлоготой хүн чинь бодох зүйлгүй мөнгө зээлсэн. Тэгсэн удалгүй над руу залгаад “хүрээд ирэх үү, манайд чамд юм харуулъя” гэнэ. Яваад очтол "чиний надад зээлсэн мөнгийг би 2-3 дахин үржүүлчихлээ. Ажил хийх шаардлага байгаа юм уу” гэж байна. Намайг чи хөлбөмбөг сайн мэддэг юм чинь "хожих багийг нь зөв таагаад л мөнгөө хоёр дахин үржүүлээд авчихна" гээд л анх удаа "Bet" тавьсан. Гайгаар гэх үү бооцоо тавьсан мөнгө маань 3-4 дахин үржигдсэн. Тухайн үед ёроолгүй ангал руу унаж буйгаа огт мэдээгүй.
-Анхны бооцоогоо хэдэн төгрөгөөр тавьсан юм. Түүнээс хойш тооцоо тавьж эхэлсэн юм уу?
-Нэг сая төгрөг байсан байх аа. Өнөө мөнгө маань гурван сая төгрөг болохыг хараад 18 настай хүүхэд гайхна биз дээ. Ер нь найзын хэлдгээр ажил хийх шаардлага байна уу, дахиж стрийм хийх шаардлага ч алга гэж бодсон. Удалгүй бүрэн автаж эхэлсэн. Дандаа авахгүй шүү дээ, алдана. Алдсан мөнгө олох гэж ахиад тооцоо тавина. Сүүлдээ гэр бүлтэйгээ харилцаа муудна. Найз нөхөдгүй болж, стрийм хийхгүй, хичээлдээ ч явахаа больсон. Нэг мэдэхэд л өдөржин мөрийтэй тоглоомоо тоглоод суудаг болчихсон байсан. Хүмүүс “Чи яав аа” гэхээр худлаа шалтгаан гаргаад “өнөөдөр стрийм хийж амжихгүй нь ээ” гэнэ. Ингээд л хамтран ажиллаж байсан байгууллагуудаа алдана. Хэдэн сарын дараа найз нөхдөөсөө "₮10, 20 мянга зээлэх үү” гэж гуйна. Сард ₮3-4 саяыг олдог стрийм хийдэг "Rocket" байхгүй болж эхэлсэн.
-Хөдөлмөрлөж босгосон бүх зүйлээ хоёр шөнийн дотор үрсэн-
-Олны танил "Rocket"-оос хэр доошоо унасан бэ. Унахад их өвдсөн үү. Хэр их хугацаанд "Bet" тавьсан юм. Яг юунд нь донтоод байдаг юм бол?
-Мөрийтэй тоглоом тоглоод 1-2 жил болсон байх. Мөнгөний амтанд маш гүн орсон гэж хэлж болно. Гэхдээ тухайн үед надад мөнгө тийм ч чухал биш байсан. Хоол ундны хэрэг байхгүй, байрны түрээс төлөхгүй, гэр бүлтэйгээ амьдардаг. Ямар нэгэн өр, зээл төлөх санхүүгийн дарамтгүй байж юуны төлөө тоглодог байснаа одоо хүртэл гайхаад л байдаг юм. Мөнгө хожих үед тархинд ялсан мэт мэдрэмж өгч допамин даавар ялгардаг. Түүнд нь донтож эхэлдэг юм байна лээ. Өөр зүйлээс таашаал авахаа больж зөвхөн тооцоо тавиад мөнгө хожиж байж л санаа амарна. Сүүлдээ алдсан мөнгөө эргүүлж олох гэж явсаар бүр их мөнгө алдана. Үүнд гүн орсон хүн гарахад маш хэцүү.
-Стрийм хийхгүй, цалингүй болоод ирэхээр хаанаас мөнгө олох уу?
-Өөрт байгаа бүх зүйлээ зарсан. Намайг дэмдэг 75 мянган хүнтэй грүпп, 100 мянган дагагчтай YouTube суваг, ₮10 сая төгрөг зарцуулж хөгжүүлсэн "PUBG Mobil"-ын хаягаа гээд бүх зүйлээ. Яаралтай мөнгө олж бооцоо тавихгүй л бол болохгүй санагдаад ₮10 саяын үнэтэй хаягаа нэг сая төгрөгөөр зарж байлаа. Дараагаар нь 10 мянган хүнтэй Discord, Instagram, Facebook гээд бүх хаягаа. Цалингаараа авсан утас, компьютероо ломбардад тавьж үрсэн.Төгсгөлд нь хамгийн чухал зүйл болох үзэгчдээ зарж байгаа юм. 350 мянган дагагчтай Фэйсбүүкийн пэйж хаягаа зараад мөнгөөр нь бооцоо тавьж дуусгасан. Би 1-2 жилийн хугацаанд хөдөлмөрлөж босгосон бүх зүйлээ хоёрхон шөнийн дотор үрэн таран хийгээд дуусгачихсан.
-Сарын 3-4 саяын орлоготой "Rocket" байх үеийн найзуудаас хэдэн нь унах үед байв. Гэр бүлийн харилцаа мэдээж сайнгүй болох байх?
-Би бүх найзуудаасаа мөнгө зээлчхэж байгаа юм. Найзууд эхэндээ “миний найз мундаг” гээд хэдэн төгрөг зээлүүлнэ. Хоёр дахь удаагаа асуухад өмнөх мөнгөө өгөөгүй надад дуртай мөнгө зээлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ зарим нь зээлнэ. Зээлсэн мөнгийг нь би бооцоо тавиад ахиад л алдчихна. Сүүлдээ найзууд маань “Байнга мөнгө асуух юм, ёстой ядаргаатай” гэж бодоод зайгаа барьж эхэлнэ. Ингээд л найз нөхөдгүй болж байгаа юм. Гэхдээ би хүнд буруу өгөхгүй 100 хувь өөрийнхөө ухамсаргүй байдлаас болсон. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд маань намайг анх “Дөлгөөн ёстой мундаг байна шүү. Стрийм хийгээд хүмүүсийг гоё инээлгэж, олон хандивын ажил зохион байгуулж байгаа мундаг" гээд л магтдаг байлаа. Гэтэл тэр хүмүүсийн хандлага ганцхан жилийн дараа үзэн ядалт болчихсон байсан. Би маш олон хүнийг гомдоосон.
-Таны тухай таагүй сэтгэгдлүүд цахим орчин гарах болсон. Сүүлийн үед "луйварчин, бусдыг залилсан" гэх. Үүндээр та тайлбар хэлэх байх?
-Би сүүлд "Rocket-2" гэх нэрээр пэйж нээгээд буцаж стрим хийх гэж эхэлсэн. Мөрийтэй тоглоомноосоо бүрэн гарсан байсан үе л дээ. Үзэгчид ч намайг санасан, би ч урамтай явж байсан. Хүмүүсийн сайн таних "Mobile Legends" тоглоом тоголж стрийм хийдэг алдартай залуу ажлын санал тавьсан юм. "Найз нь чиний пэйж дээр "Mobile Legends"-ийн даймонд, "PUBG Mobile"-ын UC зарах зар тавиад ашгаа 50/50 гэж тохирох уу" гэсэн. Ойлгомжтойгоор хэлбэл хувцас зардаг онлайн шоп гэсэн үг. Би тухайн үед юм бодолгүй зөвшөөрсөн. Ажил эхлэх гэтэл “Миний олон улсын карт болдоггүй. Чи олон улсын дансаа ашиглуулчих, болох уу” гэхээр нь мөн зөвшөөрсөн. Гэтэл нөгөө нөхөр хүмүүсийг луйвардаж эхэлсэн. "Rocket-2" гэсэн хаягаас Дөлгөөн гэх дансанд мөнгө аваад байхаар хүмүүс намайг гэж бодно биз дээ. Энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад олон удаа дуудагдаж мэдүүлэг өгсөн. Удахгүй энэ асуудал үнэн зөвөөрөө шийдэгдэх байх. Хүмүүс үүнийг мэдэхгүй намайг "Шоронгийн хадаас, луйварчин гэх мэтээр харааж эхэлсэн. Ташрамд хэлэхэд би үзэгчдээсээ нэг ч төгрөг авч мөрийтэй тоглоом авч байгаагүй.
-Сарын 3-4 саяын орлоготой үзэгчдийн хүүхдүүдийн хайртай "Rocket"-оос шоронгийн хадаас гэж дуудуулж. Энэ уналтын хамгийн доод цэг нь юу байсан бол?
-Нэг орой очих газаргүй, утас цэнэггүй орцонд сууж байхдаа өөрийгөө их өрөвдөж бодсон. Жилийн өмнө би ямар хүн байлаа гэж. Стрийм хийгээд л компьютерынхоо ард сууж үзэгчидтэйгээ тоглоод л. Яг энэ үед би энэ зүйлийн ёроолд нь хүрчихсэн юм байна. Одоо бүр доошоо унавал ёроолгүй явах юм байна гэж бодсон.
-Болих сэдэл юунаас төрөв. Мөрийтэй бооцоо тавиагүй хоёр жил болсон байна шүү дээ. Азаа үзээд "Bet" тавьчхаар үе олон байсан уу?
-Сэтгэл зүйчтэй уулзвал зүгээр байх. Сэтгэлээ онгойтол ярина шүү дээ. Дараагаар нь өөр зүйлд сатаарчих хэрэгтэй. Шинэ хүрээлэлтэй, өөр хоббитой бол. Эсвэл цэрэгт явчих. Найз охин, найз залуутай бол тэгж байж л давна. Гэхдээ хувь хүнээс 100 хувь хамаарна. Би ар гэрийнхэнтэйгээ ойлголцохоо больчихсон байсан. Дандаа хэрүүлтэй. Тийм гэрт хэн байхыг хүсэх вэ. Гэрээсээ гараад явчихна, тэгээд хонох газаргүй болно. Ийм үед хүн чинь өөртэйгөө ярилцана шүү дээ. Ярилцах өөр хүн байхгүй. Найз нөхөд бүгд байхгүй. Энэ нь надад болих сэдэл өгсөн. Анх больж байх үедээ эхний 7-8 хоног хэцүү өнгөрнө. Тодорхой хэмжээний мөнгө орж ирэхээр “Гялс нэг өсгөчихдөг юм уу” гэж бодно. Тэр бодлоо дараад хөдөө явдаг ч юм уу, сүлжээгүй газар очдог ч юм уу, тиймэрхүү байдлаар давж гарах хэрэгтэй. Эцэг эхчүүдээс нэг зүйл гуйхад, хүүхдийнхээ утсыг шалгаж үзээрэй. Хэрэв тэр муухай аппликейшн байвал хүүхдээ загнаж зандрахаас илүүтэй хүүхэдтэйгээ гоё ярилцаарай. “Миний хүү, наадах чинь ийм хор уршигтай юм аа. Ирээдүйд ийм юм болгодог юм аа” гээд ч юм уу, эсвэл миний ярилцлагыг үзүүлээд ч юм уу, ямар нэгэн байдлаар эртхэн ач холбогдол өгөх хэрэгтэй гэж бодож байна.
-Мөрийтэй тоглоомоос болоод мөрөөдлөөсөө хагацсан. Энэ тоглоомд ялагч гэж байхгүй-

-Та амиа хорлох тухай бодож байсан уу?
-Бодож байсан. Гэхдээ хэзээ ч үйлдэл хийж байгаагүй. Амиа хорлолт, гэр бүл салалт, сэтгэл гутрал, өрийн дарамт Монголд асар их болчихсон шүү дээ. Цаад шалтгааных нь нэг хэсэг магадгүй энэ мөрийтэй тоглоом. Покер, казино гээд зөндөө олон зүйлээс болоод амиа хорлох нь хорлож, гэр бүл салах нь салж байгаа байх. Олон жишээ мэдэж байна. Амиа хорлосон жишээ ч мэднэ. Дотнын найзууд маань энэ муухай зүйлээс болж гэр бүл салж байсан. Энэ тоглоомд ялагч гэж байхгүй. Ерөөсөө ялж байгаа ганц зүйл нь зохион байгуулж байгаа хүмүүс. Бусдаар бол чи хэзээ ч ялахгүй. Мянга сайн мэддэг байлаа гээд урт хугацаандаа алдана. Хүмүүс ихэвчлэн нэг сая төгрөгөө 10 сая болгочихсон үеэ бодоод байдаг. Тэр бодолдоо автаад “За, босчих байлгүй дээ, болчих байлгүй дээ” гээд мөнгө зээлээд тоглоно. Тоглох тусам улам доройтно.
-Мөрийтэй тоглоомоос хамгийн ихдээ хэдэн төгрөг олж байв. Тоглосон хоёр жилийн хугацаан нийт хэдэн төгрөг алдсан тооцоо бодож үзсэн үү?
-Багцаагаар бол нийт 100 гаруй сая төгрөг байх. Яг тоглож байсан хоёр жилийн хугацаандаа. Олж байсан нь гэвэл бараг байхгүй шүү дээ. Нэг сая төгрөгөө 4, 5 сая болгосон үе бий. Гэхдээ маргааш юм уу, нөгөөдөр нь магадгүй долоо хоногийн дараа хожсон таван сая төгрөгөө буцаагаад өгчихнө. Ерөөсөө нэг тойрог дотор ороод байдаг гэсэн үг. Өгсөн л бол хэзээ нэг өдөр буцаагаад авчихна.
-Танд мөрөөдөл байсан уу?
-Би сэтгүүлч мэргэжлээр сурч байсан. Энэ зүйлээс шалтгаалаад хоёрдугаар курсээсээ сургуулиасаа гарсан. Мөрөөдөл маань мэдээж мундаг сэтгүүлч болох байсан. Гэрийнхэн маань намайг мундаг тайлбарлагч болоосой гэж хүсдэг байсан. Би хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсан шиг тайлбарлагч болно гэж боддог байлаа. Гэр бүлийнхэн маань ч намайг тийм болж чадна гэж итгэдэг байсан. Харамсалтай нь мөрийтэй тоглоомоос болоод мөрөөдлөөсөө хагацсан. Гэхдээ одоо ахиад сурах боломж бий л дээ.
-Хамгийн их гомдоосон хүн хэн бэ?
-Ээжийгээ л их гомдоосон доо. Ээж миний стриймийг их дэмждэг байсан. Би үзэгчдээ "эрдэнэ" гэж нэрлэдэг байсан. Яагаад "эрдэнэ" гэдэг вэ гэхээр манай ээж эхээсээ есүүлээ, бүгдийнх нь нэрийн төгсгөлд эрдэнэ гэх үг орсон учраас үзэгчдээ тэгж дууддаг байсан юм. Гэхдээ би сайн хүү байж чадаагүй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.