“МАК” компани зөвхөн ОФФИСЫН ажилчдаа л амраасан уу

Одоогоос дөрөв хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 06-нд “МАК” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажилчдадаа цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, 2500 гаруй ажилтандаа нэг сарынх нь цалинг бүтэн олгоод амрааж байгаа гэсэн юм.
Тэгвэл Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК цемент” үйлдвэрт одоогоор 100 гаруй хүн ажиллаж байгаа, цалинтай чөлөөгөөрөө амарч чадахгүй байгаа. Улмаар үндсэн цалингийнхаа 60 хувийг л авсан гэх мэдээлэл бидэнд олдсон юм. Мөн тус компанийн Налайхын үйлдвэр нь ч ажилчдаа ажиллуулсан хэвээр байгаа гэх.
Харин зөвхөн төв оффисынхоо ажилчдыг амраагаад үйлдвэрийнхээ ажилчдыг ажиллуулсан хэвээр байгаа гэх мэдээлэл байна.
Энэ талаар бид “МАК” ХХК-ийн дэд Ерөнхийлөгч Б.Энхмандахтай холбогдож тодруулахад “Би амарч байгаа. Өөр газар хурал, цуглаантай байна. Тийм гомдол ирэх үндэслэл байхгүй” гэх хариултаас өөр мэдээлэл өгсөнгүй.
Мөн тус компанийн захиргаа удирдлагын газраас нь тодруулахад, “Манай бүх ажилчид амарсан. МАК цементийн үйлдвэрт засварын ажил явагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн засварын ажилд хамаарах хүмүүс л ажлаа хийж байгаа. Мөн Налайхын үйлдвэрт ч мөн засварын ажилчид л ажиллаж байна. Яг хичнээн хүн ажиллаж байгаа нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө.
Нэмэлтээр мэдээлэхэд, “коронавирус”-ийн нөлөөгөөр БНХАУ-ын талын нүүрс татан авалт багассантай холбогдуулан урд хөрш рүү Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогч “МАК” ХХК, “Өсөх зоос” ХХК-иуд түр зогсолт хийгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан боомт дахь ажилчид нь амарсан гэсэн үг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.