Уушги солиулах хагалгаанд хоёр удаа орсон 16 настай хүүгийн түүх

Танд дөнгөж 16 насандаа уушги солиулах хагалгаанд хоёр ч удаа ороод гарсан хүүгийн эрэлхэг хэрнээ сэтгэл шимшрэм түүхийг хүргэе. Тэрээр өөрт тохиолдсон энэ гашуун туршлагаа нийт өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эхэд сургамж болгох үүднээс дэлгэсэн байна.
Хүүгийн нэрийг Даниел Амент гэдэг бөгөөд тэрээр өвдөхөөсөө өмнө маш сонирхолтой амьдралаар амьдарч байжээ. Өөрийн насны хүүхдүүдтэй харьцуулахад тэрээр бүхий л төрлийн спорт, тэмцээн уралдаанд өөрийгөө сорьж, басхүү хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож, шагнал хүртэл авч байсан аж.
Даниел өвдөхөөсөө өмнө Гросс Пойнт сургуульд суралцдаг байсан бөгөөд Тэнгисийн цэргийн хүчинд орох мөрөөдөлтэй байсан гэнэ. Гэвч өвчтэй гэдгээ мэдэх үед түүний энэ бүх мөрөөдөл салхинд замхарсан гэхэд болно.
Одоогоос жилийн өмнө Даниел гэнэт ухаангүй болж эмнэлэгт хүргэгдэхдээ, тамхи татах зуршил нь түүний уушгийг бараг үгүй хийснийг мэджээ. Тэр өдрөөс хойш хүү 29 өдрийн турш амь гарах ердөө 10 хувийн боломжтойгоор эмчилгээнд орж эхэлсэн байна.
Даниел уушги солиулах хагалгаанд орсон хамгийн залуу өвчтнөөр нэрлэгдэж, түүний тухай хэвлэлээр шуугих болов. Түүнд мэс засал хийсэн эмч Хэнри Форд хэлэхдээ,

“Би түүний уушгийг хараад үнэхээр цочирдсон. Дөнгөж 16 настай хүүхэд гэхэд түүний уушгинд эрүүл хэсэг байхгүй, тас хар болсон байсан. 20 жилийн турш уушгины хагалгаа хийхдээ урьд нь ийм уушгитай хүн харж байсангүй. Хар тамхи л татдаггүй юм бол түүний уушги ийм болох боломжгүй” гэсэн нь хүүг ч ихэд гайхшруулав.
Эмчийн үг бүхнийг тодорхой болгосон байжээ. Учир нь хүү тамхийг ихээр нь татдаг. Тэр дундаа электрон тамхи, вэйп голдуу хэрэглэдэг байсан нь үүнд хүргэсэн байна.
Тэрээр одоо өдөрт 20-иод ширхэг эмийг уудаг, биеийн ачаалалтай ажил хийх, гүйх, спортоор хичээллэх гээд түүнийг тодорхойлох олон зүйлсээс бүр мөсөн салах шаардлагатай болсон юм.
Тиймээс хүү өөртэй нь ижил өсвөр насны хөвгүүдэд муу зуршлаас хол байж, хүүхэд насаа илүү хөгжилтэй өнгөрүүлэхийг уриалсан байна.
“Өсвөр үеийнхэн маань илүү ухаалаг байж миний алдааг бүү давтаасай. Үргэлж одоо хийж байгаа зүйлийнхээ хожмын хор хөнөөл, үр дагаврыг боддог байгаасай гэж хүсэх байна. Одоо мэдрэгдэж байгаа зүйл үргэлж чамд бодогдохгүй гэдгийг л сайн санаарай” хэмээжээ.
Түүний энэхүү зоригтой алхам олон хүүхэд, залуучуудад итгэл найдвар урмыг хайрласан байна.
ЭХ СУРВАЛЖ: www.fox10phoenix.com











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.