ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Нээгдсэнээс нь хойш хоёр сарын хугацаанд нэг хүний оффисоор 500 гаруй хүн үйлчлүүлжээ

Заримдаа бидэнд ганцаараа сууж, өөрийгөө хөгжүүлэх тав тухтай орчин хэрэгтэй байдаг. Харин бидний энэ хэрэгцээг бүрэн шийдсэн нэгэн үйлчилгээ бол  нэг хүний оффис өрөө юм. Уг үйлчилгээ Монголд нэвтрээд  хоёр сар болох гэж байгаа бөгөөд бид нэг хүний оффисоос явцын сурвалжилга бэлтгэхээр “UBH” төвийг зорилоо.

Нийт нэг хүний 28 оффис өрөө байдаг аж. Биднийг очиход 23 өрөө хүнтэй байв. Өрөөнд хүн орж ирснийг анзаарах сөхөөгүй бүгд л дор бүрнээ хийж байсан зүйлээ үргэлжлүүлнэ. 10 өрөө нь тусдаа, 18 өрөө нь тусдаа байх бөгөөд 10 өрөөний хананд Х.Хатанбаатар, Б.Идэр-Од, Шарк Д.Энхтүвшин гэх мэт олны танил эрхмүүдийн зургийг байршуулжээ. Мөн зарим өрөөний ханан дээр цээжлэхээр наасан үгс, жижиг самбар байв.

Удалгүй бидэн дээр тус үйлчилгээг санаачлагч Э.Буян-Ундрах ирлээ. Үйлчлүүлэгч ихтэй байсан тул бид түүний ажлын өрөөнд хэсэг саатав. Тэрбээр өнгөрсөн хавар их сургуулиа төгсөж, есдүгээр сараас нэг хүний оффис өрөөг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Түүний бага нас Говь-Алтай аймагт өнгөрсөн бөгөөд хүүхэд байхаасаа л өөрийн гэсэн өрөөтэй болохыг мөрөөддөг байсан гэнэ. Оюутан болж хотод ирээд ганцаараа суух боломжтой газар хайсан ч олддоггүй байж. Тухайн үед надаас өөр хүмүүс ч гэсэн ганцаараа суух боломжтой газар хайж байгаа даа гэж бодсон нь бизнесээ эхлүүлэхэд нь хүч болсон байна. Мөн аав ээж хоёр нь их дэмжжээ.

Ингээд бид түүнтэй нар тонгойхын өмнөхөн нэг хүний оффис өрөө хэр эрэлттэй байгаа, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөтгөх гэж буй талаар ярилцлаа.

“БИД ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЕРӨӨСӨӨ АМРААГҮЙ. ЦААШДАА Ч АМРАХГҮЙ”

-Нэг хүний оффисыг Монголд нэвтрүүлээд бараг л хоёр сар болж байна. Иргэд ер нь хэр сонирхож байна?

-Шинэ үйлчилгээ болохоор маш их сонирхож байна. Нэлээн эерэгээр хүлээж авч байна шүү. Оюутнууд, хуваариа бизнес эрхэлдэг хүмүүс гээд салбар салбарын л хүмүүс ирж байна. Мөн ажлынхаа завсраар ирж суудаг хүмүүс ч бий. Гэхдээ дийлэнх нь гэвэл залуучууд их байгаа. Ямар ч хүнд ганцаараа баймаар үе байдаг. Тэр өдрүүдэд нь оффисууд, кофе шопууд хаачихдаг л даа.  Тиймээс бид тэмдэглэлт баярын өдрүүдэд ерөөсөө амраагүй. Цаашдаа ч амрахгүй гэж бодож байгаа.

-Энэ хугацаанд нийт хэчнээн хүн танайхаар үйлчлүүлэв?

-Одоогоор хамгийн дээд тал сараар, цагаар өрөө авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 10 хүн сараар нь өрөөгөө захиалчихсан байгаа. Хүмүүс ихэвчлэн өдрөөр, цагаар үйлчлүүлж байна.

Ер нь хоёр сарын хугацаанд 500 гаруй хүн үйлчлүүлсэн.

-28 өрөөтэй юм байна. Одоо хэчнээн өрөө нь сул байгаа вэ?

-Ер нь урд өдөр захиалгаа өгөөд өрөөнүүд дуусчихдаг. Одоогоор сул өрөө байхгүй.

-Ер нь цаашдаа энэ төрлийн үйлчилгээг Монголд нэвтрүүлээд явахад хүндрэлтэй зүйл юу байна вэ?

-Залуу хүнийхээ эр зоригоор энэ бүхнийг эхлүүлээд явж байгаа болохоор аливаа асуудлыг хүндрэл бэрхшээл гэж харахаасаа илүү, аль болох болгоно гэж л зүтгэж байна. Угаасаа амар юм гэж байхгүй шүү дээ. Хүмүүс эерэгээр хүлээж авч байгаа нь аливаа асуудлыг ажрахгүй байх урам зориг өгч байгаа.

-Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээ Монголд идээшихээр байна гэж ойлгож болох уу?

-Ер нь бол хэрэгтэй, үгүйлэгдэж байсан үйлчилгээг зориг гаргаад  эхлүүлчихсэн юм байна даа гэж бодож байгаа.

Энэ үйлчилгээгээ цааш нь улам хөгжүүлж, багаар ажиллах боломжтой өрөөнүүд гаргахаар төлөвлөж байна.

-Багаар хамтарч ажиллах өрөөтэй болохоос гадна үйл ажиллагаагаа хэрхэн өргөтгөе гэж бодож байна?

-Одоо иргэд манай фэйсбүүк пэйж хуудас руу холбогдоод сул өрөөний мэдээлэл хараад, цаг авч болох юм. Мөн манай ажилтантай холбогдоод мэдээлэл авах боломжтой.

Харин цаашдаа заавал хүнтэй холбогдолгүй онлайнаар өрөөгөө захиалж, хүнтэй харьцахгүйгээр тооцоо хийх боломжтой болгох юм. Мөн заавал нэг цагаар биш, 10, 20 минут ороод гялс ажлаа амжуулаад явж болохоор болгоно доо.

“ИХЭНХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭС 24 ЦАГ АЖИЛЛАЖ БОЛОХ УУ ГЭСЭН САНАЛ ИРЖ БАЙГАА УЧИР ЦАГИЙН ХУВААРИА ӨӨРЧЛӨХӨӨР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА”

-Ер нь ганцаараа суугаад юм хийх боломжтой өрөө учир зохиолч, яруу найрагчид ирж байгаа болов уу гэж бодож байна. Ер нь танайхаар үйлчлүүлсэн олны танил эрхмүүдээс нэр дурдвал?

-Сайн мэдэхгүй байна. Чимээгүй ирээд суудаг зөндөө хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ ерөнхийдөө гадаадын тэтгэлэг горилж байгаа, хэл сурч байгаа залуус их сууж байгаа харагддаг.

-Өглөөний 08-20 цаг хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Өглөөгүүр үйлчлүүлж байгаа хүмүүс  хэр их байна вэ?

-Ер нь Улаанбаатарын амьдрал 10 цагаас эхлээд байгаа юм шиг санагддаг. Өглөө үйлчлүүлж байгаа хүн ер нь ховор шүү. Өглөөний 08-10 цагийн хооронд тал өрөө нь хүнгүй, заримдаа бүр огт хүнгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ яг урд өдөр нь өглөө найман цагаас очно гээд цаг авдаг хүмүүс бас бий.

-Одоо нэг цаг нь хоёр мянга, өдөр нь арван мянга, сарын төлбөр нь 200 мянган төгрөг байна. Ер нь цаашид эрэлт ихтэй байвал төлбөр нэмэгдэх үү?

-Бид энэ оффисоо нээхдээ энэ бол эхлэх үнэ, эхлэх цагийн хязгаар гэж ярьж байсан Гэхдээ эрэлттэй байлаа гээд ашиг олж болох юм байна гээд төлбөрөө хэтэрхий их нэмэхгүй. Мэдээж бизнес юм чинь үйлчлүүлэгчдийн тоо, орлогоо харж байгаад яваандаа цагийн хуваарь, төлбөрт бага зэргийн өөрчлөлт оруулна.

-Цагийн хуваарь өөрчлөлт оруулна гэлээ. Үйлчлүүлэгчдээс цагийн хуваарт өөрчлөлт оруулаач гэсэн санал хэр их ирж байна вэ?

-Маш их санал ирж байгаа. Ихэнх үйлчлүүлэгчид 24 цаг ажиллаж болох уу гэдэг. Тэгэхээр бид ойрын хугацаанд цагийн хуваариа өөрчлөхөөр төлөвлөж байгаа.

“ГЭР ХОРООЛОЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ САЛБАР НЭЭНЭ”

-Гэр хороолол юм уу, хөдөө орон нутагт өөр салбар нээе гэсэн бодол байгаа юу?

-Одоогоор шууд тэнд салбараа нээнэ гээд төлөвлөчихсөн юм бол алга. Манайх анх 10 өрөөтэй эхний оффисоо нээгээд долоо хоногийн дараа 18 өрөөтэй нэг оффис нээсэн. Анх бизнесээ эхлүүлэхдээ гэр хороололд салбар нээнэ гэсэн зорилт тавьчихсан байсан. Мөн хөдөө орон нутагт нээх бодол байгаа. Удахгүй биеллээ олоод явна гэдэгт итгэлтэй байна.

-Арван өрөөний ханан дээр зураг наагаад тохижуулжээ. Байнгын үйлчлүүлэгчид өөрсдөө тохижуулсан уу?

-Анх нээсэн 10 өрөөгөө 10 алдартны өрөө болгоод бид өөрсдөө тохижуулсан. Тухайн өрөөг сараар нь болон 14 хоногоор нь түрээсэлсэн үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө хийх юмыг авч ирээд, өрөөгөө тохижуулах боломжтой. Зарим үйлчлүүлэгч маань суурин компьютероо аваад ирсэн байгаа. Мөн өрөөндөө өмсөх углаашаа авчраад, үлдээх ч боломжтой.

-Хүн бүхэн өөрсдийн эд зүйлээ хадгалуулах боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ боломжтой.

-Танай зүгээс оффист сууж байгаа хүмүүстээ ямар шаардлага тавьдаг вэ?

-Үйлчлүүлэгчид маань усны саваа авч ирээд ус уух боломжтой. Усны саваа орхисон бол нэг удаагийн аяганд ус уух боломжтой. Харин манай зүгээс бусдадаа саад болохгүй байхыг л сануулдаг. Угаасаа ганцаараа төвлөрч суух, чимээгүй орчин хүсэж байгаа хүмүүс ирж байгаа учир бусдадаа саад болох тохиолдол харьцангуй бага

-Хэрэв цаг авчхаад цуцлуулбал торгуультай юу?

-Үгүй ээ. Одоохондоо бол торгууль байхгүй. Яваандаа торгуультай болно. Одоо бол цагтаа ирээгүй үед нь залгаад өнөөдөр ирэх эсэхийг нь асуудаг.

-Та ер нь энэ бизнесийг эхлүүлэхээс өмнө тодорхой төсөөлөлтэй байсан байх. Төсөөлөлд чинь хүрч чадав уу?

-Төсөөлөлд маань хүрч байгаа. Энд сууж байгаа оюутнууд маань хэлний шалгалтдаа тэнцэж байна. Оюутнуудаас “Өөрийнхөө юмыг хийх гэхээр 600-700 мянган төгрөгөөр оффис түрээсэлж сууж чадахгүй. Гэртээ өрөөгүй болохоор хэцүү байдаг. Танайх үнэхээр тус болж байна” гэсэн сэтгэгдлүүд их ирдэг. Энэ сэтгэгдлүүдээс их эрч хүч авч байна даа.

-Ер нь гарааны бизнес эхлүүлье гэж бодож байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Залуучуудад хийхсэн, бүтээхсэн гэсэн хүсэл зориг байдаг шүү дээ. Би гэхэд л ганцаараа сууж, төвлөрөх өрөөтэй болох юмсан гэж арван жил хүсэж мөрөөдсөн. Гэхдээ арван жил зүгээр л бодож явсан.

Тэгээд өнгөрсөн зун яг зориглож шийдээд, эхлүүлэхээр болсон. Тэгэхээр залуус маань бодоод байгаа юмаа зоригтойгоор хийгээд үзээрэй.

Биднийг ярилцаж байх хооронд хаалга тогшиж, цаг авсан хүмүүс орж ирж байв. Мөн тооцоогоо хийх гэж ч хүмүүс орж ирнэ. Үйлчлүүлэгчид тооцоогоо бэлэн мөнгөөр эсвэл шилжүүлэх боломжтой аж. Ингээд бид Э.Буян-Ундрахын өрөөнөөс гарч, нэг хүний оффис руу оров. Дотор сууж байсан үйлчлүүлэгчдээс зөвшөөрөл авч, гурван үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг сонслоо.

Л.Баярмаа

Саяхан фэйсбүүкээс ийм газар байдгийг мэдсэн. Өнөөдөр анх удаагаа л ирж байна. Маргааш шалгалттай болохоор шалгалтдаа бэлдэх гэж 17 цагийн үед ирсэн. Орой 20 цаг хүртэл суух бодолтой байна. Шалгалт бэлдэх, төвлөрөх үед ийм газар маш их хэрэгтэй байдаг. Хүмүүсийн хэрэгцээг анзаарч, ийм сайхан газар нээгдсэнд баяртай байна.

П.Нандин-Эрдэнэ

Миний хувьд их сургуулиа төгсөх гээд, төгсөх шалгалтдаа бэлтгээд сууж байна. Уг оффист долоо хоног ирсэн. Өдөрт доод тал нь таван цаг сууж байгаа. Ганцаараа суугаад хичээл хийх боломжтой болохоор их тайван, тухтай.

М.Хонгорзул

Би өнөөдөр анх удаа ирж байна. Өглөө нээсэн цагаас нь эхлээд сууж байна даа. Анхаарал маш сайн  төвлөрч байна. Миний хувьд одоо төрийн албаны шалгалтад бэлдэээд л сууж байна. Монголд ийм төрлийн оффис нээгдсэн нь хүмүүсийн боловсролд их эерэгээр нөлөөлөх байх.

Их сургуулийн оюутан, нягтлан бодогч, сургуулиа төгсчхөөд шалгалтад бэлтгэж байгаа гурван хүнтэй бид уулзлаа. Тэдний сууж байсан өрөө цонхгүй тул өрөөнд сэнс, агааржуулагч тавьсан байв. Мөн хаалгыг үе, үе онгойлгодог аж. Харин 18 хүн тус тусдаа суух боломжтой хажуу талын өрөө том цонхтой тул агаар сайтай байлаа.

Хэрэв та нэг хүний оффистой холбогдохыг хүсвэл ЭНД дараарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.САНЧИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-16 18:35

Ийм сайхан хөдөлмөрч, бүтээлч з�##�уучууд олон болох болтугай." Эзэн хичээвэл, Заяа хичээнэ" гэж манай ард түмний онож хэлсэн үгээр явж байгаа з�##�уу байна. Цаашид улам их амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button