НИЙГЭМ

АНУ-ын “Ebay” сайтад генерал Б.Доржийн дуураймал мөрдсийг 2500 ам.доллараар зарахаар байршуулжээ

Дэлхийд тэргүүлэх худалдааны платформуудын нэг “ebay” сайтад хувь хүмүүс болон бүх төрлийн худалдаа эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулдаг. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт тус сайтад Армийн генерал Д.Доржийн мөрдсийг 2.499.00 америк ам.доллараар худалдаалахаар байршуулжээ. Ингэхдээ зарын доод хэсэгт:

“Тун ховор дөрвөн одтой Зөвлөлтийн үеийн Монгол Генералын мөрдэс. Ард нь тайлбар бүхий бичигтэй бөгөөд өмнө нь жинхэнэ генерал ашиглаж байсан. Одоогийн Монголд уг цол нь хамгийн өндөр хэргэм. Та дахин хэзээ ийм өндөр цолны мөрдэс олж авахгүй. Уг мөрдөс 100 хувь жинхэнэ” хэмээх тайлбарыг бичсэн нь сонирхол татна.

“Ebay” сайтад тавигдсан зар болно

Тухайн зард Д.Дорж генералын мөрдсийг урд болон ард хэсгээс авсан хоёр зургийг хавсаргасан байх бөгөөд “А/2 погон Дорж, урт нь 17 см хийсэн 1-р сарын 24” хэмээн бичжээ. Та бүхний харж байгаачлан хуучны бэх болон тамгаар баталгаажуулсан байх аж.

“Ebay” сайтад тавигдсан зарын зураг болно

Тухайн мөрдэс жинхэнэ эсэх талаар Б.Дорж генералын гэр бүлээс: “Худалдааны сайтад тавигдсан мөрдэс нь хуурамч. Жинхэнэ мөрдэс генералын зээ охинд байгаа” хэмээх тайлбарыг хэвлэлд өгчээ.

ГЕНЕРАЛ Б.ДОРЖИЙН НАМТАР

Батын Дорж (1914.09.17)-(1982.07.23) нь БНМАУ-ын Улсын баатар, анхны Армийн Генерал (1971 онд), цэргийн зүтгэлтэн, улс төрч, элчин сайд зэргийн нэр хүндтэй ажлыг нэр төртэйгээр биелүүлж явсан хүн юм.

  • 1929-33 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга,
  • 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч,
  • 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга,
  • 1938-40 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга,
  • 1940-48 онд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга, ДЯЯ-ны цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд,
  • 1948-52 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын цэргийн академийн дээд курст сурч төгссөн.
  • 1952-56 онд Чойбалсан дахь морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн, “Совмонгол металл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч,
  • 1956-59 онд ЦНАХХЭГ-ын сайд,
  • 1959-61 онд НАХЯ-ны сайд,
  • 1961-68 онд БНАСАУ-д, БНАГУ-д, ХБНСЮУ-д БНМАУ-аас суусан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,
  • 1968-69 онд НАХЯ-ны орлогч сайд бөгөөд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга,
  • 1969-78 онд БХЯ-ны сайд,
  • 1978-82 онд ХТАЗХ-ны даргаар ажиллажээ.

Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Османы дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.

ГАВЬЯА ШАГНАЛ

БНМАУ-ын:

  • АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Улсын баатар цол
  • Сүхбаатарын одон 2 удаа
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • Алтангадас одон 2 удаа
  • Хүндэт хилчин
  • Байлдааны ба ойн медалиуд,

Гадаад Орны:

  • ЗХУ-ын Лениний одон
  • ЗХУ-ын Улаан Тугийн одон
  • ЗХУ-ын Эх орны дайны 2-р одон
  • БНБАУ-ын Улаан тугийн одон
  • Югославын улаан тугийн
  • БНАСЧУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар шагнагджээ.

БНМАУ-ын Ардын Армийн цол:

  • 1944 онд анхны хошууч генералуудын нэг
  • 1956 онд дэслэгч генерал
  • 1969 онд хурандаа генерал
  • 1971 онд анхны армийн генерал цолыг хүртжээ.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button