Нийгмийн

“COVID-19”-ИЙГ “ЯЛСАН” МОНГОЛЧУУД: Тэдний эдгэсэн түүх, вирустэй өнгөрүүлсэн өдрүүд

Дотоодод халдвар зөөрлөгдөж ирсээр байхад монголчууд амны хаалтаа зүүхгүй амар тайван л байцгаасан. Бүгд л тусгаарлалтад итгэж байсан хэрэг. Гэвч энэ сарын 11-ний өглөө сэрэхэд халдварыг дотооддоо алдчихсан гэх мэдээ чих дэлдэж, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосноос хойш дотоодын халдварын тоо 235 болж, нийт халдвартай иргэдийн тоо 672 боллоо. Эдгээр иргэдээс өнөөдрийн байдлаар 342 нь буюу 51 хувь нь эдгэрчээ.

Гэсэн ч манай улс халдвартай иргэддээ ямар эм тариа хэрэглэж буй нь өнөөдрийг хүртэл нууц байгаа юм. Гурав хоногийн өмнө ЭМЯ мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Халдвар авчхаад далдуур эм ууж, өвчнөө хүндрүүлэх тул эмийн нэрийг нь зарлахгүй гэдгээ мэдэгдсэн.

Манай сайт энэ удаа ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж эдгэрсэн гурван иргэнтэй онлайнаар холбогдож ярилцлаа. Харин тэд нэрээ нууцлахыг хүссэн юм. Учир нь нийгэм даяараа халдвар авсан хүнийг гадуурхаж, дайрч давшилж буй тул эмзэглэж байна гэв. Манай улс халдвар авсан иргэдээ хэрхэн эмчилж буйг тэдний жишээнээс харцгаая.

ИРГЭН Т: Хятад, Япон эм болон витамин С ууж, адууны мах, аарц ааруул иддэг байсан

Би долдугаар сард эх орондоо ирсэн. Намайг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, шууд ХӨСҮТ-д тусгаарласан. Маргааш нь шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагдсан. Анх ямар ч шинж тэмдэг илрээгүй. Үнэрлэх, амтлах мэдрэмж гэнэт алга болж, гурав хоногийн дараа хэвийн болсон. Тухайн үед би уушгины хатгаатай байсан билээ. Тиймдээ ч биеийн байдал хүндэвтэр гэж оношлогдсон. Гэхдээ уушгиндаа хатгаатай байсан хэрнээ, хатгаагүй байсан хүмүүсээс түрүүлж эдгэрсэн. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Би гадаадад байнга л тахианы мах идэж байсан. Харин эх орондоо ирээд адууны мах, аарц, ааруул идсэн. Эргэлтээр ирдэг байсан л даа. Мөн тусгаарлалтад байхдаа өрөөндөө байнга л дасгал хийдэг байсан.

Харин эмнэлгийн зүгээс бидэнд уух эмийг гурав хоногоор нь өгчихдөг байв.  Зарим эмийнх нь нэрийг санахгүй байгаа ч Хятад, Япон эм, Витамин С, ягаан эм уудаг байсан. Витамин С болон Хятад эмийг өдөрт тус тус гурван удаа ууна. Шар өнгөтэй Япон эмээс харин эхний хоёр хоногт нэг дор найман ширхгийг уусан. Сүүлдээ багассаар өдөрт гурван ширхгийг уудаг болсон. Сувилагч эгчийн хэлснээр бол их үнэтэй эм юм шиг байна лээ. Анзаараад байх нь энэ Япон эмийг  уушгиндаа хатгаатай хүмүүс уугаад байх шиг байсан. Мөн надад өглөө оройдоо судас тариа хийдэг байсан. Тэгээд өглөө оройдоо содтой усаар хоолойгоо зайлж, Бифорон нэртэй тосыг хамартаа түрхэнэ. Хамгийн гол нь халуун юм байнга уудаг байсан. Ер нь Монголд эмчилгээ сайн байсан шүү.

Гэхдээ эмч нар өгч байгаа эм болон тарианууд юуных, ямар нь энэ эмийг уугаад, ямар нь уухгүй байгааг хэлдэггүй байсан. Миний ууж байгаа эмийг хажуу орны хүнд өгөхгүй байх жишээний. Мөн гурав хоног тутамд шинжилгээ авдаг байсан  ч шинжилгээний хариу ямар гарсныг хэлдэггүй байсан. 

Яахав өвчтөнүүдийнхээ сэтгэл санааг хямраахгүй гэсэндээ шинжилгээний хариуг нь сөрөг гарах хүртэл хэлдэггүй байсан байх л даа.  

Миний хувьд 22 хоног эмчлүүлж эдгэрээд “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. Сувиллын тусгаарлалтад өрөөндөө гурвуулаа 14 хоног байсан. Гэрийн тусгаарлалтын дараа би сайн дураараа шинжилгээ өгсөн л дөө. Бас л сөрөг гарсан. Одоо хааяа хүнд хүчний ажил хийхээр бие сульддаг. Гадаадад байж байгаад ирсэн болохоор л тэгж байгаа байх.

ИРГЭН Н: Надад бараг л эмчилгээ хийгээгүй

Надад ямар шинж тэмдэг илрээгүй. Эх орондоо зургадугаар сарын сүүлээр ирээд шинжилгээ өгсөн. Давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн. Өвчтөнүүдийн биеийн байдлаас хамаараад хийж байгаа эмчилгээ харилцан адилгүй байсан. Надад бол бараг л эмчилгээ хийгээгүй. Үрэвслийн эм долоо хоног уусан. Өдөрт нэг ширхгийг уудаг байсан. Мөн Витамин С ууж, хамартаа тос түрхдэг байсан.

Гадаадаас ирсэн болохоор монгол хоолоо идэх сайхан байсан. Бид ХӨСҮТ-д өглөө ихэвчлэн каш, сүүтэй будаа, өдөр, орой нь шөлтэй хоол, мантуун бууз, ПИРОЖКИ, цуйван иддэг байсан.

Халдвартай хүмүүсээс гурав хоногийн давтамжтай шинжилгээ авдаг байсан ч хариуг нь хэлдэггүй. Уг нь хүн өөрийнхөө шинжилгээний хариуг мэдэх ёстой шүү дээ. Харин гурван удаа шинжилгээний хариу нь  сөрөг гарсан хүнийг сувилал руу шилжүүлдэг байсан. Намайг сувилал руу шилжүүлэхдээ л  таны шинжилгээний хариу сөрөг гарсан гэж хэлсэн. Би “Энхсаран” сувилалд 5 хүнтэй хамт нэг өрөөнд тусгаарлагдсан. Сувиллын ажиглалтад байхдаа гурван удаа шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан.  Хэд хоног эмчилгээ хийлгэснээ мартжээ. Одоо биеийн байдал хэвийн сайхан л байна.

ИРГЭН Б: Гадаадад халдвар тусаад эдгэрсэн ч Монголд ирээд шинжилгээ өгөхөд халдвартай байсан

Миний хувьд долдугаар сард эх орондоо ирсэн. Гадаадад байхдаа халдвар аваад эдгэрчихсэн байсан. Ямар ч эм уугаагүй. Тухайн үед дандаа л буцалсан ус уудаг байсан. Халдвар тусаад эдгэрснээ эх орондоо ирэхийн өмнө шинжилгээ өгөөд мэдсэн. Харин Монголд ирээд шинжилгээ өгөхөд халдвартай байсан.

Нэрийг нь сайн санахгүй байгаа ч ХӨСҮТ-д байх хугацаандаа гурван төрлийн эм уусан. Мөн хамарт түрхэх Бифорон гээд тос өгсөн. Хоолны дараа аньсны шүүс, сүү, тараг өгдөг байсан. Гурваас тав хоногийн давтамжтайгаар шинжилгээ авна. Цус 5 хоноод, PCR шинжилгээг 3 хоноод авдаг. Харин дараалаад гурван удаа шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан иргэнийг сувилал руу явуулдаг.

Миний хувьд 22 хоноод эдгэрч, “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан л даа. Сувилалд нийтдээ хоёр удаа шинжилгээ өгсөн. Биднийг сувиллаас гарахад дархлаагаа сайн дэмжээрэй гэж зөвлөсөн. Одоо биеийн байдал хэвийн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button