НИЙГЭМ

Э.Эрдэнэбаяр: Засвар хийхээр очсон өдрөө “Аман хуур” хотхонд тусгаарлагдан, орцонд, шалан дээр хоносон

Баянзүрх дүүргийн “Аман хуур” хотхоны дөрвөн давхрын оршин суугчаас коронавирус илэрсэн тул өнгөрсөн сарын 27-нд тухайн байрыг бүхэлд нь тусгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон юм. Тухайн өдөр “Аман хуур” хотхонд засвар хийхээр очсон засварчин Э.Эрдэнэбаяр гарах боломжгүй болж, тэр өдрөө орцонд, шалан дээр хоножээ. Өдгөө “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдаад буй түүнтэй ярилцлаа.

ХОЛБОГДОХ ДУГААРУУД РУУ НЬ ЗАЛГАХАД ХАРИУ ӨГӨӨГҮЙ. ТЭНД ХЭД ХОНОХОО МЭДЭХГҮЙ ИХ САНДАРЛАА

-Өнгөрсөн сарын 27-ний өглөө ЭМЯ “Аман хуур” зочид буудлын оршин суугчаас халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Таныг засвар хийхээр дуудлагаар очиход ямар нэгэн хөл хорио тогтоогоогүй байсан юм уу?

-Харин тийм ээ. Уг нь тэгж мэдээлсэн юм билээ. Би мэдээгүй юм л даа. Баянзүрх дүүргийн 14 хороог хариуцсан Орон сууцны конторт би ажилладаг. Манайх ус, дулаан, хангамж хариуцдаг болохоор хөл хорионы үед ажиллаж байгаа.

Оршин суугчаас ирсэн дуудлагын дагуу би “Аман хуур” хотхонд 11.00 цагийн орчимд засвар хийхээр очсон. Тэгэхэд ямар ч хөл хорио тогтоогоогүй, юу ч болоогүй юм шиг байсан юм. Нэг давхрынх нь айлд засвар хийчихээд гарах гэтэл хөл хорио тогтоон, битүүмжилчихсэн байсан. Уг нь ер удаагүй, 10 минут л болсон байх. Тэрүүхэн хооронд тийм юм болчихлоо. Сандраад холбогдох дугаарууд руу нь залгахад хариу өгөөгүй. Аргагүйн эрхэнд тэр шөнөө орцонд, пилтан шалан дээр хоносон. Аймар хүйтэн, их даарсан. Тэнд хэд хонохоо, хэнд хандахаа мэдэхгүй их сандарлаа.

-Ажлаа хийж яваад тусгаарлагдсан болохоор ямар ч бэлтгэлгүй байсан нь мэдээж. Орцонд хонох болсноо засвар хийсэн айлдаа ч юм уу хэлж, гудас, хөнжилний тусламж хүссэн үү?

-Өө, ямар юмных нь бэлтгэл байх вэ. Засвар хийчихээд л гарна, орой нь ажлаа тараад харина гэсэн бодолтой явсан шүү дээ. Оршин суугчдад нь санаа зовоод хэлээгүй. Байрнаас нь халдвар илэрч, битүүмжлээд байхад туслаа ч уу, үгүй ч үү.

ХАМГААЛАЛТАД ЗОГСОЖ БАЙСАН ДЭД АХЛАГЧ ГЭРЭЭС НЬ ИРСЭН ХООЛОО НАДТАЙ ХУВААЖ, ИДСЭН

-Тэр өдрөө хоол, унд идсэн үү?

-Манай ажлынхан гаднаас ойр, зуурын идэх юм хамгаалалтад зогссон ажилтнуудаар дамжуулж, өгсөн. Тэнд хамгаалалтад зогсож байсан, дэд ахлагч цолтой залуу гэрээс нь ирсэн хоолоо надтай хувааж идсэнд баярлалаа.

-“Халдвар авчих вий” гэж хэр их санаа зовов?

-Тэгж санаа зовоогүй ээ. Дөрвөн давхарт амьдардаг иргэнээс халдвар илэрсэн юм билээ. Би нэг давхрын айлд засвар хийсэн болохоор гайгүй байх гэж бодсон. Хоёр давхар амны хаалт, бээлийтэй явсан болохоор харьцангүй тайван байлаа.

-Гэнэт тийм юм болсонд гэрийнхэн нь их гайхсан, санаа зовсон байх.

-Тэгэлгүй яах вэ. Тусгаарлагдаад, “Аман хуур”-д хонохоос өөр аргагүй болсноо хэлээд хоносон. Дахиад хонож магадгүй нь гээд гэрээсээ хөнжил гэх мэт ойр зуурыг юм захьчихсан байсан юм.

Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 28-нд “TV8” телевиз надаас тодруулга авсан. Тэрийг үзсэн юм уу, яасан харьяа байгууллагаас надтай холбогдоод, тусгаарлах байранд тусгаарлахаар болсноо хэлсэн. Тэгээд л энд ирлээ. Одоо “Эрхэс” зочид буудалд тусгаарлагдаад хоёр хонож байна. Энд багадаа 14 хонох байх.

ТУСГААРЛАЛТЫН МӨНГИЙГ УЛСААС ТӨЛӨХ ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ

-Тусгаарлалтын мөнгийг нь улсаас гаргах уу. Эсвэл байгууллагаас нь, хувиасаа төлөх үү?

-Харин яах юм бол. Энэ талаар ёстой мэдэхгүй байна. Энд байгаа эмч нараас асуухаар “Улсаас гэж яригдаж байсан. Сайн мэдэхгүй” гэнэ лээ. Тухайн иргэнээр төлүүлнэ гэвэл өгөх боломж надад байхгүй.

-Танай байгууллагынхнаас ажлаа хийж яваад ингэж тусгаарлагдсан өөр хүн бий юү?

-Байхгүй.

-Улсаас, танай байгууллагаас хувцас, хэрэгслээр ажилчдаа хэр сайн хангаж, халдвар, хамгааллын дэглэм баримтлуулж байна вэ?

-Ёстой сайн хангадаг. Сэтгэл хангалуун явдаг.

ХАНИА, НАЙМАН САРТАЙ ХҮҮХДЭЭ ИХ САНАЖ, САНАА ЗОВЖ БАЙНА

-Та хэн, хэнтэйгээ хамт амьдардаг вэ. Хөл хорио тогтсон, хаана хаанаа санхүүгийн хүндрэлтэй байгаа үед гэрийнхээ хүнсийг хангалттай нөөцөлсөн үү?

 -Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд минь одоо найман сартай. Азаар яг ийм юм болохын өмнөх өдөр би амарсан. Тэгээд гэрийнхээ хүнсийг цуглуулчихсан байсан юм. Тэгээгүй бол одоо ёстой баларч байхгүй юу. Хэдийгээр хүнс, ойр зуурынх нь юмыг цуглуулж өгсөн ч ханьдаа, хүүхэддээ их санаа зовж байна. Тэдэнтэйгээ үргэлж утсаар холбоо барьж, “Дажгүй юу. Юу болж байна” гэж асуудаг. Ойрд хүүхэд маань шөнө уйлаад, унтахгүй байгаа гэсэн. Аавыгаа үгүйлээд, санаад байгаа бололтой.

БАНКНЫ ЗЭЭЛЭЭ СҮҮЛИЙН ХОЁР САР ТӨЛЖ ЧАДААГҮЙ

-Хэдийгээр танай салбар хөл хорионы үед ажиллаж байгаа ч санхүүгийн хувьд танайд хэр хүнд тусаж байна вэ?

-Ер нь хэцүү байна. Манайх банкны зээлээ төлж чадахгүй хоёр сар болж байгаа. Цалингийн зээлтэй. Сүүлд буусан цалингаар байрны түрээсээ төлөн, ойр, зуурын хэрэглээний юмаа аваад л таарлаа.

-Тусгаарлах байртай холбоотой гомдол мэр сэр гардаг. “Эрхэс” зочид буудлын тухайд ямар байна вэ?

-Тохилог, тухтай, цэвэрхэн, хоол унд сайтай юм байна. Үнэндээ энэ нь тийм, тэр нь ийм байна гээд хэлэх гомдол алга.

ТУСГААРЛАЛТАД БАЙХ ХУГАЦААНД ДАХЬ ЦАЛИНГ МИНЬ НӨХӨЖ ОЛГОХ ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ

-Өдөржингөө тусгаарлагдаж байх амаргүй. Ялангуяа ганцаараа бол бүр ч шаггүй. Та ер нь өдөрт юу хийдэг вэ?

-Тусгаарлах байранд өдөр өнгөрөөнө гэдэг чинь ёстой хэцүү юм байна. Ихэвчлэн утсаа оролдоод л, гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг. Одоо гялс тусгаарлалтаас гараад, гэртээ харих юм сан гэж яарч байна.

-Тусгаарлалтад байх хугацаан дахь цалинг танд олгох уу?

-Мэдэхгүй ээ. Харин яах юм бол. Ямар ч байсан ажлаа хийж яваад ийм юм болсон чинь олгох байлгүй дээ.

-Танаас коронавирусийн шинжилгээ авсан байх. Хариу нь гарсан уу?

-Одоогоор хоёр удаа өгөөд байна. Хоёулаа сөрөг гарсан. Өнөө орой (өчигдөр) надаас шинжилгээ авч магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button