НИЙГЭМ

КОРОНАВИРУС ТУСААД ЭДГЭСЭН ИРГЭН: Монголын иргэн болж төрсөндөө, энд ирсэндээ харамсаж байна

ОХУ-д байхдаа коронавирус тусаж, тэнд эмчлүүлэн, эдгэрээд эх орондоо ирсэн нэгэн иргэн цахим хуудсандаа ингэж бичжээ. Өдгөө Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй түүний PCR шинжилгээний хариу сэжигтэй гарсан гэнэ.

Тэрбээр фэйсбүүктээ “Миний бие … овогтой … (Овог, нэрийг нь нууцлав) Оросын холбооны улсад долоон сар гацаж, ээлжит татан авалт болохыг Улаан-Үүд хотод хүлээх хугаацаандаа коронавирусийн халдвар авсан. 15 хоног эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд гарсан. Эмнэлгээс гараад гурван хоногтоо багтаж Монгол улсдаа ирж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байх 10 дахь хоног дээр Сэлэнгэ зочид буудал руу зөөвөрлөж авчирсан. Тусгаарлалтын мөнгө өдрийн 50.000 төгрөгөөр бодож 21 хоногын нийт 1.050.000 төгрөг авсан.

Орос улсад гурван удаа ПСР шинжилгээ, хоёр удаа цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан. Монгол улсад дөрвөн долоо хоног тусгаарлах хугацаанд нийт таван удаа ПСР шинжилгээ, нэг удаа цусны дэлгэрэнгүй авсан. Дөрөв дэх удаагийн ПСР шинжилгээний хариу сэжигтэй байна гэж үзэн тав дахь шинжилгээг хот руу явуулсан гэсэн. Гэтэл энд хамт тусгаарлагдаж байсан Улаанбаатар хотын иргэдийг дөнгөж сая надаас бусдыг нь аваад явлаа.

Харин чиний шинжилгээний хариугаас шалтгаалж яахаа шийднэ гэж хэлээд намайг үлдээлээ. Би коронавирусээр өвдөж эдгээд сар гаран л болох гэж байна. Хэрэв дахин туссан бол энэ хулганатай цэв хүйтэн аймшигтай байрнаас л туссан байгаа.

Мөн вирусний халдвар авч, эдгэсний дараа дархлаагаа дэмжиж биеэ маш сайн анхаарах ёстой байтал нар салхи үзэлгүй хүйтэн газар хэт урт хугацаанд хоригдож бие минь улам бүр муудаж байгааг би мэдэрж байгаа. Энэ бүгдийг хэнд ч хэлээд нэмэргүй, огт сонсохгүй.

Мөн ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй намайг болон гэр бүлийг минь давхар маш их зовоож байна. Би энэ улсын иргэн болж төрсөндөө, гэр бүл эцэг эхтэйгээ уулзах гэж ирэх шийдвэр гаргасандаа одоо маш их харамсаж байна” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button