НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Амны хаалтнаас өөр коронавирусээс хамгаалах “зэвсэг” Хот тохижилтынхонд алга

-Коронавирусээс хамгаалах хувцас чийг татдаг, ажлынх нь нөхцөлд тохироогүй тул Хот тохижилтынхон өмсөхөөс татгалзжээ-

Газрын уруу эрчээ аван хурдласан автобус уулзварын цаана мөсөн толио үүссэнийг хараад огцом хурдаа хасав. “Давс цацаж байгаа юм болов уу. Нуль хальтиргаа” гэж ард сууж байсан нэгэн хэлэхэд жолооч “Хот тохижилтынхон хурдхан цэвэрлэхэд яадаг байна аа” гэж уцаарлав.

Эцсийн буудлаас 07.20 минутад хөдөлсөн автобусны цонхоор шар хувцастай хүмүүс цас, мосон толиог балбах нь балбан, шүүрдэх нь шүүрдэн, амьхандаа чадах чинээгээрээ яаран ажиллана. Тэд бол Хот тохижилтынхон. Үүр шөнөөр ажилдаа гарч, олон, олон жолоочийг ингэж уурлаж, бухимдахаас урьтаж цэвэрлэх гээд яарч байгаа нь энэ. Нийслэлийн амьдрал бужигнан, хөл хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө амжиж Улаанбаатар хотыг цэвэрлэн, хунгарласан цас, тогтсон толиог арилгах нь тэдний үүрэг. Хот тохижилтынхны ажлын нөхцөл, ачааллыг тодотгоход “Хүнд, хүчир, хэцүү” гэдэг үгс жулдана.

Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоогоод буй өнөө цагт халдвар авах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс бол Хот тохижилтынхон. Бид тэднийг ТҮК-ийн ажилчид гэдэг нэрээр нь илүү сайн мэднэ. Хүн бүхэн халдвар, хамгааллын дэглэм баримталж, юун гудамж талбай цэвэрлэх нь битгий хэл гэрээсээ ч гарахгүй, бусадтай аль болох ойртохгүй байхыг эрхэмлэж буй. Коронавирусийн халдвар авах эрсдэл үргэлж отож буй, эгзэгтэй цаг үед тэгж суух эрх Хот тохижилтынхонд байхгүй.

Урд явж байсан хоёр охин чихрийн цаасаа хогийн сав руу чулуудтал дотор нь орсонгүй. Савыг нь ойгоод газар уналаа. Өнөөх чихрийн цаасыг Хотын тохижилтын нэгэн ажилтан гараараа аваад, хогийн сав руу хийв. Чихрийн цаас хаясан охин ямар нэгэн халдварт өвчинтэй бол яах вэ. Бүр цаашлаад коронавирус туссан, түүнийгээ мэдээгүй явж байгаа бол юу болох вэ. Зүгээр л захын жишээ татахад, ийм байна. Ийм учраас Хот тохижилтынхныг халдвар авах эрсдэл үргэлж отож байдаг гэж онцолсон юм.

Ийм эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй Хот тохижилтынхонд өнөөдөр амны хаалтнаас өөр “зэвсэг”, “бамбай” алга. Коронавирусээс хамгаалах зориулалтын хувцсаар байгууллагаас нь хангасан ч цантуулдаг, чийг татдаг тул өмсөнгөө ажлаа хийх ямар ч боломжгүй байж. 10-аад хоног өмсөөд аргагүйн эрхэнд больжээ. Өдөржин цэвэрлэн, хөлс дааварлан зогсдог тэдний ажил, мэргэжлийн онцлог, нөхцөлд эрүүл мэндийн зориулалтын хувцас даанч үл тохирсон байна.
Хүрздэх, лантуудах, хүчтэйхэн хөдлөхөд энэ тэрүүгээрээ урагдчихдаг, гарынх нь аяыг ер даахааргүй байсан гэнэ. Нэг талаараа арга ч үгүй. Эмнэлгийн нэг удаагийн хувцас хүйтэнд хөрч, гадаа гандаж явдаг ажилчдад яаж тохирох билээ дээ. Тиймээс Хот тохижилтын ажилчид хөл хорио тогтсон, халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр буй өнөө цагт хамгааллын хувцасгүй, өнөө л брэнд болсон шар хувцастайгаа, дэмий амны хаалтаа ойр, ойрхон солиод ажиллахаас өөр аргагүй байгаа нь дэндүүү чамлалттай.

Халдвараас хамгаалах хувцастай ажиллаж байх үеийн зураг.

Хот тохижилтын ажилчид робот биш. Тэд бидэнтэй л адилхан хүн. Хөлсөө үе үе арчин, ядарч буйгаа ч анзаарах сөхөөгүй ажилладаг тэднийг коронавирус тойрохгүй. Харин ч эсрэгээрээ өдөржингөө гадаа, хотын аль л бохир бүхнийг цэвэрлэж явдаг болохоор халдвар авах магадлал, эрсдэл тэр хэрээр өндөр.

Хот тохижилтынхон шар хувцсаа өглөө гэрээсээ өмсөөд гарна. Өдөржингөө ажиллахдаа ч мөн өмсөнө. Орой ч мөн өмсөөд харина. Тэгэхээр үүнийг дагаад тухайн ажилтны хувцсанд вирус “наалдсан” байлаа гэхэд гэрийнхэнд нь халдаах эрсдэлийг төдий чинээ нэмж байгаа юм. Тэд ийм хүнд нөхцөлд, амны хаалтаар л коронавирустэй “байлдан” ажиллаж байхад төр, засгаас төдийлөн дэмжихгүй байх шиг.

Онцгой, эмнэлэг, цагдаагийн алба хаагчдад тэдэн төгрөгний урамшуулал олгохоор боллоо гэх мэдээлэл байсхийгээд л гардаг. Гэтэл тэднээс дутахгүй хүнд нөхцөлд ажиллаж буй Хот тохижилтынхныг улсаас урамшуулах нь битгий хэл цалинг нь ч нэмсэнгүй. Улсаас урамшуулал олгож, цалинг нь нэмэхгүй юм гэхэд тэдний ажилын нөхцөлд тохирсон, гарынх нь аяыг даах хамгаалалтын хувцсаар хангаж, халдвар авах эрсдэлээс хамгаалах юу юунаас илүү чухал байгаа юм. Бид энэ удаа энэ асуудлыг хөндлөө.

Б.ГАНЦЭЦЭГ: ЧИЙГ ТАТААД, ДОТУУР НЬ ӨМССӨН ХУВЦСЫГ НЭВТ НОРГОЧИХДОГ БАЙСАН

Бидний эхний уулзсан хүн Б.Ганцэцэг. Тэрбээр Нийслэлийн Хот тохижилтын газрын 13 дугаар хэсэгт ажилладаг.

-Та байгууллагадаа хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Гурав дахь жилдээ ажиллаж байна. Өдөрт манай ажил 07.00 цагт эхэлдэг. Би гэрээсээ 06.10 хавьцаа гардаг. Орой ажил 16.00 цагт тардаг.

-Та бүхэн халдвар эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байна. Нийслэлийн хот тохижилтын газраас ажилчдадаа хамгааллын хувцас олгосон юм билээ. Та бүхэн яагаад өмсөхөө больсон юм бэ?

-Чийг аймар татдаг. Бид өдөржин ажилладаг, их хөлөрдөг. Коронавирусээс хамгаалах хувцас чийг их татдаг юм билээ. Жаахан хөлрөнгүүт дотогшоо цан цохидог. Дотуур нь өмссөн хувцас нэвт норчихдог. Тэгж их хөлөрч, цан цохиулж явбал хатгай тусах эрсдэлтэй. Хүнд биед их сөрөг нөлөөтэй.

 Тийм болохоор бид хэд аргагүйн эрхэнд өмсөхөө больчихсон. Бид дур мэдэн болиогүй. Байгууллагаас өмсөхгүй байх чиглэл өгсөн юм.

-Ер нь та хэд хоног өмссөн бэ?

-Тав хоноод нэгийг солихыг зөвлөсөн юм. Би нэгийг яг тав хоног өмсөөд больсон. Чийг татаад байхаар нь дахиж өмсөөгүй. Одоо тэгээд шар хувцсаа, бээлий, амны хаалтаа өмсөөд л ажлаа хийж байна.

-Амны хаалтнаас өөр зориулалтын хувцас, хэрэгсэл танд алга. Тэгэхээр энэ хэрээр халдвар авах эрсдэлтэй ажиллаж байна шүү дээ.

-Харин тийм ээ. Мэдээж аюулгүй байдлаа бодохоор өмсмөөр санагдана. Өмсвөл халдвараас хамгаалах боломжтой. Тэгтэл чийг татаад, цантаад байгаа болохоор ажлаа хийхдээ өмсөх боломж даанч алга.

-Ажлаа хийж явахдаа халдвар авчих вий, халдвартай иргэнтэй хавьтчих вий гэж хэр их санаа зовдог вэ?

-Ер нь тэгж санаа зовдоггүй. Өглөө эрт сайхан агаарт ажиллаад, өлчир, чийрэг байдаг болохоор гайгүй байх.

-Амны хаалтыг хэдэн цаг тутамд больж байгаа бол?

-Хоёр цаг тутамд сольдог. Өдөрт дөрвөн маск халааслаад гардаг.

-Өдөр бүхэн ийм нөхцөлд ажиллахаар биед нь ямар нэгэн сөрөг нөлөө гарах юм уу?

-Гайгүй ээ. Хөдөлж байхад учир нь олдоно шүү дээ.

-Одоо гадаа их хүйтэн байна. Та хэр их даарч байна вэ?

-Үргэлж хөдлөн, ажил хийж байгаа болохоор огт даардаггүй. Хөдөлж л байвал дулаахан байдаг. Одоо бүр сурчихсан.

-Ажлынхаа юугаар нь та хамгийн их бахархдаг вэ?

-Цэмцийтэл цэвэрлэсэн газраа эргээд харах их сайхан. Улаанбаатар хотын минь өнгө төрх бидний ажлаас шалтгаалж байна гэж бодохоор их учир утгатай ажил хийж байгаа юм шиг санагддаг. Хогоо битгий ил задгай хаяарай, жолооч нар тамхиныхаа ишийг цонхоор битгий хаяарай гэж захья.

-Та хэдүүлээ амьдардаг вэ. Хөл хорио тогтоогоод байгаа нь танай амьдрал хэр ачаа нэмж байна вэ?

-Манайх ам бүл зургуулаа. Хань, хүү минь Хот тохижуулахад ажилладаг. Хүү минь инженер. Хань минь мэс засалд орж, одоо эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Хоёулаа ажиллаж байгаад ганцаараа болсон чинь санхүүд их нөлөөлж байна.

Д.ЦЭРЭНПАГМА: ХАЛДВАРААС ХАМГААЛАХЫН ТУЛД ӨМСЬЕ ГЭЖ ХИЧЭЭСЭН Ч ҮНЭНДЭЭ БОЛООГҮЙ

(Нийслэлийн Хот тохижилтын газрын 13 дугаар хэсгийн ажилтан)

Би байгууллагадаа ажиллаад жил гаруй болж байна. Халдвараас хамгаалах зориулалтын хувцсыг өмсөөд ажлаа хийх гэж оролдсоон, оролдсон. Цан цохиж, чийг татаад ёстой усан хулгана болгочих юм билээ. Усанд орчихсон юм шиг болчихдог байлаа. Хот тохижилтын бид өмсөөд ажлаа хийх боломжгүй. Оффисын ажилтай хүнд бол өөр л дөө. Чийг татахгүй материалтай хувцсаар биднийг хангах чухал байна. Би өглөө гэрээс энэ хувцсаа өмсөөд гарч ирдэг. Өдөржингөө энэ хувцастайгаа ажил хийдэг. Орой ч мөн энэ хувцсаа өмсөөд харьдаг. Уг нь халдвараас хамгаалах хувцас өгөхөд нь өдөржин ажил дээр өмсчихөөд гэрт  орохдоо тайлчихаад байсан юм. Одоо тэгэх боломж алга. Тэгэхээр энэ хэрээр гэр бүлийнхэндээ халдвар тараах эрсдэл нэмэгддэг. Би ажлаа хийж яваад халдвар авах вий гэхээс айдаг. Бүх ажилчид ийм эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа.

Би гурван хүүхдийн хамт амьдардаг. Нэг нь гэрээрээ ажиллаж байгаа. Нөгөө хоёр нь сурагч. Өдрөөс өдөрт амьдрал хүндэрч байгаа. Гурил, будаа авхаас авхуулаад санхүүгийн хямрал амьдралд илт мэдрэгдэж байна.

Д.БАТБАЯР: ДААВУУН МАТЕРИАЛААР ХИЙВЭЛ БИДНИЙ АЖИЛД ИЛҮҮ ТОХИРОХ БАЙХ

(Нийслэлийн Хот тохижилтын газрын нэгдүгээр хэсгийн ажилтан)

Халдвараас хамгаалах хувцас ёстой нөхцөлгүй чийг татдаг юм билээ. Байгууллагаас “Өмсөхгүй байж болно” гэсэн. Тэгснээс нь хойш өмсөөгүй. Өмнөхийг ер удаан өмсөөгүй. Сүүлийнх нь харин арай дээр юм байна лээ. Бид заримдаа шөнө цас орвол шөнийн цагаар ажилладаг. Даавуун материалаар хийсэн хамгаалалтын хувцас байвал зүгээр, бидний ажилд илүү тохирох байх. Манай ажилд зориулалтын хувцас зайлшгүй шаардлагатай байна. Би байгууллагадаа 10-аад жил ажиллаж байна. Гудамж талбайг цэмбийтэл нь цэвэрлэн, хүмүүс тавтай тухтай байхыг нь хараад ажлаараа бахархдаг. Сайхан үедээ сайхан, хэцүү үедээ хэцүү. Цас орсон үед гялс зам гаргаарай гэж дарга нарт загнуулах хэцүү.

Б.МӨНХЦЭЦЭГ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАА-ны ЧИГЛЭЛИЙН ДАГУУ АЖИЛЧДАДАА ХАМГААЛАХ ХУВЦАС ӨМСҮҮЛЭХЭЭ БОЛИУЛСАН

Мөн бид энэ асуудлаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хот тохижилтын ажилчид халдвараас хамгаалах хувцасгүй, коронавирус тусах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Ажилчдаараа халдвар, хамгааллын дэглэмийг баримтлуулах, халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

 -Улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өнөө цагт манай байгууллагын 377 ажилтан ажиллаж байна. Ажилчдаа халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүд авсаар байгаа. Нийт ажилчиддаа халдвар, хамгааллын хувцас, гутлыг нормативынх нь дагуу тавилаа. Ажилчдын халууныг өглөө бүр тогтмол үзэн, амны хаалтаар хангаж байгаа. Эгзэгтэй мөчид ажиллаж байгаа учир ажлын цагийг нь нэг цагаар хэсэг хугацаанд богиносголоо. Гэсэн сүүлийн хэдэн өдөр Улаанбаатарт ойр ойрхон цас орсон тул хуучин хуваарийн дагуу 07.00-16.00 цагт ажиллаж байна. 0-12 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдаа ажлаас чөлөөлөн, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг чухалчилж байгаа.

Бэлэн байдалд шилжин, хөл хорио тогтоонгуут халдвараас хамгаалах хувцсаар ажилчдаа хангасан. 2000 орчим хувцас авсан. За, ингээд ажилчдаа хамгааллын хувцсаар хангаад явж байтал ийм байдал үүслээ.  Энэ хувцас Хот тохижилтын ажилчдад зориулсан бус эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгсэл. Чийг татан, цантаж, дотуур нь өмссөн хувцсыг нэвт норгон, ажилчид өмсөхөд хүндрэлтэй байсан.

-Тэгэхээр нь өмсүүлэхээ болиулсан юм уу?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хамгаалах хувцас бол эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгсэл. Тийм учраас зам, талбайн үйлчлэгч нарт өмсүүлэхээ зогсоочих” гэх чиглэл өгсөн. Одоо зам талбайн үйлчлэгч нарт өмсүүлэхээ больж, нөөцөнд хадгалчихсан байна. Бусад ажилчид бүгд өмсөж байгаа. Манайх ийм хувцас оёулсан юм (үзүүлэв). Хоёр өөр өнгийнх. Цагаанаас нь 1200, ногооноос нь 490-ыг авсан.

-Монголын компаниар захиалгаар оёулсан уу?

Халдвараас хамгаалах хувцастай ажиллаж байх үеийн зураг.

-Хөл хорио тогтоон, гэнэт сандралдахад захиалаад, захиалгаас гарахыг нь хүлээх хугацаа байгаагүй. Тиймээс цагааныг нь шууд худалдаж авсан. Ногооныг нь захиалгаар оёулсан.

-Хот тохижилтын ажилчдын ажлын нөхцөлд ийм хамгаалах хувцас тохирох эсэхийг яагаад судлаагүй юм бэ?

-Дээрээс “Ажилчдаа хамгаалах хувцсаар ханга” гэсэн чиглэл өгсөн. Улаанбаатарт гэнэт хөл хорио, тогтон юу боллоо доо. Яг тэр үед ажилчдаа л хамгаалах хувцсаар хурдхан хангая гэж яараад, үнэндээ тэгж судлах, турших боломж цаг хугацааны хувьд байгаагүй.

ХӨЛРҮҮЛДЭГГҮЙ, ЧИЙГ ТАТДАГГҮЙ МАТЕРИАЛААР ХАМГААЛАХ ХУВЦАС ХИЙЛГЭХ НӨӨЦ, БОЛОМЖ БИЙ

-Танай байгууллагын ажилчид өглөө гэрээс гарахдаа өмссөн хувцастайгаа өдөржин ажиллаад, орой ч мөн өмссөөр харьдаг гэнэ. Хэрвээ тухайн ажилтан халдвар авлаа гэхэд гэр бүлийнхэндээ халдаах, хувцсаар халдвар дамжих эрсдэл эрсдэл тэр хэрээр өндөр байх шиг. Хөлрүүлж, чийг татуулдаггүй материалаар хамгаалах хувцас хийж өгөх боломж бий юү?

-Байгаа. “Хөлрүүлдэггүй, чийг татдаггүй материалтай хамгаалалтын хувцсаар ажилчдаа ханга” гэвэл бидэнд нөөц, боломж бий.

-Хэрвээ тийм хувцсаар хэдийд хангах боломжтой вэ?

-Яг тэдий хугацаа зарцуулна, тэдэн төгрөг болно гэж одоо хэлэх боломжгүй. Гол нь ямар материалаар хийлгэхээс шалтгаална.

-Эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцаснаас арай үнэтэй тусах байх.

-Тэгэх нь тодорхой.

-УОК, Засгийн газраас олгож буй нэмэлт урамшууллын гадна хот  тохижилтынхон үлдээд буй, тэднийг үлдээлээ гэх шүүмжлэл гарсаар байгаа. Танай байгууллагаас цалингийн нэмэгдэл олгож байгаа юу?

-Би одоогийн байдлаар ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй байна. Тусламж, дэмжлэг өгөх боломжтой.

-Улсаас ямар нэгэн урамшуулал олгосон уу?

-Олгоогүй.

-Уг нь цар тахлын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа гэдэг талаараа нэмэлт урамшуулал олгоход буруудахгүй санагддаг. Энэ талаар хөөцөлдсөн үү?

-Хөөцөлдөөгүй.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-12-09 10:47

Oor uy huseed bga uym bol,amni haalt ariutgagch 2 l bgaa shde

Зочин
Зочин
2020-12-09 12:36

Б.Мөнхцэцэгээ Энэ хүмүүсийнхээ ц�##�ин хөлсийг нэмэгдүүлэх т�##�аар хөөцөлдөөчээ Үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа харагдах юм Өөрөө нэг бүтэн өдөр хамт гадаа байгаад үзээч Нэмэгдүүлнэ үү гээд дээд дарга нарынхаа үүдийг өдөр шөнөгүй сахиад нэхээд байх юм нэмж өгнөө. Боломж байгаа Францад дүүжин тээвэрт өгсөн 28 тэрбум аа буцааж авахад л ханг�##�ттай хүрнэ шүүдээ

Мягаа
Мягаа
2020-12-10 03:34
Reply to  Зочин

Яг зөв шүү ц�##�ин хөлсийг нь нэммээр

1
1
2020-12-11 01:54

ТҮК- АЖИЛЧИД ХҮНД НӨХЦӨЛД аиллаж б.а тэдний нөхцөл хортой.өдөржин -20 градусийн хүйтэнд царцаагаараа ажиллан, бензин с�##�яркийг шороо тоостой хольж уушиглан аа яаа яаа хүнд даваа шүү .ГЯЛС ЗАМ ГАРГАХ ур�##�даан -30, -40 градуст - аюултай ял юм даа. ер нь өвөл бол өдөр унд хоол идэх хэдэн минут байдгийн бол доо. цуйвангаа лав з�##�гилчихдаг бас буцламгай юмыг нэг амьсгаагаар з�##�гилдаг байх.үүнээс л улаан хоолой хавдар үүснэ шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button