ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

“TIME” СЭТГҮҮЛИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД: Кибер дээрэлхэлт, усан дахь хар тугалгыг илрүүлэх төхөөрөмж бүтээсэн Рао

Жил бүр оны онцлох эрхмийг тодруулдаг уламжлалтай “TIME” сэтгүүл 2020 онд “Nickelodeon” телевизтэй хамтарч, анхны удаа оны онцлох хүүхдийг шалгаруулсан байна.

Шалгаруулалтаар 15 настай Колорадо мужийн оршин суугч Гитанжали Рао тодорчээ. Тэр хиймэл оюун ухаан ашиглаж аппликейшн бүтээж, бохирдсон ундны ус, хар тамхины донтолт гэх мэт нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэхээр ажилладаг юм байна.

Гитанжали Рао Колорадо мужийн “Lone Tree” хотод амьдардаг бөгөөд Денвер хотын захад оршдог “STEM School Highlands Ranch” сургуулийн 11-р ангид суралцдаг ажээ. Түүнийг 5 мянга гаруй хүүхдээс шалгаруулсан бөгөөд ялагчийг Юонг Дилан, С.Чингүүн, Скай Катз гэх мэт “Nickelodeon”, “Disney” ертөнцийн одод, “Time For Kids” телевизийн сэтгүүлчид, комедиан Тревор Ноа нараас бүрдсэн комисс тодруулсан байна.

Рао “Associated Press” агентлагт “Zoom”-ээр дамжуулан өгсөн ярилцлагадаа “Энэ шагналыг авна гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй.  Манай болон ирээдүйн үеийхэнд анхаарлаа хандуулж байгаад би их баярлаж, талархаж байна. Учир нь ирээдүй бидний гарт байгаа шүү дээ” хэмээжээ.

“TIME” сэтгүүл “Nickelodeon”-той хамтарсан мэдэгдэлдээ “Америкийн залуу үеийнхэн дунд өсч хөгжиж буй манлайлагчдыг үргэлж, дэмжиж, урамшуулахыг хүсэж байна” хэмээжээ. Дээр дурдсанчлан, сүүлийн 92 жилийн турш “TIME” сэтгүүл “Оны онцлох хүн”-ийг тодруулдаг байсан юм. Өнгөрсөн жил 16 настай Грета Тунберг “Оны онцлох хүн”-ээр тодорч уг шагналыг авсан хамгийн залуу хүн болсон билээ.

Раог дэлхий даяарх олон сая залуу зохион бүтээгчдэд урам зориг өгч, мөрөөдлөө дагахад нь тус дэм болсон хэмээн “TIME” сэтгүүл дүгнэсэн юм. Хийж байгаа зүйлдээ дуртай байвал хэчнээн жижгээс эхлэх нь огт хамаагүй гэж Рао үздэг.

Түүний зохион бүтээх үйл нь эрт эхэлжээ. Анх 12 настайдаа Рао усан дахь хар тугалгыг илрүүлдэг зөөврийн төхөөрөмж зохиож байжээ. Мөн “Epione” гэх нэртэй хар тамхинд донтох өвчнийг эрт үед нь илрүүлдэг багаж бүтээж байсан юм.

Раогийн өөр нэг гайхалтай бүтээл бол хиймэл оюун ухаан ашиглан кибер дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “Kindly” аппликейшн юм. Уг аппликейшн ямар нэгэн үг эсвэл өгүүлбэр дээрэлхсэн маягтай байгаа эсэхийг мэдэхэд тусалдаг ажээ.

Жүжигчин, нийгмийн идэхтэн болон “TIME” сэтгүүлийн редактор Анжелина Жолитой Рао “Zoom”-ээр ярилцахдаа шинжлэх ухааны замналаа нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах зорилготой эхлүүлсэн гэж хэлсэн юм.

Жоли түүнээс “Шинжлэх ухаанд сонирхолтой гэдгээ хэзээ мэдсэн бэ?” гэж асуухад Рао “Би 10 настайдаа нүүрстөрөгчийн нано хоолойн мэдрэгчийн сэдвээр Денверийн усны чанар судлах лабораторид судалгаа хиймэр байна гэж аав, ээждээ хэлсэн. Ээж гайхаж “Ямар юм аа?” гэсэн. Энэ хоолойг судлах ажлыг манай үеийхэн л хийнэ. Хэрвээ хэн ч хийхгүй бол би хийнэ” гэж хариулсан” гэжээ.

Уг мэдрэх технологи нүүрс төрөгчийн атом ашиглаж хиймийн бодисыг илрүүлэх механизмтай. Рао хөдөөний сургуулиуд, музей, шинжлэх ухаан, инженерчлэл, математикийн байгууллагуудтай хамтран мянга мянган сурагчдад зориулж шинэ санаа гарган хэрэгжүүлэх урлан хүртэл бүтээсэн юм байна.

Рао ирээдүйд ямар инноваци хийхийг бид хүлээж байна.

Эх сурвалж: NBC News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button