УЛС ТӨР

Г.Занданшатар: Ирэх онд зээлийн хүү нэг оронтой тоо руу орох нөхцөл бүрдлээ

Өнөөдрийн /2020.12.31/ УИХ-ын чуулганы хуралдаан хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж дууссан тул өндөрлөв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар дараах үгийг хэлж, чуулганыг хаав.

“2021 оны босгон дээр отгон чуулганаа хуралдуулж, олон хувьсгалын эхлэлийг тавилаа. Авлигын эсрэг хууль, УИХ-ын тухай хууль, Хөгжийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг 10 орчим суурь хуулийг баталлаа.

Эдийн засгийн хувьсгал хийх, хөгжлийн бие даасан бүтэцтэй болгоход чиглэсэн ажлын хэсэг гарч ажиллаж, ажлаа дуусгаад байна. Ирэх онд үүнийг бодит болгох, хэрэгжүүлэх зорилгыг тавилаа.

Энэ онд бид ард түмний засаглах эрхийг хангасан, ил тод, цахим парламент болох ажлыг эхлүүллээ. Ингэснээр иргэдтэйгээ хамтарч хуулиа хэлэлцдэг тогтолцоог бий болголоо.

Коронавирусээс иргэдээ хамгаалах чиглэлд олон чухал шийдвэр гаргалаа. Англи улсын дараа коронавирустэй тэмцэх хуультай болсон хоёр дахь улс болсон. Ирэх онд зээлийн хүү нэг оронтой тоо руу орох нөхцөл бүрдэж байна.

Макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, баялаг бүтээгчдийг дэмжих нэг их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг өргөн барилаа. Хүү багатай зээлээр ЖДҮ бизнесийг дэмжих багц асуудлыг шийднэ. Ломбардын эрх зүйг орчныг сайжруулах хуулийн төсөл ч өргөн баригдаад буй. Голомтот бүсэд халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн баригдлаа.

Ийм чухал хуулиудыг баталсан, өргөн барьсан 2020 он байлаа. Учран золгож буй 2021 онд шударга ёс, сахилга хариуцлагыг эрхэмлэж, өсөлтийн үр шим нь өрх бүрд хүрсэн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болгох, дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх болно. Бид коронавирусээс тун удахгүй ангижирна. Нийт ард түмэн, эрхэм хүндэт гишүүддээ шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шинэ он хөгжил дэвшил, амар амгалан, сайн сайхныг авчрах болтугай”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button