ДЭЛХИЙ

Японы фирм 30 секундэд коронавирусийг 99.99% устгадаг гэрэл бүтээжээ

Японы “Nichia” нэртэй фирм гүн хэт ягаан туяа ялгаруулдаг лед гэрэл бүтээсэн нь 30 секундэд коронавирусийг 99.99 хувь устгах чадвартай аж. Тус фирм Токушима мужийн Анан хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүтээсэн лед гэрлээ олноор нь үйлдвэрлэж эхлэхэд бэлэн байгаа юм. Хэрвээ үйлдвэрлэх ажил эхэлбэл агаар цэвэршүүлэгч гэх мэт төхөөрөмжид хэрэглэхэд нэн тохиромжтой.

Тус компаниас бүрдүүлсэн баримт мэдээллээс харвал бүтээсэн лед гэрэл нь 280 нанометрийн урттай гүн хэт ягаан туяаг 70 милливатт оптик хүчин чадалтай ялгаруулах юм. Коронавирусийг устгахад хамгийн тохиромжтой долгионы урт бол 260 нанометр. Гэвч долгионы уртыг багасгавал оптик хүчин чадал ч мөн буурдаг аж. Ингэснээр лед гэрлийн ашиглалтын хугацаа буурах юм. “Nichia” компанийн мэдээлснээр 265 нанометрийн урттай долгион ялгаруулбал лед гэрлийг 2 мянга гаруй цаг ашиглах боломжтой. Харин 280 нанометр долгионы урттай гэрэл ялгаруулснаар ашиглах хугацааг 10 дахин нэмж 20 мянга болгоно гэсэн тооцоо компаниас гаргажээ.

Токушимагийн их сургуульд хийсэн туршилтаар тус лед гэрлийг гадаргуугаас  5 сантиметр зайд байршуулж 30 секундийн турш ажиллуулахад вирусийн 99.99 хувь нь устаж байгааг илрүүлсэн байна. Мөн Токушимагийн их сургуулийн эрдэмтэд 280 нанометрийн урттай долгион 260 нанометрийн туяатай ижил үр дүн үзүүлснийг тогтоосон юм. Учир нь 280 нм долгионы урттай гэрэл илүү өндөр оптик хүчин чадалтай байжээ.

“Nichia” фирмээс уг туршилтыг дурдаж лед гэрлийг практикт хэрэглэж эхлэхэд бэлэн хэмээсэн юм.

Эх сурвалж: Mainichi Shimbun

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button