УЛС ТӨР

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжих эсэх хариугаа өнөөдөр өгнө

Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. МАН-аас оруулж ирсэн энэ саналыг Ерөнхийлөгч хүлээж аваад, тогтоолын төсөл болгон Байнгын хороо, УИХ-д өргөн барих ёстой.

Тиймээс УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэдгийг хэлсэн.

Үндсэн хуулийн 39.2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” хэмээн заасан байдаг.

Тэгэхээр Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжих эсэх хариугаа өнөөдөр өгөх бөгөөд энэ долоо хоногтоо Ерөнхий сайдаа томилох, Засгийн газраа бүрдүүлэх ажил өрнөх нь.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button