Нийгмийн

Н.Нямбаяр: Хүүхдийн бие муу байгааг аавынх нь царайнаас хараад эмнэлэгт шуурхай хүргэж өгсөн

Өнгөрөгч хоёрдугаар сарын 13-ны 11 цаг 30 минутын үед эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гарсан аав, охин хоёрт тусалсан цагдаагийн алба хаагч өдгөө цахим ертөнцөд алдаршаад буй. Тодруулбал таталт өгсөн охиноо автомашиндаа суулгасан нэгэн аав цагдаагийн дохиог ч харах сөхөөгүй хурдтай явж байжээ.

Улмаар тус орчимд үүрэг гүйцэтгэж байсан Тээврийн цагдаагийн албаны Хамгаалалтын хэлтсийн ахлагч, замын зохицуулагч Н.Нямбаяр тус иргэнийг түр зогсоож, улмаар аавынх нь тэвдсэн царайг хармагцаа яаралтай зам чөлөөлөн тэднийг ЭХЭМҮТ-д хүргэж өгсөн байна. Бид хүүхдийн аав Б.Энхбаяртай холбогдоход:

“Хүүхдийн маань биеийн байдал хэвийн байгаа. Охин маань “Эпилепсия” хэмээх оноштой юм. Багадаа хэд хэдэн удаа хүчтэй таталт өгч байсан ч, сүүлийн жилүүдэд хэвийн байсан. Гэвч тухайн өдөр гэнэт таталт өгөөд би хүүхдээ тэвэрч машиндаа суулгаад, сандраад давхисан. Хоёр ч цагдаагийн пост дээр зогсож, хугацаа алдсан учир сүүлийн дохионд зогсохгүйгээр хурдтай давхисан юм”. Тэгэхэд Н.Нямбаяр гээд алба хаагч машинтайгаа ирээд намайг хармагцаа “Шууд яваарай” гэж хэлсэн. Бид бараг үг ч солиогүй байхад харцаараа ойлгож, хүнд үед бидэнд тусалсан. Маш их баярлаж байна” гэсэн юм.

Ийнхүү бид албан үүргээ гүйцэтгэж байхдаа гавъяа байгуулсан тус албан хаагчтай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-ӨВӨӨГӨӨ ДУУРАЙГААД Л ЦАГДАА БОЛОХЫГ БАГААСАА ХҮССЭН ЮМ-

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Нацагдоржийн Нямбаяр гэдэг. Би 1991 онд төрсөн. Батлан Хамгаалахын Их Сургуулийг “Эрх Зүйч” мэргэжлээр төгссөн. 2013 оны есдүгээр сард Замын цагдаагийн хамгаалалтын хэлтэст Цагдаа зохицуулагчаар ороод одоо 9 дэх жилдээ ажиллаж байна даа.

-Яагаад цагдаа мэргэжлийг сонгосон бэ?

-Манай өвөө сэргийлэгч байсан. Өвөөгөө дуурайгаад л цагдаа болохыг багаасаа хүссэн юм. Би өөрөө өвөө, эмээ дээрээ өссөн учраас бүхий л үлгэр дуурайллыг тэднээсээ авдаг байлаа.

-Өвөөгөөс тань өөр аав, ээж нь цагдаагийн алба хаагч байсан уу?

-Үгүй ээ. Гэр бүлээс өвөө маань л цагдаагийн хүн байсан юм. Хүүхэд байхын дэргэдээс нь ажил, мэргэжлийг нь харж өссөн учраас нэг л дотно, сайхан санагддаг.

-Өвөөгөө дэргэдээс нь харж байхдаа ажил мэргэжлийнх нь юунд дурлав?

-Өмсөж буй дүрэмт хувцаснаасаа эхлүүлээд л, их гоё санагдсан. Манай цагдаагийн хувцас, хэрэгсэл хүн харахад сүр хүчтэй, их бахдам. Түүгээр нь болон ер нь л ажил албаараа бахархаж явдаг даа. 

-Цагдаа дундаас яагаад замын цагдаа болохыг сонгосон бэ?

-Анхнаасаа л зөвхөн замын цагдаа болъё гээд болсон юм биш л дээ. Ер нь цагдаа л болъё гэж боддог байлаа. Ингээд 2013 онд сургуулиа төгсөөд Тээврийн замын цагдаад шалгалт өгөөд ярилцлагад ороод тэнцсэн. Тэгж л анх цагдаагийн байгууллагад хөл тавьсан даа.

-БИЕ НЬ ӨВДСӨН ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЗЭРГЭЭР ЗӨНДӨӨ ОЛОН ЗҮЙЛСТЭЙ УЧИРЧ БАЙСАН-

-Таны хувьд 9 дэх жилдээ ажил албаа гүйцэтгэж байгаа гэсэн шүү дээ. Энэ хугацаанд хүний амь аварч байв уу?

-Бие нь өвдсөн хүнд тусламж үзүүлэх зэргээр зөндөө олон зүйлстэй учирч байсан. Н.Энхбаяр даргыг огцруулахаар олон иргэд талбайд цуглаж, эмх замбараагүй байдал үүсгэж байлаа. Би тухайн үед Төв шуудангийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж таарсан юм. Тэгэхэд нэг жаахан хүүхэд “Манай ээж татчихлаа” гээд гүйгээд ирсэн. Очиход 40 орчим насны эгч жолоочийн суудалд таталт өгсөн байдалтай байсан.

Улмаар нөгөө эгчийг арын суудалд суулгаад нэгдүгээр эмнэлгийн хүлээн авахад ирсний дараа үүрээд оруулж өгсөн. Өмнө нь бас нэг жирэмсэн эмэгтэйг ЭХЭМҮТ-д хүргэж өгч байсан, шатаж байсан автомашиныг унтраасан зэрэг олон зүйлстэй учирч байлаа. Бидний ажил мэргэжил иймэрхүү олон чимээгүй гавъяаг байгуулах боломжийг олгодог. Тэр бүр үүнийгээ хүмүүст хэлээд зарлаад явахгүй шүү дээ.

-Хүмүүсээс олон ч урмын үгсийг сонсож байсан нь лавтай?

-Мэдээж хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж буй учир, маш тааламжтай, сайхан санагддаг. Гэхдээ тухайн үедээ биш бүр дараа нь л өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Хийсэн зүйлийн үр дүн сайнаар эргэсэнд их баярладаг. Нээрээ л би чинь ард түмэндээ, нийгэмдээ гавъяа байгуулчихсан юм байна гэх бодол төрдөг юм.

-Шатаж буй автомашины галыг унтраах, өвчтэй хүнийг эмнэлэгт хүргэх зэрэг гэнэтийн цочирдом зүйлстэй учраад сандарч, айж эмээв үү?

-Тэгэлгүй яах вэ. Тухайн үед дотроо айж эмээх ч, түүнийгээ гаднаа гаргахгүй байхыг хичээдэг. Бидний ажил алба ч тэр хатуужилтай, ямарваа зүйлд сэтгэлийн бэлтгэлтэй байхыг шаарддаг. Гэнэтийн зүйлд бэлэн байдалтай байж, айж сандрахгүйгээр арга хэмжээ авч чаддаг байх ёстой.

-Таны тусламж үзүүлсэн иргэдээс хожимоо ч гэсэн эргээд хариу талархал илэрхийлж байв уу?

-Бид иргэдээс хариу нэхэж тусламж үзүүлэхгүй шүү дээ. Тусалсан сэтгэл маань л өөрөө хамгийн сайхан зүйл юм. Түүнээс би түүнд тусалсан байхад, талархсангүй гэдэггүй. Гэхдээ мэдээж тухайн хүн талархсан сэтгэлээ илэрхийлээд, сайхан үгсийг хэлбэл маш сайхан санагдах болно. Миний тусалсан хүмүүс, машиндаа татсан эгч өөрт нь ямар хүн тусалсныг ч сайн мэдэхгүй.

Тухайн өдөр би чухал үйл явдалд үүрэг гүйцэтгэж байсан учраас нөгөө эгчийг эмнэлэгт хүргээд л шууд байрандаа эргэж ирсэн. Хамт байсан хүүхдээс аавынх нь дугаарыг асуугаад аав руу нь хэл дуулгасны дараа шууд буцаад гүйсэн юм. Бид хийсэн бүхнээ олон дунд яриад явахгүй шүү дээ. Харин сүүлд тусалсан охины аав хэвлэлд яриа өгснөөр хүмүүс намайг мэдсэн байсан.

-ААВЫН ЦАРАЙГ ХАРААД Л “ХҮҮХЭД МУУ БАЙГАА ЮМ БАЙНА” ГЭДГИЙГ ОЙЛГОСОН-

-Тухайн охины аавтай уулзах үеэр та хаана үүрэг гүйцэтгэж байсан бэ?

-Би Тээврийн замын цагдаагийн Хамгаалалтын хэлтэст 9676 гээд пасад машин жолооддог юм. Тухайн үед Олимпийн гүүр, Хоум Плазагийн орчим үүрэг гүйцэтгэж байсан. Бүх нийтийн бэлэн байдлын үе учир иргэдийг шаардлагагүй бол гэрээс гаргахгүй байх, зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг хийж байлаа. Тэгэхэд нэг цагаан “Lexus” маркийн автомашин хурдтай давхиад ороод ирсэн.

Улмаар би алаг тэрэгтэйгээ очоод тухайн жолоочийг зогсооход аав нь жолоо барьж байгаад “Хүүхэд татчихлаа” гээд орилсон. Царай нь хувхай цайгаад маш их сандарсан нь мэдрэгдсэн. Тиймээс “Шууд яваарай” гэж хэлээд би өөрөө хажууд нь гүперлэж явахдаа станцаараа хяналтын алба хаагчдад “Тухайн автомашиныг саадгүй нэвтрүүлээрэй” гэж хэлээд гэрлэн дохио хүлээлгэхгүйгээр ЭНЭМҮТ рүү хүргэж өгсөн. Аавынх нь царайг хараад “Хугацаа алдаж болохгүй, энэ машиныг зогсоож саатуулж болохгүй юм байна” гэдгийг шууд ойлгосон. Тиймээс аль болох түргэн л эмнэлэгт хүргэж өгөхийг хичээсэн. Эс бөгөөд эмнэлэг хүртэл маш олон удаан зогсох шаардлага гарч, төдий хэмжээгээр хугацаа алдах байлаа.

-Тухайн үед хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд би харж чадаагүй. Аавынх царайг хараад л “Хүүхэд муу байгаа юм байна” гэдгийг ойлгосон.

-Хүүхдийн аав тантай холбогдож, талархсан сэтгэлээ илэрхийлсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Аав нь эргэж холбогдоод “Та бүгдэд маш их баярлалаа” гэж ярьсан. Хүүхдийн биеийн байдал сайн гэдгийг сонсоод л их сайхан сэтгэгдэл төрсөн. Учир нь аав, хүүхэд хоёрыг эмнэлэг рүү оруулсны дараа “Нэг хүнд ч гэсэн тус боллоо доо” гээд л хажуудаа байсан ахлах дэслэгч н.Давааням гээд алба хаагчтайгаа яриад сэтгэл тэнэгэр буцсан. Дараа нь хүүхдийн аав телевизэд миний тухай ярилцлага өгсөн байсныг үзээд их сайхан санагдсан.

-Цагдаагийн постоор шалгалтгүй тээврийн хэрэгсэл, зорчигч нэвтрүүлжээ. Онцгой үеийн дэглэм мөрдөөгүй гэж зэмлүүлсэн үү?

-Үгүй ээ. Зэмлүүлээгүй. Хэдийгээр онцгой үе, замыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авсан ч гэсэн тухайн хүүхэд хугацаа алдсан бол юу болох байсныг таамаглашгүй нь. Цагдаагийн шалгалт бүрээр орвол мэдээж хугацаа алдах байсан. Тиймээс хүүхдийн аавыг хараад л хугацаа алдуулахгүй байх ёстойг ойлгосон. Бид үг ч солиогүй. Гэхдээ л бид харцаараа, мэдрэмжээрээ ойлголцсон. Зарим үед бүх зүйлийг махчилж, дүрэм журам дагахыг оролдолгүй, мэдрэмжиндээ л итгэх хэрэгтэй санагдсан.

-БИ ЕР НЬ ӨӨРИЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ, АЛБА, ХАМТ ОЛНООРОО БАХАРХДАГ-

-Ажил албаа гүйцэтгээд явахад олон ч хүмүүстэй учирдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Бид бүхий л төрлийн зан ааштай хүмүүстэй харилцана. Зарим иргэд тухайн үеийнхээ уур бухимдал, стрессээс болоод шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчтай ёс бус ч харьцах үе бий. Гэвч ихэнх хүмүүсийн хандлага их гэгээлэг, сайхан байдаг. Алба хаагчдын ажил мэргэжлийг ойлгож, хүндэтгэлтэй харьцдаг.

-Та гэр бүл зохиож амжив уу?

-Тэр тухай хэлмээргүй байна. Уучлаарай.

-Үүргээ гүйцэтгэж байхдаа ямар үед өөрөөрөө хамгийн их бахархаж байв?

-Би ер нь өөрийн ажил мэргэжил, алба, хамт олноороо бахархдаг. Цагдаа болсон маань миний мөрөөдөл байсан учраас ажлаараа эрч хүч, энергийг авдаг. Ялангуяа хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврах, иргэдийг ослоос хамгаалах зэргээр өдөр бүр, хором бүрээс аз жаргал, бахархлыг мэдэрдэг дээ. Бидний ажил хэдийгээр хүнд, цаг наргүй гэгддэг хэдий ч, халуун сэтгэлтэй хамт олны хүчээр бүхнийг даваад гардаг даа.

-Цагдаагийн алба хаагчид хоорондоо хэр уялдаатай ажиллаж чаддаг вэ?

Уялдаатай байлгүй яах вэ. Хоорондын групп болон станцаараа холбогдоод ямарваа мэдээллийг шуурхай авдаг.

-Дарга нарын гаргасан шийдвэр доод шатандаа хэрэгжихгүй байна гэж иргэд сүүлийн үед гомдоллоод байгаа шүү дээ?

-Бид ямарваа мэдээлэл шийдвэр бүрийг дор бүр нь мэдэж, аль болох шуурхай байхыг хичээдэг. Мөн мэдээж ирсэн шийдвэр журмын дагуу зохих шаардлагыг тавьж байгаа учраас иргэд маань хүлээцтэй, тэвчээртэй байхыг хүсэх байна.

-Онцгой цаг үед, гадаа хүйтэнд үүрэг гүйцэтгэхэд ямар бэрхшээлтэй учирч байна вэ?

-Хүн л учраас мэдээж даарна, ядарна. Ялангуяа өвлийн хүйтэнд гадаа 30 минут зогсоход ч хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ тэглээ гээд хэцүү, үүнээс бэрхшээдэг гэсэн үг биш. Бид ард түмнийхээ, эх орныхоо өмнө үүрэг хүлээж, өргөсөн тангарагаа биелүүлж байгаа учраас сэтгэл хангалуун байдаг. Ард иргэд маань ч гэсэн бидний шаардлагыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтран ажиллаж байгаад талархаж байна.

-Ярилцлагын төгсгөлд нийт алба хаагч, ард түмэндээ хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед дор бүрнээ ухамсартай байж, аюулт цар тахлыг хамтдаа нухчин даръя л гэж хэлэх байна. Мэдээж хүнд таамаглахын аргагүй олон зүйлс тохиолдоно. Тэр бүрт алба хаагч нар маань уян хатан байж, иргэд болон цагдаагийг алба хаагчид аль болох хамтарч ажиллаасай гэж хүсэх байна. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

22 Сэтгэгдэл

  1. Иргэдийнхээ зовлонг мэдэрдэг цагдаа ч ховор доо. ИХЭНХ нь их муухай ааштай байдаг даа

  2. Цагдаа хуухдууддээ итгэхээр цаг ирж дээ. Буруутанд чанга хатуу явб#### бусад нь нийтээрээ та нартаа итгэнэ ээ, итгэнэ.

  3. Болждээ хүү минь яасан сайн үр вэ чи бид ийм л байв#### үнэхээр сайхан байна шүү.Сайхан сэтгэлтэй мэдрэмжтэй Нямбаяр цагдаа хүүдээ маш их баярлаж байна.Буянтай үйл хийнэ гэдэг бол хамгийн сайхан нандин зүйл шүү.Сайхөн сэтгэлтэй сайн хүү төрүүлсэн аав ээжид нь баярл####аа урт наслаж удаан жаргаарай хүү минь

  4. Мундаг з####ууд баярл####аа,ийм л хүн сэтгэлтэй ажлаа хийдэг дүрэм журмыг зохицуулж ойлгодог мэдрэмж өндөр ажилтан улс орныг удирдана даа

  5. Мэргэжлийн ур чадвар гэж энэ дээ Монголын бүх Аавуудын өмнөөс маш их баярлаа Эрүүл энх хамгын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  6. Маш бахархаж бас баярлаж бна. Ийм хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн маш олон байгаасай. Хэчнээн ажлаа хийж , ийм хүнлэг үйлс гаргах үүрэгтэй ч гэсэн энэ цагдааг шагнаж урамшуулсан юм болов уу? Яг ингэж байж нийгэм эрүүлжиж бид нэгнээ гэх сэтгэлтэй болон бишүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button