Нийслэл

Усанд бүслэгдэж, үерт живсэн УЛААНБААТАР

Өнгөрсөн ням гарагаас эхлэн нийслэл төдийгүй орон нутгуудаар үргэлжилсэн их усархаг бороо орж байна. Үүний улмаас нийслэлийн автозам, орон сууцны хорооллуудын дунд их ус тогтож, гэр хорооллын гудамж талбай шаварт “идэгдсэнээр” иргэдийн болон автомашинуудын зорчих хөдөлгөөнд саад учруулж буй.

Тухайлбал, Сансрын нүхэн гарц руу борооны ус ихээр орсон тул иргэдийг зорчихыг хориглон тууз тавин хаалгыг нь хаасан байна. Иймээс сансрын нүхэн гарцаар зорчих иргэд гарцгүй газар зам хөндлөн гарч байгаа дүр зураг ажиглагдлаа.

Мөн Хан-Уул дүүрэг дэх Хүннү молл орчмын автозамын хашлага /брожур/ давсан их устай, зарим газарт траншейны нүхээр нь ус оргилж гарсан байдалтай, ус зайлуулах хоолой хэт цөөхөн байгаа нь цахилгаан автомашинтай иргэдэд нэлээд хүндрэл учруулж буй тухай хэлж байна.

Өчигдөр мөн “UB Palace”-ын зүүн талд үер бууц машин зам нь томоороо хуурч урссан, замын нэг хэсэг сөрдийж аюултай нөхцөл байдал үүсээд буй. Хан-Уул дүүрэг дэх Рапид хорооллын орж, гарах гарц бүгд усанд автаж, хороолол дотроо ч нам дор газрууд нь үерт автжээ. Энэ бол ганцхан хорооллын л жишээ.

Өчигдөр орой Налайхын түр зам мөн л борооны улмаас эвдэрч, зорчих боломжгүй болсон тул Төв аймгийн замаар зорчихыг албаныхнаас сануулсан. Гэвч Төв аймгийн замаар ч их үер урсаж буй талаар жолооч нар сэрэмжлүүлж байна. Налайхын замыг өчигдөр шөнөжин засварлаж, өнөө өглөө 06 цагаас эхлэн хэвийн горимд шилжсэн. Гэвч замын ихэнх хэсэг нь шороо тул баталгаатай эсэхийг хэлж мэдэхгүй. Налайхаас Зуунмод явах зам үерт сэтэрсэн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байна.

Хотоос баруун тийш Дархан-Эрдэнэт-Сэлэнгэ чиглэлийн түр зам ч мөн үерт автсан тухай бичлэг, зургууд сошиал орчинд тарав. Тухайлбал, Баруун хараа орчимд зам сэтэрсэн ч одоогоор ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй байгаа нь шөнийн цагт уг замаар зорчигчдыг үхэл рүү түлхэж байгаагаас ялгаагүй болж. Хөрөнгө мөнгө зарцуулж байж хийж буй зам ийнхүү хэдэн өдөр үргэлжилсэн борооны улмаас хөөс болж урсав.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button