ДЭЛХИЙ

Марк Эспер: Миний Монголд айлчлах болсон шалтгаан бүхэлдээ "газарзүйн байршил”

АНУ-ын шинэхэн Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай оронд айлчлаад буй тухай Voice of America сайт мэдээлжээ. Тэрбээр ажлаа хүлээж авсан даруйд анхны айлчлалуудаа тодорхой орнуудын хүрээнд төлөвлөсний нэгэнд Монгол багтсан юм байна. 2014 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Чак Хегел Монгол улсад айлчилснаас хойш анхны түүхэн үйл явдал болох гэж байгаа тухай тус сайт онцолсон аж.

"Орос, Хятад хоёр орны дунд хавчуулагдсан энэ улсын хилийг тойроод цөөнгүй маргаантай асуудлууд бий” хэмээн мөн АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд асан Руди деЛеон хэлж байжээ. Чухам энэ л газарзүйн байрлал нь Америк сүүлийн жилүүдэд Монгол улсыг ихээхэн сонирхох болсон шалтгааныг тайлбарлана гэдэг өнцгийг Voice of America сайт баримталж, эрх баригчдын гадаад бодлогын чиглэлийг таамаглахаар оролдсон байна.

"Байршил нь биднийг энэ оронтой хамтын ажиллагаанд орох анхны сэдэл болж өгсөн...энэ л миний Монголыг зорьж, хэлэлцээр хийх гэж буйн шалтгаан” гэж өдгөө манай улсад ирээд буй Марк Эспер хэлжээ.

Ер нь Монгол, Америк хоёр орны дипломат харилцаа аль аль талдаа ашигтайгаар эргэх боломж нөхцөл сүүлийн үед үүсээд буй. Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай хэлэлцээр хийсэн явдал Монголын төдийгүй дэлхийн түүхэнд "түүхэн” үйл явдал болж үлдсэн.

Энэ үеэр ч судлаачид АНУ Монгол улсын газарзүйн чухал давуу талтай байршлыг ашиглах үүднээс нааштай амлалтуудыг өгнө гэдэг байр суурийг баримталж байсан юм. Үүн дээр нэмэгдэх томоохон үйл явдал бол АНУ, БНХАУ хоёрын дунд урт хугацаанд үргэлжилж буй худалдааны дайн. Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд тавих татвараа улам нэмж буй явдал нь хоёр орны хүйтэн харилцааг улам бүр гүнзгийрүүлсээр буй.

Ноолууран бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг Хятадаас шууд импортлодог Америкийн хувьд худалдааны дайнд хатуу байр сууриа баримталж үлдсэнээр, алдах томоохон зүйлсийнх нь жагсаалтад ноолуур нэг номероор бичигдэнэ. Харин Монголын хувьд ноолуур экспортлох чадвараараа Хятадыг "өлхөн” ардаа хаяж чадах чадамжтай учир, Х.Баттулга, Д.Трамп нарын уулзалтын гол сэдэв мөнөөх л ноолуур байсан юм. Шалтгаан ердөө манай орны газарзүйн байршил, Хятадтай хиллэдэг явдал.

Харин одоо АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд айлчилж ирсэн шалтгаанаа ийм ил тод илэрхийлж буйгаас үзэхэд, худалдааны дайны хүнд нөхцөл байдлаас гарахын тулд Монгол улсыг стратегидээ аль хэдийнэ оруулж ирж гэж харж болохоор байна. Харин манай эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард хэр зэрэг мэргэн сууж, ямар шийдвэр гаргах нь чих тавих асуудал болж үлдлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button