Нийгмийн

Цастай шүлгүүд

Бударч буй цасан дундуур юу ч болоогүй мэт алхах хүмүүс...Дөрөвдүгээр сарын хамгийн эхний өдрийн дүр зураг ийм.

Цас будрах, бороо шиврэх, салхи салхилах гээд ертөнцийн ер биш хормуудад сэтгэлд гэгээ нэмдэг шүлгүүдээсээ хуваалцъя. Цасны тухай шүлгүүд...

Т.Есөн-эрдэнэ

May be a closeup of 1 person, standing, snow and tree

Анх удаа хэзээ цас үзсэнээ

Мартсан учраас арван хоёр цасан хүн хийв

Анх удаа хэзээ цас амталж үзсэнээ

Амтыг нь бас мартсан учраас

Арван хоёр цасан хүний товчин нүдээр

Амьдрал хормыг авчин хучигч цасан ширхгийг тоолов.

Амтгүй, үнэр үгүй, ажигч, гомдонгуй харц үгүй

Аниргүй нүдэт цасан хүмүүс надаас юу ч хүсэхгүй.

Анх удаа ийм учир тайлалгүй үдшийг

Аажуу тайван урлан суугаа минь утгагүй.

Зөрөн өнгөрөх хөршүүдийн харц ч утгагүй (минийхээр)

Хөнгөн тэнэглэл, хүүхэд шиг баяслынхаа тухай

Юу эсийг тааварлаж одоо би цонхоор ширтэв

Юу эсийг танилгүй одоо би лонх мэт хөшив?

Үнэндээ цасанд амт үгүйг мэдэх хэдий ч

Үйрсэн жигнэмэг мэт хаяж чадалгүй амталж орхино хэн бүхэн.

Энэ бүх бодлыг цасанд булах аргагүй...

Энэ бүх бодол цаснаас илүү намайг дарж байна аа!

Цасан хунгараас яраглан мөлхөх мэт гэртээ орно гэвч

Цаг хугацаа, бүх өвдөлтийг мартсан шигээ

Цасны амтыг маргааш дахиад л мартана.

Цонхны цаанаас ширтэх цасан хүмүүсийг

Цаг хугацаатай хамт би урласан юм сан.

Ертөнцийг цоо ширтэх тэд л гагцхүү

Ертөнцийн амтыг мэдэж байх вий.

Цаг хугацааны төгсгөлд аваачих

Цасан гудамжийг цасан хүн л гатална.

Ц.Доржсэмбэ

ЭМГЭНЭЛ: Яруу найрагч Ц.Доржсэмбэ тэнгэрт дэвшлээ

Цас малгайлан орохыг

Мэдээгүй мэт

Цонхны цаана

Малгайтай хүмүүс бужигнана.

Д.Баттогтох- Өглөө болоход

May be an image of 1 person

Өглөө босоход минь бороо орсон байгаасай
Өнгө нь тунгалаг наран гийж vvл нь цэлмэсэн байгаасай
Шөнө зvvдэлсэн зvvдээ бодож ижийгээ нэг vзэх юмсан
Шvvдэр дундуур туучиж даарсан хөлөө бариулах юмсан
Өглөө босоход аав минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь зvvдийг мэдэж ижийгийн минь тавьсан ааруулыг авчирсан байгаасай
Vглэж дуулахыг нь санан санан байж амтархан идэх юмсан
Vгvйлж уйлахын жаргал оноосон орчлонгийн vvднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас орсон байгаасай
Өтгөн цагаан vvл нь арилж наран мандсан байгаасай
Ижийнхээ ярьдаг vлгэрийг дурсаж цагаан дарь эхийг цасаар урлах юмсан
Ингэтлээ санаж очоод ижийдээ нэг vнсvvлэх юмсан
Өглөө босоход эгч минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь бодлыг мэдэж ижийгийн минь дээлийг өмссөн байгаасай
Vнсэж vнэрлэхийг нь санан санан байж дээлийнх нь товчийг имрэх юмсан
Vзэж явахын жаргал дутсан орчлонгийн vvднээс
Ижийгээ угтаж нэг баярлуулах юмсан
Өглөө босоход минь цас ч ороогvй, бороо ч ороогvй байгаасай
 дээд огторгуйд ангир нисэж vзэгдээсэй
Тэнгэрт тасарсан шувууны өдийг барьж захиа бичих юмсан
Тэрлэгэн дээлийг минь явуул гэж хэл хvргvvлэх юмсан
Өглєє босоход дvv минь ирсэн байгаасай
Өчигдрийн минь санааг мэдэж тэрлэгийг минь авчирсан байгаасай
Ширхэг ширхэг цагаан vсийг нь санан байж ижийгээ нэг бодох юмсан
Шинэ дээлийн өнгө дvvгээр буцааж
Ижийгээ нэг баярлуулах юмсан...

Г.Хашбаатар

May be a black-and-white image of 1 person and indoor

Цас ороод дуусчихсан уу

“Цас” романаа уншаад

дуусгачихсан уу

Би цас байсан ч болоосой

Ном байсан ч болоосой.

Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад

Биедээ баймгүй хүчээр

чи минь сүх өргөнө үү

Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд

Энэ л холд би биеэ зүхэн сууна.

Зун цагийн сүр бардам халгайнд

Зорьж очих шувуу ч үгүй үзэгддэг.

Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ

Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй.

Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар

Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар

Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд

Дүүжин ор ганцаар салхинд савлах

Өвлөөр

Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,

Эгнэт хайртай бүхнээ

Санах нь хатуу, нулимс зөөлөн, цас шиг будрах би.

Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?

Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?

Би сүх байсан ч болоосой

Гал байсан ч болоосой.

Б.Жамбалдорж

May be an image of 1 person

Жамын цас

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button