ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Хаягдаж, орхигдсон муур, нохдыг хайраар тэтгэн, тэжээж буй найзууд

Манайд эзэнгүй буюу золбин гэх тодорхойлолттой муур, нохойн тоо толгой жилээс жилд хурдацтай өсөж байна. Нөгөөтэйгүүр хүмүүсийн хариуцлагагүй, хараа хяналтгүй байдлаас болж үүлдрийн гэх тодотголтой амьтад хүртэл гудманд гарч, эрлийзэж үржсээр буй нь харамсалтай. Азтай нэг нь сайн эзэдтэй таарч үрчлэгдэх ч, тийм хувь заяа таарах амьтан маш ховор. Ихэнх нь гудманд хоолгүй хоносоор өлбөрч, өвдөж үхэх, аль эсвэл автомашины замд дайрагдах зэргээр хорвоог орхицгоодог.

-НАЙЗУУД 50 ГАРУЙ НОХОЙ, 30 ГАРУЙ МУУР ТЭЖЭЭЖ БАЙНА-

Бид энэ удаагийн сурвалжилгаараа орон гэргүй хөөрхийлөлттэй амьтдыг аварч, хооллож ундаллан, үрчлүүлэх ажлыг сайн дураар хийж буй хоёр найзыг онцолж байна. Тэднийг Г.Алтантэвш, З.Ганцэцэг гэдэг. Тэд 2015 оноос хойш орон гэргүй амьтдыг асран хамгаалах ажил хийж буй бөгөөд 50 гаруй нохой, 30 гаруй муур тэжээж байгаа аж.

Биднийг утсаар холбогдоход тэд Найрамдал явах замд байрлах газартаа нохдоо эргэхээр ирээд байгаагаа хэлэв. Иймд хаягийг заалган, араас нь гарлаа. Зорьсон газартаа заалгасаар очвол, дотроо дутуу баригдсан байгууламжтай, ногоон төмөр хашаагаар хүрээлсэн саруулхан хашаа биднийг угтав. Дотор орвол, 2-3 айлын газар гэмээр саруулхан талбайтай уг хашаанд нохдыг хол зайтай байлгахаар уяжээ. Нохой бүрт хоолны аяга, дулаан байшинг барьсан байв. Цааш явбал хэд хэдэн газарт хашаа хашаалсан байх бөгөөд дотор нь жижиг гөлөгнүүдийг хийжээ. Гөлөгнүүд эхийн хамт байх бөгөөд мөн л дотроо хоолны аяга болон 2-3 жижиг байшинг барьсан байв.

-НОХДЫГ ӨДӨРТ 10 ГАРУЙ КГ МАХ, ГОЙМОН, БУДААГААР ХООЛЛОДОГ-

Хамгийн бага нь төрөөд сар болсон гэмээр жаахнууд байхад томдоо 10 гаруй настай хөгшин ноход ч байх юм. Хүмүүсийн дурлаж авдаг үнэтэй үүлдрийн ноход ч мөн золбин ангилалд орчихсон, олон гөлөгтэй болсон байлаа.

Тус хашаанд байрлах ихэнх нохдыг үржил хаах мэс ажилбар болон сар бүрийн дархлаажуулах тарилгад хамруулжээ. Тэдгээр нохдод өдөрт 10 гаруй кг мах, гоймон будаа гээд нийт 40 орчим мянган төгрөгийн үнэ бүхий хоолоор хооллодог байна. Одоогоор том нохдыг өдөрт нэг удаа сайн хооллодог бол жижиг гөлгийг хоёр удаа хооллохоос өөр аргагүй аж.

Ноход бүгд эздээ харан эрхэлж, дуу дуугаа авалцан хуцах нь тэдэнд ямар их анхаардаг нь илт байлаа. Ийнхүү бид нохдын эзэнтэй хэсэг хугацаанд ярилцсан юм.

-Хэзээнээс эхэлж орон гэргүй амьтдад туслах болсон бэ?

-Г.А: Миний хувьд Архелогич мэргэжилтэй. Гэвч сүүлийн хэдэн жил мэргэжлээрээ бус хувиараа бизнес эрхэлж байгаа. 2015 оноос хойш сайн дураараа эзэнгүй амьтдад туслах ажлыг хийж байна. Ялангуяа коронавирусийн цар тахлын хөл хорионоос болж ажил зогссон үеэс хойш амьтдад туслах ажилдаа түлхүү анхаарч ажиллаж байна. Одоогоор 50 гаруй нохой, 30 гаруй муур тэжээж байна. Ноход нь энэ хашаандаа байрладаг.

-Томуудыг нь тус тусад нь байшин барьж уясан, харин жижгүүд нь эхтэйгээ хамт бөөндөө нэг торонд байрладаг. Хооронд нь хол уяхгүй бол шинээр ирсэн вакцин, туулгандаа хамрагдаагүй ноход бусаддаа өвчин халдаах өндөр эрсдэлтэй. Тиймээс тусад нь уяж байна.Харин муурнуудын хувьд гадаа байлгахад тохиромжгүй учраас бид хоёрын гэрт хуваагдаад байрлаж байгаа.

-З.Г: Миний хувьд 2018 оноос хойш амьтадтай илүү дотносож, туслах болсон. Энэ ажлыг сүүлийн гурван жилийн хугацаанд тууштай хийж байна. Үндсэн мэргэжил “Бизннесийн Удирдлага”. Гэвч хувиараа үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлаас шалтгаалан сүүлийн нэг жилийн хугацаанд найзынхаа хамт амьтан аврах, туслах ажилд идэвхтэй оролцож байна.

-МУУР, НОХДЫНХОО ИХЭНХИЙГ ҮРЖИЛ ХААХ МЭС АЖИЛБАРТ ОРУУЛЖ, ГУРВАН УДААГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН-

-Нохдоо байршуулж буй газар нь маш том, тохилог юм. Хашаагаа түрээсэлдэг үү?

-Г.А: Нохдоо байршуулж байгаа газар нь “Хөөрхөн зулзага” ТББ-ын эзэмшлийнх юм. Бидэнд зөвшөөрөл өгсний дагуу бид хоёр сарын өмнө нохдоо энд авчраад, үүр савыг нь хийгээд тохижуулсан.

Өмнө нь бол байрлуулах газаргүй байсан учраас энд тэнд өөрсдийнхөө зуслан, лагерын хашаанд л хувааж байршуулдаг байсан. “Хөөрхөн зулзага” ТББ-ын хамт олондоо баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

Авчирсан амьтдаа бүгдийг нь үржил хаах мэс ажилбар болон вакцинд хамруулсан гэж сонссон?

-Г.А: Тийм ээ. Энд байгаа амьтдын ихэнхийг нь үржил хаах мэс ажилбарт оруулсан. Мөн дархлаажуулах вакцин туулганд хамруулсны дараа үрчилж авах хүсэлтэй хүмүүст сайн судалсны дараа үрчлүүлдэг. Эс бөгөөд үрчлэгдсэн амьтан эргээд үржих, өвдөх эрсдэлтэй. Мөн сайн судлаагүй хүмүүст амьтдаа үрчлүүлэхээс болгоомжилдог. Учир нь хэд хэдэн амьтдыг маань авч яваад холбоогоо таслах, аль эсвэл эргээд гудманд хаясан байхтай нь таарч байсан. Тэр үед сэтгэл маш их эмзэглэсэн. Тиймээс хариуцлагагүй эздээс маш их хашир болсон гэх үү дээ.

-З.Г: Анх үрчилж авахдаа мэдээж маш гоё гоё зүйлийг хэлээд авдаг. Гэхдээ зарим хүмүүс биднээс авсан амьтдаа дам үрчлэх, цаашлаад худалдах, холбоо таслаад алга болох зэрэгтэй нэг бус удаа таарч байсан. Тиймээс амьтдаа үрчлүүлэхэд нэг их яарахгүй байгаа.

-Энэ олон амьтдын спэй заслага, вакцин өндөр гарах нь ойлгомжтой. Тэр бүрийн санхүүг хаанаас хэрхэн босгодог вэ. Хамтардаг байгууллагууд байдаг уу?

-Г.А: Боломжтой үедээ өөрсдөөсөө гаргана, заримдаа олны тус хүснэ гээд нөхцөл байдлаас л шалтгаалдаг. “Азтай савар” ТББ, болон “Жонон” мал эмнэлгийнхэн бидэнд маш их тусалдаг. Амьтдад маань үзлэг, зөвлөгөөг үнэгүй өгч, спэй заслагад маш их хөнгөлөлт үзүүлдэг юм аа.

-ИХЭНХ ГӨЛГӨӨ ЦААСАН ХАЙРЦГАНД ХАЯГДСАН, ЭХИЙНХЭЭ ХЭВЛИЙД БАЙХАД НЬ ОЛЖ АВСАН-

-Жижигхэн гөлөгнүүд их харагдлаа. Магадгүй гөлөг бүр аврагдсан түүхтэй байх?

-Г.А: Тэгэлгүй яах вэ. Ихэнх нь ээжийнхээ хэвлийд байхдаа ирж байсан. Харин зарим нь дүн өвлийн хүйтэнд нүдээ нээгээгүй байхдаа цаасан хайрцганд хаягдсан байхад нь олж байсан. Үнэнийг хэлэхэд тийм үеүүд үнэхээр хэцүү. Яахаа мэддэггүй. Бүр нялх нойтон амьтдыг асрах, нохой болгох маш хэцүү. Эх нь дэргэд нь байвал илүү хялбар байдаг. Хүмүүс маш харгис. Миний ард байгаа энэ гөлөгнүүд мөн л нүдээ нээгээгүй байхдаа цаасан хайрцганд хийгээд хаягдсан байсан.

-Хоёр сар орчим сүүгээр угжиж асарсны дүнд биеэ дааж эхэлсэн шүү. Харин ард байгаа алаг гөлөгнүүдийн эх нохой буудлагаас шархтай амьд үлдсэн байсан. Очоод шархыг эмчлэх үед хээлтэй болохыг нь мэдсэн л дээ. Шархаа эдгээгээд харуулын хашааны контейнер дор гөлөглөөд тэндээ хэсэг байсан. Бид эргэж тойрч хооллож байгаад гөлөгнүүдийнх нь хамт авчирсан юм. Мөн л бүгдийг вакцинд хамруулж, заслага хийлгэсэн.

-З.Г: Одоо эдгээр амьтдаа сайн эзэнд үрчлүүлэх болсон гэсэн үг л дээ. Нохойгоо хайрлаад гэр бүл шиг нь байж чадна гэсэн хүмүүст бидэнтэй холбогдож болно. Хариуцлагатай, нохойдоо хоолыг нь цаг тухайд нь идүүлээд асраад явж чадна гэсэн хүнд үрчлүүлнэ.

-Г.А. Гэвч хэн дуртай нь ирээд үрчлээд авья гэвэл мэдээж зөвшөөрөхгүй. Хар нялхаас нь эхлээд том болтол нь хайрлаад тэжээсэн учир эдгээр амьтаддаа маш хайртай. Тэжээж байгаа амьтаддаа цаг заваа гаргадаг байх хэрэгтэй. Дээр үеийн сонин сэтгэлгээнд их дургүй. Нохой бол хашаандаа л уяатай байх ёстой. Тогооны шавхруу л долоож байвал барав гэх муухай, харгис үйлдэл шүү дээ. Ядаж гүйгүүл уяа хийгээд, заримдаа сул орхиж байх хэрэгтэй. Эс бөгөөс нохой богино уяанд удахаараа стресстээд галзуурдаг. Урдаг, дайрдаг, хаздаг болчихдог юм.

-ТЭЖЭЭНЭ ГЭЭД АВСАН АМЬТДАА НАСАН ТУРШИД НЬ ХАЙРААР ТЭТГЭЖ ТЭЖЭЭГЭЭСЭЙ-

-Ингээд харж байхад үүлдрийн ноход хүртэл их харагдлаа?

-З.Г: Тийм ээ. Үүлдрийн нохойг хүмүүс ихэвчлэн орон сууцандаа тэжээх гээд авдаг юм. Харин бусад нохдын хувьд хашаанд уях гээд авдаг.

-Эзэнгүй нохдыг аврах, эмнэх, хооллох гээд зүйлсийг хийхэд хамгийн хэцүү нь юу байдаг вэ?

-Г.А: Хамгийн аймар, хэцүү зүйлсийн нэг нь нохой өвдөх л байдаг. Ялангуяа жижиг гөлгийн хувьд хэцүү. Найдлага тавьж хичээсэн амьтнаа алдах л үнэхээр хэцүү байдаг даа.

-Бидний ярилцлагыг уншиж буй иргэддээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Г.А: Амьтан тэжээхээр шийдсэн бол хариуцлагатай байгаарай л гэж хүсэх байна. Бидний хийгээд буй ажил эцсийн бүлэгтээ хариуцлагагүй эздийн алдааг л засах гээд байгаа юм шүү дээ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Буянтай сайхан ажил санаачлан хэрэгжүүлж байгаа засуулст баярлаж т####архаж байнаа Эдний фэйс буукийн хаяг ч юмуу, харилцах дансны т####аар мэдээлэл өгнө үү?

  2. н####айх дүүргийн 3дугаар хорооны нутаг .баянгийн бүрд .гэдэг газар эзэндээ хаягдаад буриа сахиад үлдсэн монгол банхарыг авах болмж байна уу.бүтэн 4 жил бууриа сахилаа

  3. Эвий дээ очиж муурны зулзага авья. Хайртай Миля минь болконоос унаж үхсэн. Хүний ёсоор оршуулсан. Ум маани бадми хум. Хүн болж төрөх болтугай!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button