Нийгмийн

ХӨНДӨХ СЭДЭВ: Вакцинаас хоцорсон саажилт, таталт өвчинтэй иргэд айдастай байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Нийслэлд 15 хоногийн хатуу хөл хорио тогтоосноос хойш зургаа хоног өнгөрч байна. Хатуу хөл хорионы хугацаанд нийслэлд дархлаажуулах ажил явагдахгүйг холбогдох албаныхан мэдэгдсэн. Энэ шалтгаанаа “Коронавирусийн халдварыг хумьж, дархлаажуулах цэгт иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй” байх хэмээн тайлбарласан ч, вакцины хоёрдугаар тунг нөөцөлж чадаагүйгээс ийм байдал үүссэн гэх мэдээлэл гараад байна.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 230 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БИЙ-

Монгол улс хүн амынхаа 60% буюу 1.978.120 иргэнийг коронавирусийн вакцинд бүрэн хамруулах зорилттой байгаа. Үүнийхээ хүрээнд нэн түрүүнд дархлаажуулах шаардлагатай иргэдийн тоонд хөгжлийн бэрхшээлтэй 230.781 иргэн буюу хүн амын 7 хувийг оруулсан билээ.

Хөл хорионы өмнө нийслэлд ахмад настнууд, болон 18-аас дээш насны иргэдээ вакцины эхний тунд хамруулаад байв. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ дархлаажуулах нь тодорхойгүй байна. Дархлаажуулалт эхэллээ гэхэд тархины саажилт, эпилепси буюу мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй унаж татдаг иргэдийг хэрхэх нь тодорхой бус. Вакцинд хамрагдахаас өмнө эмчийн асуумжид сүүлийн нэг сарын хугацаанд уналт, таталт өгөөгүй байх хэмээх зүйлийг тусгасан байдаг. Тодруулбал:

  • Вакцины найрлагад орсон бодисонд харшил өгч байсан, өмнө нь ямар нэг вакцин хийлгээд харшлын хүнд хэлбэрийн урвал үзүүлж байсан түүхтэй /Анафилакчийн шок/
  • Жирэмсэн
  • Унаж татах өвчтэй
  • Цочмог халдварт, болон архаг хууч өвчтэй
  • Хорт хавдартай
  • Мэдрэлийн өвчний хам шинжийн үед
  • Зүрхний цочмог дутагдал
  • Дархлаан хомсдох, дутмагших өвчтэй бол вакцин хийлгэх хориотой гэсэн үг юм.

Юуны өмнө дараах эмгэгийн тухай ерөнхий ойлголтыг өгье. Эпилепси нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэг юм. Дэлхийн хүн амын нэг орчим хувь нь эпилепси өвчинтэй байдгаас 50-60 хувьд нь хүүхэд насанд илэрдэг аж. Зохистой эмчилгээний үр дүнд 70 гаруй хувьд уналт таталтын шинж тэмдэг багасч арилдаг. Хүмүүсийн таван хувьд амьдрах явцад эпилепсийн уналт таталт тохиолддог. Жишээ нь, хэт ядрах үед, тархины гэмтэл, цочмог өвчний үед. Нэг удаагийн уналт таталтыг эпилепси өвчинтэй тэр бүр холбохгүй. Харин сэдрээх хүчин зүйлгүй, 24 цагаас илүү зайтай хоёроос олон удаа илрэх уналт таталтыг эпилепси хэмээн тодорхойлно.

Харин “тархины саажилт (СТ)” нь тархины гэмтэл ба тархины бүтэц дэх гажгаас шалтгаалдаг булчин болон хөдөлгөөний хүндрэлүүдийг ерөнхийд нь хэлэх нэр томьёо юм. Тархины гэмтэл юм уу, тархины хэвийн бус хөгжлөөс үүсдэг. Энэ нь төрөхөөс өмнө, төрөх үед, эсвэл төрсний дараа үүсэж болно. Тархины саажилт нь 300 хүүхэд тутмын нэгд тохиолддог байна.

Хэдийгээр эдгээр иргэдэд коронавирусийн вакциныг тарих хориотой, сөрөг заалттай хэмээж байгаа ч, хяналтын эмчдээ үзүүлсний дараа хийлгэж болно гэх. Иймд бид вакцины сөрөг чанар, саажилт, эпилепси оноштой иргэдэд хийж болох эсэхийг холбогдогдох байгууллагуудаас нь тодруулсан юм.

-О.ДАШПАГМА: ЭПИЛЕПСИ ЭМГЭГТЭЙ ИРГЭД ВАКЦИНААС БУСАД ХЭЛБЭРЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ-

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэхдээ: “Вакцин хийхийн өмнө эмч, тухайн хүний биеийн байдлыг үздэг. Ингээд вакцин хийж болно гэж үзсэн үед тарьдаг. Саажилттай иргэдийн хувьд өөрийн хяналтад байдаг, үзүүлдэг эмчээсээ зөвлөгөө авч, давхар тухайн цэгт ажиллаж буй эмчид үзүүлсний дараа тариулж болно. Саажилт нь өөрөө янз бүр. Биеийн аль нэг эд, эрхтэн саажсан үед вакцин тариулахад сөрөг урвал бага. Харин мэдрэлийн гаралтай тархины саажилт, эпилепси эмгэгийн үед болгоомжтой байх нь чухал. Учир нь таталт ихэсгэх, сөрөг нөлөө ихтэй учир хориглох заалтад оруулсан. Тэдгээр иргэд өөрийгөө халдвараас сэргийлэх бусад аргуудаар хамгаалахыг зөвлөж байгаа” гэв.

-Л.ЭНХСАЙХАН: ТАРХИНЫ СААЖИЛТ, ЭПИЛЕПСИТЭЙ ИРГЭД ХЯНАЛТЫН ЭМЧИЙНХЭЭ ЗӨВЛӨГӨӨГ ДАГАНА-

Харин ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ:

“Тархи, мэдрэлийн гаралтай саажилт, эпилепси эмгэгтэй иргэдэд коронавирусийн вакцин сөрөг урвал үзүүлэх, уналт таталтыг ихэсгэх магадлалтай. Гэвч тухайн эмгэг нь хүнд хөнгөн, өвчний шинж тэмдэг харилцан адилгүй тул үзүүлдэг эмчийнхээ хяналт, зөвлөгөөг дагах нь чухал. Зарим хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийн хувьд вакцинд хамрагдаж байгаа. Бид энэ асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний хөгжлийн төв”-д цахим зүүм хурлыг зохион байгуулсан. Тус төвд олон төрлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм билээ. Хараа, сонсголын бэрхшээлтэй, дауны синдромтой, эпилепси эмгэгтэй гэх мэт. Эпилепситэй иргэдийн хувьд ойрын нэг жилийн хугацаанд уналт таталт илрээгүй, вакцинд хамрагдаж болох уу зэрэг олон асуултыг тавьж, бид мэргэжлийн эмчтэй хамтран асуултуудад хариулт өгөх байдлаар хуралдсан. Вакцин бүрийн хориглох заалт өөр байдаг. Ихэнх вакцины сөрөг заалтад харшил болон халдварт өвчний үед хийж болохгүй гэсэн заалт бий. Мөн уналт таталт өгдөг иргэдэд хийхгүй эсрэг заалт ч бий. Тиймээс тухайн хүний биеийн байдал, өвчний шинж тэмдгээс шалтгаалж, хяналтын эмчийн дүгнэлтэд суурилж вакцин хийх эсэхийг шийдэх юм. Тухайн иргэний өөрийн шийдвэр ч мөн нөлөөлнө” гэв.

Харин эпелипси болон тархины саажилт эмгэгтэй иргэд цахим хуудастаа “Би эпелипситэй. Гэхдээ сүүлийн нэг жил таталт өгөөгүй учир эмчтэйгээ зөвлөсний дараа Синафарм вакциныг хийлгэсэн. Эхний хоёр өдөрт булчин өвдөх, бага зэрэг татганах мэдрэмж өгч байсан. Мөн халуурсан. Гэхдээ гурав дахь өдрөөс эхлэн шинж тэмдэг буурсан. Одоогоор таталт өгсөн зүйлгүй хэвийн байна”, “Манай охин хөнгөн хэлбэрийн саажилттай. Астра Зенека вакцин хийлгэсэн. Эхний гурван өдөр бие нь бага зэрэг сульдсан. Бусдаар онцгой шинж тэмдэг илрээгүй” хэмээх зүйлсийг бичжээ.

-ДЭМБ ЗӨВЛӨМЖИД ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ, ТАТАЛТ ӨГДӨГ ИРГЭДЭДЭД ВАКЦИН ХОРИГЛООГҮЙ БАЙНА-

Сонирхуулахад www.epilepsy.com сайт болон ДЭМБ-ын зөвлөмжид вакцины сөрөг урвалын тухай мэдээлэлд уналт, таталт өгдөг аль эсвэл тархины саажилт өгсөн иргэдэд вакцин тарихыг хориглосон заалт байхгүй байв.

Үүнд Эпилепситэй иргэнд вакцин хийсний дараа сөрөг нөлөө илрээгүй. Вакцины дараа халуурах, таталтын хугацаа давтамжийг бууруулж болно. Тархины ноцтой гэмтэл, илүү хүчтэй гаж нөлөө үүсгэх баримт байхгүй гэх зүйлсийг бичжээ.

Бид та бүхэнд ДЭМБ-аас нэр бүхий вакцинуудын сөрөг заалтыг хэрхэн бичсэнийг хүргэж байна.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Тэгэхээр элилепси болон тархины саажилттай иргэд хяналтын эмч болон вакцины цэгийн эмчдээ үзүүлж зөвлөлдсөний дараа вакцин хийлгэх эсэхээ шийдэх аж. Өвчний шинж тэмдэг, байдлаас хамаарч вакцин хийх эсэх нь харилцан адилгүй байна. Гол нь тэдгээр иргэд вакцины тухай нэгдсэн мэдээлэлгүй, бүгд болохгүй хэмээх үгэнд баригдаж, хяналтын эмчтэйгээ зөвлөлдөх, цаашлаад вакцин хийлгэх боломжоо бүр мөсөн алдаж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс тусгай хэрэгцээт иргэддээ нэгдсэн, ил тод мэдээллийг өгөх, нягт уялдаатай ажиллах хэрэгтэй нь үүнээс харагдаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button