УЛС ТӨР

Ө.Эрдэнэ-Очир: Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, уучлал үзүүлэх эрхийг хязгаарлана

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж өнгөрөөд хэдхэн хонож байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 25-ны морин цагт тангараг өргөх тов гараад буй. Бид энэ удаа шинэ Ерөнхийлөгч цаашид ямар хууль эрх зүйн хүрээнд ажиллах талаар “Онч нүүдэл” хуулийн фирмийн өмгөөлөгч, хуульч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-У.ХҮРЭЛСҮХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО-

-Шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо. Энэ хүн цаашид яг ямар хууль эрх зүйн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрх хэмжээгээ хэрэгжүүлж ажиллах анхны Ерөнхийлөгч болж байна. Чухал хоёр онцлог байгаагийн нэг нь зөвхөн ганц удаа зургаан жилээр сонгогдоно. Улиран сонгогдох боломжгүй. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуульд зааснаас бусад хуулиар нэмж олгохыг хориглосон хязгаарлалт тогтоож өгсөн. Ингэснээр Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах болно.

-Үндсэн хуулиас бусад хуулиар Ерөнхийлөгчид маш олон эрх олгосон байсан шүү дээ?

-Монгол Улс 1992 онд сонгодог парламентын засаглалтай болсон боловч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудаар Ерөнхийлөгчид бүрэн эрхүүд нэмж олгосоор байгаад сонгодог парламентын тогтолцоотой улс дахь Ерөнхийлөгчийн байр сууринаас илүү өндөр, жин дарсан, ач холбогдолтой институц болж хувирсан байдаг.

Ингээд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн явцад судалгаа хийгээд үзэхэд 69 хуулиар Ерөнхийлөгчид эрх олгосноос 32 нь Үндсэн хууль зааснаас өөр бүрэн эрх олгосон хуулиуд байсан. Үндсэн хуулийн 33.4-д  зааснаар Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ хуульд зааснаар олгож болно гэдэг нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн заалт 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ хуульд нийцүүлж хууль тогтоомжуудад өөрчлөлт хийх үүргийг Засгийн газар, УИХ хүлээсэн.

Энэ хүрээнд судалгааны ажлуд хийгдээд, 69 хуулиас 32 хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Мөн 1993 оны Ерөнхийлөгчийн тухай хууль одоо мөрдөгдөж байгаа. Үүнийг өөрчлөөд, шинэ Үндсэн хуультай нийцүүлээд, нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулаад одоо санал авах процесс явагдаж байна.

-Ерөнхийлөгчийн тухай хуульд яг ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой?

-Хуулийн танилцуулга, төслүүдээс харахад 32 хуульд байгаа Ерөнхийлөгчид олгогдоогүй бүрэн эрхүүдийг хасна. Тухайлбал Гаалийн тухай хууль. Гаалийн байгууллагын цол тэмдэг хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батлах, прокурорын байгууллагын цол тэмдэг, ёс зүйн хороо ажиллуулах, хариуцлага тооцох журам зэргийг батлах зэрэг Ерөнхийлөгчид огт шаардлагагүй заалтуудыг хүчингүй болгох юм.  Мөн Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хязгаарлалт хийх чиглэсэн заалтууд төсөлд тусгасан байгаа.

-ЕРӨНХИЙЛЛӨГЧ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОМИЛГООНД ОРОЛЦОХ ЭРХ НЬ ХУМИГДСАН-

-Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн шүүхэд нөлөөлөх нөлөөллийг хэрхэн багасгасан бэ?

-Хуучин Шүүхийн тухай хуулиар шүүхийн ёс зүйн хороо, хорооны бүрэлдэхүүн, даргыг, ШЕЗ, ШЕЗ-ийн даргыг Ерөнхийлөгч томилдог байсан. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр үүнийг өөрчилсөн. Шинэ хуулиар ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо гэдэг хоёр байгууллагатай болсон. ШЕЗ болон Сахилгын хорооны гишүүдийн 50 хувийг шүүгч нар дотроосоо томилно. Үлдсэн 50 хувийг парламентад нээлттэй хэлэлцүүлгээр сонгон шалгаруулалтын журмаар, хараат бусаар сонгож томилох заалт орсон. Ингэснээр Ерөнхийлөгч шүүх тойрсон дүрэм журам, хэм хэмжээ батлах, томилгоонд нөлөө үзүүлж болзошгүй байдлыг цэгцэлсэн гэж ойлгож болно.

-Ингэснээр Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудад нөлөөлдөг, өөрийн хүнээ тавьдаг гэх ойлголт байхгүй болно гэж ойлгож болох уу?

-Ер нь бол Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны зорилго нь тэр. Шүүх бие даасан, хараат бус байдлаар, аль нэг институцээс хамаралтай байх байдлыг арилгах зорилготой хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. ҮАБЗ-ийн дүгнэлт гарснаар прокурорыг чөлөөлнө гэсэн хуулийн заалт хэвээрээ байгаа. Тэгэхээр тэр заалтыг бас хуулиас хасах юм билээ. Энэ заалт нийгэмд нэлээд асуудал үүсгэсэн. Хонгил байгуулсан гэх яриа гаргасан.

Мөн Авлигын эсрэг хуульд Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг томилдог байсныг болиулсан. Прокурорын тухай хууль бол Ерөнхийлөгчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагалдах хууль  тогтоомжийн төсөлд байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тухай хууль өөрчлөгдөж байж дараа нь нэмэлт өөрчлөлт хийх байх.

-ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛЬ САНААЧЛАХ, ХОРИГ ТАВИХ ЭРХЭД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО-

-Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхтэй холбоотой заалт өөрчлөгдөх үү?

-Нэгдүгээрт Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Гэхдээ хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхэд нь тодорхой хуулиудыг санаачлах эрхийг хязгаарлана. УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой, төсөв санхүү, тодотголтой холбоотой хууль санаачлах эрх байхгүй. Захиргааны, Эрүүгийн хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг мөн Ерөнхийлөгч гаргахгүй гэсэн өөрчлөлт бий. Түүнчлэн олон улсын төсөв санхүүгийн хүрээний мэдэгдэл чиглэлээр хууль санаачлах эрхгүй болно.

Бас нэг Үндсэн хууль заасан бүрэн эрх нь хуульд хориг тавих байдаг. Үүнд нь хязгаарлалт хийж өгч байгаа юм байна. Жишээ нь УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой. Түүнчлэн УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж аваагүй тохиолдолд дахиад хориг тавих эрхгүй.

-Өнгөрсөн цаг хугацаанд Ерөнхийлөгч нар хүлээж аваагүй хоригт дахин дахин хориг тавьж байсан шүү дээ?

-Яг тийм. Хоригийг нь хэлэлцээд шийдвэрлэж байхад дахин хориг тавих тохиолдлууд гарсан. Ийм тасралтгүй процесс үргэлжлэх нөхцөл байдал үүссэн учраас ийм агуулга хуульд орж байгаа.

Түүнчлэн Ерөнхийлөгч ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцээд гаргасан УИХ-ын тогтоолд хориг тавихгүй. Цэц шийдсэн асуудалд Ерөнхийлөгч оролцож хориг тавихгүй байхаар зааж байна. Өнгөрсөн хугацаанд ийм асуудал гарсаар байсан. Өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвшихгүй гэх ҮХЦ-ийн шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан шүү дээ. Тэгэхээр ийм зүйл дахиж гарах боломжийг хуулиар хааж байна.

-Х.Баттулга Ерөнхийлөгч ҮХЦ-ийн гишүүн томилсон томилгоонд хориг тавьж байсан. Энэ нь бөөн маргаан дагуулсан?

-Өнгөрсөн жилүүдэд гарсан бас нэг асуудал бол улс төрийн томилгоонд хориг тавиад байсан асуудал яах аргагүй мөн. Тухайлбал Сангийн сайд, ҮХЦ-ийн гишүүнийг томилсон шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг бас хуулиар хориглож байгаа.

-Гэхдээ энэ заалтууд бүгд батлагдах эсэх нь тодорхойгүй. Саналын түвшинд байгаа биз дээ?

-Тийм. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад саналууд аваад явах байх. Одоо төслийн хүрээнд явж байгаа.

-Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх хүүхдийн  мөнгөний асуудлаар ҮАБЗ хуралдуулна гэсэн байна. Засгийн газарт ингэж чиглэл өгөх, шууд ажилд нь оролцох нь зөв үү?

-Засгийн газарт чиглэл өгдөг Үндсэн хууль заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх байгаа. Өөрийн бүрэн эрхийн хүрээнд чиглэл өгнө. Гэхдээ хуучин ямар нэг хуулийн процессгүй ийм тийм ажил хий гэж чиглэл өгдөг байсан бол хуулийн өөрчлөлтөөр тухайн салбарын сайдтай зөвшилцсөн байх ёстой. Тэгж байж чиглэл өгнө. Тэр чиглэлийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурвал Засгийн газрын шийдвэрийн нэг адил хэрэгжээд явах боломжтой. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлдэг. Нарийн бичгийн дарга, бүрэлдэхүүнийг өөрөө томилдог байсан бол хуулийн өөрчлөлтөөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Ерөнхий сайд томилдог болохоор тусгасан. Ажлын аппарат нь гэсэн үг л дээ.

Мөн Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан бүрэн эрх бол уучлал үзүүлэх. Тухайлбал Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гадаад улсын иргэнд уучлал үзүүлсэнтэй холбоотой улс төрийн асуудал өрнөж байсан.

Тиймээс тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст уучлал үзүүлэхээр заасан байгаа. Хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, авлигын эсрэг гэмт хэргүүдэд уучлал үзүүлэхгүй. Үүнээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст уучлал үзүүлэхдээ бас процесстой. Тухайн хүн хор хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлснөө илэрхийлсэн байх, хийсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн байх гэх мэт шалгуураар дүгнэнэ. Дээр нь Ерөнхийлөгч тухайн хүн шалгуур хангаж байгаа эсэхийг Ерөнхий прокурорт хандаж, дүгнэлт гаргуулах эрхтэй.

Мөн Ерөнхийлөгчөөс зарлиг, захирамж гардаг. Сая Х.Баттулга Ерөнхийлөгч МАН-ыг тараах зарлиг гаргасантай холбоотой тийм эрхтэй, эрхгүй гэж асуудал үүссэн. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч ямар тохиолдолд захирамж, ямар тохиолдолд зарлиг гаргах вэ гэдгийг шинэ хуульд зааж өгч байна. Зарлиг, захирамж гаргахдаа өөрийнхөө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай, эсвэл тухайн салбар хариуцсан зөвлөхтэйгээ зөвшилцөх ёстой.

-ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ДАХИН СОНГОГДОХЫН ТУЛД ЭРХ ХЭМЖЭЭГЭЭ ХЭТРҮҮЛЖ, ОЛОН НИЙТЭД ТААЛАГДАХ ҮЙЛДЛҮҮД ХИЙДЭГ БАЙСАН-

-Тэгэхээр нэлээд эрх мэдэл нь хязгаарлагдах нь байна тийм үү?

-Хязгаарлаж байгаа зорилго нь Үндсэн хуулийн 33.4-ийг хэрэгжүүлэх зорилготой. Сонгодог парламентыг бэхжүүлэх зорилготой.

-Өмнөх Ерөнхийлөгч нар хуульд нийцүүлж, хуулийн хүрээнд ажиллаж чаддаг байсан болов уу?

-Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч хийж байсан хүмүүс хоёр удаа улиран сонгогддог байлаа шүү дээ. Тийм учраас эхний дөрвөн жилдээ ажиллахдаа дараагийн дөрвөн жилдээ дахин сонгогдох боломжоо бий болгохын тулд хуулиар олгосон эрх хэмжээгээ давуулсан, хэтрүүлсэн. Засгийн газар болон бусад институцынхаа ажил үүрэгт оролцсон, өөрөө олон нийтэд таалагдах гэсэн үйлдлүүд ихэнхдээ хийдэг байсан. Энэ нь улс төрийн хямрал, Засгийн газартай зөрчилдөх, бусад институцтэй зөрчилдөх нөхцөл байдалд хүргээд байсан юм байна. Энэ асуудлыг шийдэх загвар нь дахиж сонгогдоно гэсэн ойлголт байхгүй болгож, нэг удаа зургаан жилээр алба хашихаар болгосон явдал.

Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг хангах чиг үүргээ хэрэгжүүлэгч байр сууринд байлгая гэдэг зорилгоор дараагийн Ерөнхийлөгч нар нэг удаа сонгогдоод явна.

-Ерөнхийлөгчийн тухай хууль УИХ-аар хэзээ хэлэлцэгдэх вэ?

-Шинэ Ерөнхийлөгч цаашид ажиллах хууль эрхзүйн орчныг нь намрын чуулганаар хэлэлцэж, яаралтай шийдэх ёстой л доо.

-Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид Ерөнхий сайд хийх чиг үүргийн ажлуудыг амлаад, ийм тийм юм хийнэ гээд амлалт өгөөд байна гэж улс төр судлаачид шүүмжилж байна билээ. Таны хувьд санал нийлэх үү?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь тийм. Хуулиараа Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох боломжтой, чиглэл өгнө, хууль санаачлах, хориг тавих эрх нь хязгаарлагдаагүй байгаа. Тиймээс одоогоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх том хүрээнд байна. Шинэ хууль батлагдаад, эрх хэмжээ нь хязгаарлагдаад ирэхээр түүнээс хойш Засгийн газрын түвшний үйл ажиллагаанд оролцож, хийнэ хэрэгжүүлнэ гэж амласан зүйлс байвал боломжгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. Sain baina uu. Tanitai taarj uulzsanaas hoish duuginh ni setgel saihan hungurj , hool hool bolj saihan ch untaj amarj baina. Eejiigee haraad olon yum bodloo. Boldogson bol ajil hiij eejdee joohon ch boltugai nemer bolohson.

  2. Bas eej tani huduu aj ahiun yumiig eej barag bolgochihshig bolson. Dasni dugaar edriig ni avj bnle. Yagaad zarim ulsuudiig aimar muuhai aashilj baihad uuriinh ni tuluu yum hiigeed zugeer bgaad bdg baina aa.Ertontsiig uzeh uzel ni uur yum bailguide.tanii ch az yumu ?za ter ch yahav. Eej uuruu tanid heleh baih.Ih zavgui baigaa.

  3. Namaig enuugeer haritsaad bichig barimt , nuguu yariad baigaa zuilsuudee zohitsuulaad avchih gesen yumaa. 5.22nd surguuli duussan yum chini barag avtsan baigaa tegeed minii tursun udruur uguh gej bga baih geed yarij baisan. Bi ch duugai l sonsood suuj baisan.
    Taniig bid 2iin nariin zuilsiig sain meddeg uchraas bugdiig ni helsen heleegui zohitsuulaad bolgotson baigaa gej ih itgeltei yarij baina leeshuu.

  4. Ерөнхийлөгч манай улсын зөнөсөн банхар нохой болжээ дээ. Цаашид ийм ####ба хэрэггүй. Бас болоогүй сэтгүүлч нар нь төрийн тэргүүн гэж хөөргөнө.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button