Нийгмийн

БШУЯ-ны төрийн нарийнаас “уруудсан” Ж.Болормаа албан тушаал ахихаар Засгийн газрыг шүүхэд өгчээ

Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан МАН-ын Хяналтын хорооны дарга асан Х.Болдмандалын эхнэр Ж.Болормаа тун ч удалгүй тэр албанаасаа чөлөөлөгдсөн.

Учир нь түүнийг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа яаралтай томилсныг хууль бус гэж үзэж, тухайн үед бөөн хэл ам болж байв. Түүнчлэн өмнө нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын гишүүн болсон Б.Баярсайханыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гараад байсан юм.

-ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ТЭРБЭЭР ОДОО ЖИРЭМСНИЙ АМРАЛТТАЙ ХҮНИЙ ОРОНД АЖИЛЛАЖ БАЙНА-

Харин Ж.Болормаа өдийг хүртэл өөрийгөө улс төрийн ашиг сонирхолтой томилгооны хохирогч болсон гэж үзсээр ирсэн бөгөөд өдгөө шүүхэд хандаад байна.

Тэрбээр БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ алба. Гэтэл төрийн нарийн бичгийн албанаас чөлөөлөгдсөнөөсөө хойш 10 сар ажилгүй байсан бөгөөд Ё.Баатарбилэг сайдын тушаалаар 2019 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдож, өдийг хүртэл ажиллаж буй юм. Өөрөөр хэлбэл тус газрын өмнөх дарга жирэмсний амралтаа авсан хугацаанд ажлыг нь түр орлож байгаа гэсэн үг юм.

Тиймээс Ж.Болормаа Засгийн газрын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн агуулга нь төрийн жинхэнэ албан хаагч байж байгаад төрийн үйлчилгээний албан тушаалд шилжин томилогдсоноор албан тушаалын ангилал буурсан. Үүнийгээ дагаад цалин, хөлс нь буурсан. Тиймээс өмнө эрхэлж байсан ажлын зэрэг, дэв, ангилал бууруулахгүйгээр томилуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах байсныг зөрчсөн гэж үзэж буй юм. Улмаар зохих ёсны ажлын байраар хангах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Уг нэхэмжлэлийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 06-нд анхан шатны шүүх хурал болсон ч Ж.Болормаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх юм.

Ер нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын халаа сэлгээ анхнаасаа улстөржсөн шинжтэй явагдаж ирсэн нь нууц биш билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button