Нийгмийн

Портероор ухрах үйлдэл хийхдээ 1.8 настай хүүхэд дайрч, аминд нь хүрсэн хүн өвөө нь байжээ

Жолооч нар хэнэггүй, хариуцлагагүй байдлаасаа болж авто машинаараа ухрах үйлдэл хийхдээ өөрийнхөө хайртай дотны хүнээ, ач зээгээ санамсаргүй дайрч хөнөөх харамсалтай хэргүүд гарсаар буй.

Тухайлбал, 2021 оны эхний таван сарын байдлаар 1-3 насны нийт дөрвөн хүүхэд хашаандаа тоглож байгаад машинд дайруулж цаг бусаар эндсэн юм.

-УХРАХ ҮЙЛДЭЛ ХИЙХДЭЭ ХҮҮГ МӨРГӨСӨН ХҮН ӨВӨӨ НЬ БАЙЖЭЭ-

Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд портер маркын автомашин хашаан дотор ухрах үйлдэл хийхдээ 1.8 сартай хүүхдийг дайрч, хүү эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан юм. Хамгийн харамсалтай нь уг машиныг хүүгийн өвөө нь барьж байжээ.

Талийгаач хүү өвөө эмээ болон ээжийн хамт амьдардаг байсан бөгөөд хөдөлгөөнтэй сэргэлэн хүү байжээ. Тухайн өдөр тэднийд иргэн Д портер машинаа зарахаар үзүүлэх гэж очихдоо тэвшин дээр байсан ноолуур алга болчих вий гэж бодоод машинаа хашаа руу нь оруулсан байна.

Гэтэл гай  таарч талийгаач хүүгийн өвөө уг машиныг хөдөлгөж үзэх гэж ухрах үед хүү гэрээсээ гарч ирээд машины ард зогссон байж таарчээ.

Эл хэргийг үйлдсэн буюу санамсар болгоомжгүйгээсээ болж зээ хүүгийнхээ аминд хүрсэн өвөөд холбогдох шүүх хурал энэ сарын 6-нд болж, түүний жолоо барих эрхийг гурван жилээр хасаж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

-ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ЭЭЖ ААВДАА ГОМДОЛГҮЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Учир нь талийгаач хүүгийн ээж нь өөрийн аавд гомдолгүй гэсэн бөгөөд “санамсар болгоомжгүйгээс иийм хэрэг боллоо. Хүүгийнхээ буяны ажлыг л сайн хиймээр байна. Аавдаа гомдолгүй” гэж мэдүүлсэн байна.

Тиймээс шүүхээс шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзэж дээрх шийтгэлийг оноожээ.

Энэ эмгэнэлт хэрэг явдлаас харахад өөрсдийн болгоомжгүйгээс болж хайртай үрээ алдсан эх, зээгээ хөнөөсөн гэх өвөө, эмээ насан туршдаа сэтгэлийн хар толботой явахаар болж байна.

Тиймээс цагдаагийн байгууллага жолооч нарт хандаж, хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож буй, эсэхийг заавал шалгахыг дахин анхааруулсаар буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button