Нийгмийн

ШУУД: Паралимпын тамирчдаа угтан авлаа

Эгчийгээ тосохоор баглаа цэцэг авсан

“Токио-2020” паралимпын наадамд оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирж байна. Бид эх орондоо ирж буй баг, тамирчид, тэдний ар гэрийн сэтгэгдлийг шууд дамжуулан хүргэж байгаа.

Паралимпын наадамд орчуулагчаар ажилласан дүү Х.Хүслэн эгчийгээ тосохоор нисэх онгоцны буудалд баглаа цэцэгтэй иржээ. Тэрбээр эгчийгээ маш их санаснаа илэрхийлсэн юм.

Паралимпад анх удаа оролцсон таеквончидоо угтаж буй шигшээ багийнхан

Монголын Таеквондогийн шигшээ багийн тамирчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирж, паралимпад оролцоод ирж буй тамирчдаа угтан авах гэж байна.

Тэд хэлэхдээ “Бэлтгэлээ дандаа хамт хийдэг байсан. Таеквондогийн төрөлд анх удаа олимпод оролцсон. Бахархалгүй яах вэ. Хөлсөө дусаагаад хамт зүтгэж байсан багийн хамт олон, эгчийгээ харахад гоё байсан. Харамсалтай хожигдох мөчийг нь харахад хэцүү байсан. Догдолж байна” хэмээв.

16 дахь удаагийн Паралимпын их наадамд манай улсын 11 тамирчин пара Жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм.

Д.Сэлэнгээгийн ээж: Медальд хүрээгүй ч, охиноороо бахархаж байна

Паралимпын наадамд эх орноо төлөөлөн байт харвааны төрөлд анх удаа оролцож, Монголынхоо тугийг мандуулсан Д.Сэлэнгээгийн ээж:

“Охин минь Польшийн тамирчин, паралимпын хошой хүрэл медальт Милена Олсевскатай цэц сорьж, 6:4-ийн харьцаатай ялагдсан. Охиноо гарах цагийг тэсэн ядан хүлээж, үзсэн. Монголын хэвлэлийн газрууд бас сайн ажилласан гэж бодож байна. Гэвч зохих газрууд хангалтгүй ажилласан гэж бодож байгаа. Тугчаар гарч ирэхэд охиноороо их бахархсан. Хэдий медальд хүрээгүй ч, улс эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцсон учир охиноороо бахархаж байна” гэв.

Г.Болор-Эрдэнийн ээж: Хүү минь дараагийн паралимпуудад өшөө их амжилт гаргана

Энэ үеэр таеквондогийн 61 кг-ын жинд өрсөлдсөн Г.Болор-Эрдэнийн ээж Д.Цолмон:

“Үнэхээр сэтгэл хөдөлгөм тоглолт болсон. Медалийн үзүүрээс атгаад алдахад нь хэцүү байсан л даа. Гэхдээ миний хувьд ялагдал биш ялалт шүү дээ. Туркийн дасгалжуулагч гарч ирээд аргадахыг нь хараад маш их сэтгэл хөдөлсөн. Анхны паралимп нь гэхэд маш амжилттай оролцсон. Хүүгээ саналгүй яах вэ. Өшөө их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаа” гэлээ.

А.Мөнхбатын эхнэр Д.Гантуяа: Бид 2024 оны олимпод аавынхаа арыг нь даана

Манай сурвалжлах баг Чингис хаан нисэх онгоцны буудалд ажиллаж байна. Улмаар паралимпын 66 кг-ын жинд жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер А.Мөнхбатын гэр бүлийн хүнээс сэтгэгдлийг нь сонслоо. А.Мөнхбат энэ удаа Монгол Улсын тугийг мандуулж олимп хотхонд орсон билээ.

Түүний гэргий Д.Гантуяа хэлэхдээ “Миний нөхөр гурав дахь олимпдоо явж байгаа. Хэдий медалиас мултарсан ч гэсэн миний хань бүх хүч чадлаа гаргасан. Тусалж дэмждэг ах дүү нар, бэлтгэл хангагч, багш нар, үе үеийн тамирчид, Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Бид хэд зурагтаар гарна гэж бодож байсан ч гараагүй. Тиймээс Х.Цагаанбаатар даргын лайваар тэмцээнээ үзсэн. Медалиас мултрах агшин хүнд л байлаа. 22 жил жүдо бөхөөр хичээллэж байгаа. Тиймээс энэ жил маш их итгэл найдвар хүлээлгэж байсан учраас жаахан харамсалтай байлаа. Гэхдээ бид залуу хүмүүс. 2024  оны Парисын олимпод явна гээд ярилцсан байгаа. Миний гурван хүү байна. Бид арыг нь даана даа” гэв.

С.Ядамдоржийн аав: Паралимпод явсан хамгийн залуу тамирчин хүүгээрээ бахархаж суулаа

Яг одоо “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр “Токио-2020” паралимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчид маань газардаж байна. Тэднийг хүлээж буй ар, гэрийнх нь баярт сэтгэгдлийг бид хуваалцаж байна.

Энэ үеэр жүдо бөхийн 68 кг жинд барилдсан, 1998 оны тамирчин С.Ядамдоржийн аав:

“Хүүгийнхээ тоглолтыг үзсэн. Олимпын эрх аваад, хамгийн залуу нь болоод явсанд баярлалгүй яах вэ. Цаашдын замналд нь улам амжилт хүсэж, дараагийн олимпын эрхээ аваарай гэж хэлье дээ. Хүүгээрээ бахархаж л суулаа. Бүх тамирчдад нь мөн өндрөөс өндөр амжилт хүсье. Хүүгээ харна гэхээр догдлолгүй яах вэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button