Нийгмийн

ХУУЛИЙН ЦООРХОЙ: Хэргээ хүлээсэн Д.Батбаяр нарын 31 авлигачийг ТОРГООД суллажээ

Авлигачдад тун ч ашигтай, тэднийг өөгшүүлсэн хуулийн заалт өнөөдөр Монгол Улсад үйлчилж байна. АТГ-аас сүүлийн хоёр сарын хугацаанд дунд шатны албан тушаал хашдаг авлигачдыг “агнаж” эхлээд буй. Гэвч эцэстээ АТГ-ын тэр их хичээл зүтгэлийн үр дүн прокурор, шүүхийн шатанд очоод хуулийн заалтад хүчин мөхөсдөж, авлигачдад боломж, “өсөж үржих” таатай орчин бүрдүүлж байна.

Манай улс Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэдэг болоод зургаан жил болж байна. Тодруулбал, 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа эл заалтыг нэмж,  хөнгөн ял оногдуулах, торгуулиа төлөх боломжийг олгох болсон юм. Тухайн үед хялбаршуулсан журмыг ашигласнаар гэм буруугаа хүлээж, бусад холбогдогчдын талаар мэдүүлэг өгдөг, хэргийг хурдан шийдэх боломж олгодог гэсэн давуу талтай гэж үзсэн гэх. Энэ хуулийн заалтын анхны автор нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжин гэдэг юм билээ.

-2020 ОНД 31 АЛБАН ТУШААЛТАН ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРГЭЭ ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ-

Тэгвэл эл заалт улс орны эрх ашгийг уландаа гишгэж, авлигад идэгдсэн цагаан захтнуудад завшаан болж, авлигын хэргийг улам бүр өөгшүүлж буй дүр зураг харагдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар авлигын хэргээр яллуулж буй албан тушаалтнуудын дийлэнх нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргах болжээ.

Нэгэн тоо баримт дурдахад, зөвхөн 2020 онд гэхэд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдүүлсэн нэг хуулийн этгээд, 31 албан тушаалтанд холбогдох 16 хэргийг шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл тэдний авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэхдээ тэд буруугаа хүлээж, улсад учруулсан хохирлоо төлсөн учраас торгох ял авах хүсэлтэй байгаагаа прокурорт уламжлаад, шүүх түүнийг нь хүлээж авсан гэсэн үг байх нь. Энэ бол аюул.

-АВЛИГАЧИД “МӨСӨН УУЛ”-ЫН ОРОЙ ХЭСГИЙГ Л НӨХӨН ТӨЛЖ, ЯЛ ЗАВШИЖ БАЙНА-

Хамгийн ойрын жишээ дурдахад, хэдхэн хоногийн өмнө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр АТГ-т баривчлуулж, прокурорын саналаар 30 хоног цагдан хорьсон, НЕПГ-ын прокурор асан Ш.Нямдорж хэргээ хүлээж, хохирлоо нөхөн төлснөөр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүллээ.

Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн түүний хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгож хураав. Мөн  нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноогоод шоронгоос тавьж явууллаа.

Ийнхүү АТГ, Засгийн газрын авлигын эсрэг их тэмцлийн үр дүн нь ердөө энэ. Мөсөн уулын орой гэдэг шиг авсан нь нотлогдсон хахуулынхаа мөнгийг төлөөд, дээр нь 14-хөн саяар торгуулаад л дуусаа. Цаана нь илрүүлээгүй, нотлоогүй, хэд, хэчнээн хахуулийн үйлдэл бийг, хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх хахууль авсныг хэн ч таашгүй. Түүнээсээ дусалхан буюу 14-хөн саяар торгуулсан гэж бодохоор халагламаар.

-АТҮТ-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Д.БАТБАЯР АВЛИГЫН ХЭРГЭЭРЭЭ ЗУРГААН САЯАР ТОРГУУЛЖ БАЙВ-

Үүнтэй яг адил хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээр шийдэж байлаа. АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр мөн л авлигын хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрсөн байдаг.

Тэрбээр, улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо тээврийн компанийн захирлуудаас удаа дараа хахууль авсан хэргээ ийн хялбархан шийдүүлсэн юм.

Энэ мэт авлигачдад тун чиг ээлтэй энэ хуулийн үйлчлэл цаашид үргэлжилсээр байх аваас Засгийн газар нь Авлигатай тэмцээд ямар ч нэмэргүй биз. Том гарын авлигачид нь торгуулаад салаад байхад би яагаад болохгүй гэж хэмээх сэдэл төрийн бүх шатны алба хаагчдын толгойд орж буй нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-22 09:26

МАН авилгачдаа хаацайлав

Зочин
Зочин
2021-09-22 09:30

Шүүх, прокурорынхон бол адгийн шаар, нүдний булайнууд болж дээ.

харамсалтай
харамсалтай
2021-09-23 07:57

ЯАЖ АВЛИГАЧИН прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нараас с�##�ах вэ? Цаашид хуулийн байгууллагуудаа цэвэрлэхгүйгээр улс хөгжих боломжгүй.

Иргэн
Иргэн
2021-09-23 09:08

Авилгачид хулгайч гэмт хэрэгтнүүд нь хууль тогтоодог маш аюултай тогтолцоотой улс шүү дээ манайх чинь.УИХ д хулгайчууд нь сонгогдоно.Тэд ханг�##�ттай хулгай хийнэ.Өөртөө тааруулж хууль бат�##�на

Холбоотой мэдээ

Back to top button