Нийгмийн

Барууны стандартаар бичсэн “Сэтгүүл зүйн үндэс“ сурах бичгийн нээлт боллоо

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нарын бичсэн  “Сэтгүүл зүйн үндэс“ сурах бичгийн нээлт боллоо.

Тус бүтээл нь сэтгүүл зүйн бүх чиглэл, үйл ажиллагааг багтаасан, Барууны сурах бичгийн стандартаар бичигдсэн анхны цогц сурах бичиг гэдгээрээ онцлогтой юм.  Нийт 12 бүлэгт сэтгүүл зүйн түүх, онолын үндсэн ойлголтууд, тогтмол хэвлэл, радио, телевиз, интернет сэтгүүл зүй, мөн түгээмэл чиглэлүүд болох эрэн сурвалжилга, экологи, олон улс, аналитик, шинжлэх ухаан, эдийн засаг, спортын сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, редакторлах арга зүй, сонины дизайн, ОНМХ-ийн эрх зүйн зохицуулалт, өөрийн зохицуулалт, хэвлэл мэдээллийн менежмент, маркетинг, чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн социологи, сэтгүүл зүйн боловсрол, судлал шүүмжлэл, хэл найруулгын талаарх ерөнхий ойлголтыг аль болох хялбаршуулсан аргаар өгөхийг зорилго болгосон байна.  Бүлэг болгоны төгсгөлд хяналтын асуултууд, бие дааж гүйцэтгэх даалгавар болон нэмж судлах бүтээлүүдийг оруулсан нь сурах бичгээс олж авсан мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэн судлах, шинэ мэдээллээр баяжуулах боломж олгож буй хэрэг юм.

МУИС-ийн Ерөнхий суурь болон мэргэжлийн хөтөлбөрийн сурах бичиг зохиох, орчуулах, хэвлүүлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг Стандарчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс баталсан Сурах бичиг бичиж, боловсруулах, хэвлүүлэх стандартыг үндэс болгон боловсруулсан байдаг. “Сэтгүүл зүйн үндэс” сурах бичгийг тус стандартын дагуу Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, доктор /Sc.D/, СГЗ М.Зулькафиль, доктор /Sc.D/, профессор, СГЗ Л.Норовсүрэн, Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор /Ph.D/, профессор Б.Болд-Эрдэнэ, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд профессор Б.Наранбаатар, доктор /Ph.D/, дэд профессор Г.Мэндхүү, доктор /Ph.D/, дэд профессор Т.Өнөрсайхан нар бичиж, МУИС Хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна.

МУИС-ийн захиргаанаас бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээл судалж буй оюутнуудад зориулж дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сурах бичигт тавих шаардлагыг хангасан сурах бичгийн сан бүрдүүлэх ажлыг дэмжин санхүүжүүлж, урт хугацааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Зөвхөн энэ онд л гэхэд найман сурах бичиг хэвлэгдэн гарчээ. “Сэтгүүл зүйн үндэс” сурах бичиг нь тус төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button