УЛС ТӨР

Цэргийн дүрэмт хувцсыг хэн дуртай нь өмсөх, үйлдвэрлэх, худалдах боломжгүй болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 38 тоот захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хэсэг байгуулагдаж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр даргалж буй.

Өчигдөр ажлын хэсгийн IV дэх хурал болжээ. Г.Сайханбаяр сайд энэ талаар бичихдээ “Өнгөрсөн хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын цэргийн цол олгож байгаа байдал, цэргийн цолны зохистой харьцаанд дэд ажлын хэсэг үнэлгээ, дүгнэлт гаргаснаа танилцууллаа.

Судалгааны үр дүнд цэргийн цолыг шагналын журмаар гардуулах, хугацаанаас өмнө олгох, урлаг, спортын амжилт гаргасан иргэдэд олгох зэрэг зөрчил дутагдал судалгаагаар тогтоогдсон. Мөн цэргийн дүрэмт хувцас өмсөхтэй холбоотой асуудлууд нэлээд гарсан. Эдгээр асуудлуудыг бид нийгмийн захиалгын дагуу засч сайжруулахыг зорьж ажиллаж байна.

Ингэхдээ ирээдүй рүү харсан, хүнээ бодсон оновчтой бодлого, зөв зарчим баримталж ажиллахыг мөрдлөг болгож байна. Ажлын хэсгийн шинээр боловсруулж буй “Цэргийн цол олгох журам”-д энэ бүхнийг нарийн оновчтой байдлаар зохицуулж өгч байна. Тухайлбал цэргийн цолыг хэн авах, хэн олгох, ямар хугацаанд цол ахих, цэргийн дээд цол олгоход хэн хяналт тавих, эрх нь олгогдоогүй албан тушаалтнууд цол олгодог байдлыг халах зэргийг энэхүү журмаар зохицуулж өгөх юм.

Мөн “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хэрэгжилтийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэн гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч буйг танилцууллаа.

Тодруулбал, Цэргийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө боловсруулжээ. Эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсанаар Цэргийн дүрэмт хувцсыг хэн дуртай нь өмсөх, үйлдвэрлэх, худалдаалах боломжгүй болох юм. Шинэчлэн боловсруулж буй журам, хуулийн төслүүд дээр эцсийн найруулга хийж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, баталгаажуулахаар ажиллаж байна.” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button