Нийгмийн

С.Батбаатар: Сэтгүүлчдээ ажиллах боломжоор хангах юмсан гэсэн бодолтой байна

Ковидын нөхцөл байдлын улмаас сэтгүүлчид төрийн ордны хоёр давхрын мэдээллийн цэгээс цааш нэвтрэх боломжгүй болоод хоёр жил болж байна.

Тиймээс парламентын сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал Сүхбаатарын талбайд арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав.

Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Тэгвэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас холбогдох дарга нар нь Сүхбаатарын талбайд гарч ирж шаардлагыг хүлээж авлаа.

Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Т.Ганзул “Одоо УИХ-ын даргын баталсан түр журмаар зохицуулж байна. Мэдээж бид олон удаагийн уулзалтууд дотооддоо хийж, энэ журмыг хэхрхэн өөрчилж болох талаар ярьсан.

Холбогдох албан тушаалтнуудад нь энэ мэдэгдлийг хүргээд хариуг нь хурдан хүргэнэ. Намрын чуулганаас өмнө шийдвэрлүүлэхийг хичээнэ” гэлээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Батбаатар хэлэхдээ “Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид хүрээ хязгаартай ажиллаж байсанд миний хувьд сэтгэл зовниж байсан. Тиймээс түр журмаа өөрчлөх бодолтой байна. Хэвлэлийн алба хариуцаж байгаа хүний хувьд сэтгүүлчдээ ажиллах боломжоор хангах юмсан гэсэн бодолтой байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэвлэлийн албадын дарга нар уулзаж байгаад гарч ирлээ. Холбогдох байгууллагуудад та бүхний шаардлагыг хүргүүлнэ. Маргаашнаас эхлээд хамтарсан ажлын хэсэг байгуулъя. Тиймээс ажил хэрэгч байдлаар богино хугацаанд асуудлаа яриад, журмаа хамтарч гаргах саналтай байна” гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button