ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Морин аяллын хөтөч хийн, морьтны соёлоо өвлөж яваа ах, дүү хоёр

-Болдог сон бол хоёр алаг морио хотын гэртээ аваачаад, хамт амьдрах юм сан-

Оройгоороо нэлээд өтгөн модтой уулын бэлээр нарийхан жим жирийтэл гарчээ. Унаж яваа хүрэн халзан морь маань эл жимээр сурамгай гэгч нь алхан, өгсүүр өөд тэнхээ мэдэн, жолоо даран зүтгэнэ. Шаггүй шавар ихтэй, том, том чулуутай хэд хэдэн газраар гарахдаа ер түүртсэнгүй. Хаагуур нь явбал шавар, чулуу багатайг андахгүй байгаагаас харвал энэ жимээр яваад бүр сурчихсанг нь илтгэнэ.

“Адуу их ухаантай амьтан. Жолоог нь сул тавьчих. Аяндаа өөрөө явчихна, хаагуур явахаа сайн мэднэ” хэмээн хажууд яваа нэгэн залуу унаж яваа мориороо бахархан, бахдан хэлэв. Түүний унаж яваа цоохор морь хөнгөн хөлтэй гэж жигтэйхэн. “Хаа хүрэх вэ” гэсэн шиг хазаар даран тэмүүлнэ. Бид хоёр дөрөө харшуулан ийн ярилцаж явах зуур тээр доороос алаг морьтой хоёр хүүхэд давхисаар гүйцэж ирээд “Бүгдээрээ одоо тэнд очоод түр амаръя” гээд нэгэн уулыг заалаа. Өнөөх нарийхан жимээр ар, араасаа цуварч явсан аялагчид бүгд тэрхүү уул өөд харснаа “За” гэв.

Эмээл дээрээ хазгай суунгаа “Одоо энэ үзүүрийг тойрохоор зам улам нарийсдаг. Нэг нэгнийхээ араас яваарай. Мориныхоо амыг сайн татаарай” гээд хэвлүүхэн хэлээд, цовоо цойлгон инээх тэднийг Ганхуягийн Ган-Эрдэнэ, Ганхуягийн Оюун-Эрдэнэ гэдэг. Нийслэлийн 44 дүгээр сургуульд сурдаг тэд төрсөн ах, дүү хоёр. Ах Г.Ган-Эрдэнэ нь 11, Г.Оюун-Эрдэнэ найман настай. Цаанаа нэг сэргэлэн, моринд эрэмгий гэж жигтэйхэн тэд “Mongoljin tour” морин аяллын хөтөч хийж яваа нь энэ.

Хооронд нь ялгахын аргагүй, усны дусал мэт адилхан хос алаг морьтой ах, дүү хоёрыг аялагчид ихэд өхөөрдөнө. Ялангуяа Г.Оюун-Эрдэнийг бүр ч их. Алаг мориороо салхи татуулан давхиж буй бичлэгийг нь үзээгүй хүн ховор, цахим етөнцөд нэлээд од болж буй охин. Наймхан настай охин морь ингэж сайн унаж буйгаар нь бахархахгүй байхын аргагүй. Монголчууд бид жилээс жилд монгол соёл, өв уламжлалаасаа хөндийрсөөр байгаа өнөө цагт бүр ч их.

“Mongoljin tour”-ын өнөөдрийн аялалд нийт таван хүн хөтөч хийж буйн хоёр нь Г.Ган-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ нар. Аялагчдад зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг хангах нь тэдний үүрэг. Аяллын турш нааш, цааш давхин, хэнд юу хэрэгтэй байгааг нь байсхийгээд л асууна.

АХТАЙГАА ХАМТ ХӨТӨЧ ХИЙХ ХАМГИЙН ГОЁ

-Та хоёр “Mongoljin tour”-ын хөтөч хийгээд хэр удаж байгаа вэ?

Г.Ган-Эрдэнэ (Г.Г):- Долоон жил болж байна.

-Хөөх, тэгэхээр бүр багаасаа энэ ажлыг хийж байгаа юм байна, тийм үү?

Г.Г:- Тийм ээ. Морь унаж сурснаасаа хойш хөтөч хийж байгаа

Г.Оюун-Эрдэнэ (Г.О) :- Би “Мориных нь олом суларвал хөтөчдөө хэлээрэй. Жолоогоо зөв бариарай, гартаа ороож болохгүй шүү” гэж аялагчдад зөвлөдөг. Хэрвээ жолоогоороо гараа ороовол мориндоо чирэгдэх эрсдэлтэй. Бас дөрөөгөө мөчидхөн дөрөөлөх хэрэгтэй. Арзгар ултай гутал дөрөөнөөс амархан сугардаггүй байхгүй юу.

-Морин аяллын хөтөч хийхийн юу нь хамгийн гоё вэ?

Г.Г:- Байгалийн сайханд олон аялагчтай хамт мориор аялах гоё. Хамтдаа хөгжилдөн, морь унах сайхан.

Г.О:- Ахтайгаа хамт хөтөч хийх л хамгийн гоё. Бас хос алаг мориороо салхи татуулан давхихаар сайхан санагддаг. Бид хоёрын алаг морь адилхан байгаа биз.

АДИЛХАН АЛАГ МОРЬТОЙ ТУЛ АХ, ДҮҮ ХОЁР ГЭДГИЙГ МААНЬ МЭДЭХЭД АМАРХАН БАЙДАГ ГЭСЭН

-Тийм байна. Та хоёр алаг морио унах илүү дуртай юу?

Г.Г:- Тийм ээ. Хүмүүс хараад “Хөөх, ямар гоё морьтой юм бэ. Та хоёр төрсөн ах, дүү юү” гэж асуудаг.

Г.О:- Яг адилхан алаг морь унаад явахаар төрсөн ах, дүү хоёр гэдгийг маань мэдэхэд амархан байдаг гэсэн. Бид хоёр хос алаг мориндоо их хайртай.

Г.Г:- Өөр морь унахаар эвгүй байдаг. Алаг морио унах л хамгийн гоё.

Г.О:- Хотод байж байгаад ирэхээр намайг шууд таньдаг. “Эзэн минь ирчихлээ” гэж боддог байх.

АХ НЬ ДӨРӨВ, ДҮҮ НЬ ТАВАН НАСТАЙДАА МОРЬ УНАЖ СУРЧЭЭ

-Эзнээ таньж байгааг нь яаж мэддэг вэ?

-Намайг харангуутаа чих нь сортолзоод, янцгаадаг.

-Та хоёр хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?

Г.О:- Би тав, ах маань дөрвөн настайдаа морь унаж сурсан.

Г.Г:- Анх унаж сурахаасаа өмнө мориноос их айдаг байсан.

Г.О:- Аав минь “Миний хоёр хүүхэд битгий айгаарай. Мундаг шүү. Чадна аа” гэхээр нь зориг орсон. Тэгээд огт айгаагүй.

-Мориноос унаж байсан уу?

Г.Г:- Унаж байгаагүй.

Г.О:- Би нэг удаа өөр морь унаж яваад унасан. Ааштай морь байсан юм л даа.

-Тухайн үед дахиад уначих вий гэж айсан уу?

Г.О:- Айгаагүй. “Би чадна” л гэж бодсон. Ах минь надад их тусладаг болохоор мориноос уначих вий гэж айдаггүй.

Г.Г:- “Мориныхоо амыг сайн татаарай. Тангаруулав, хазуулав” гэж дүүдээ захьдаг.

БИД ХОЁР МОРИНДОО ХАЙРТАЙ. ТИЙМЭЭС ГАМНАЖ УНАДАГ, УРАЛДДАГГҮЙ

-Та хоёр уралддаг уу. Хэн нь түрүүлдэг вэ?

Г.Г:- Бид хоёр алаг мориндоо их хайртай. Морио хайрлаж, гамнаж унах хэрэгтэй. Тиймээс уралддаггүй. Аль болох зөөлхөн алхуулж, хайрлаж унахыг хичээдэг.

Г.О:- Хааяа л ганц нэг удаа уралддаг. Заримдаа уралдахаар ах түрүүлчихдэг.

-Ахынх нь морь илүү хурдан юм уу?

Г.О:- Тийм ээ. Гэхдээ одоо дахиад уралдвал би түрүүлнэ ээ (инээв).

ДҮҮ МИНЬ ОД. ХҮМҮҮС ХАРААД ШУУД ТАНЬДАГ

Г.Г:- Тэгээрэй миний дүү. Оюука ёстой од. Аялахаар ирсэн хүмүүс хараад шууд таньдаг. Миний дүү нээрэн бичлэгээ фэйсбүүкээс үзсэн үү?

Г.О:- Үзсээн. Алаг морьтойгоо давхиж буй бичлэгээ үзэхээр гоё санагддаг. Хүмүүс намайг таниад, “Яасан хөөрхөн охин бэ. Ёстой мундаг шүү” гэдэг. Тэгж хэлэхээр нь их урам авдаг.

-Та хоёр хурдан морь унадаг уу?

Г.Г:- Унадаггүй. Хурдан морь унахыг аав зөвшөөрдөггүй юм. Эхлээд номхон морь сайн унаж сурах хэрэгтэй. Сайн унаж сурчихаад хурдан морь унасан нь дээр.

ХОТОД ОЧИХООРОО МОРИО ИХ САНАДАГ

-Хотод очсон, хичээлдээ явсан үедээ хос алаг морио санадаг уу?

Г.О:- Зөндөө их санадаг. Одоо би хичээлээ цахимаар үзэж байгаа. Алаг морио санахаараа сэтгэлээр унадаг. Хичээл амрангуут, амралт өдөр болонгуут наашаа хурдан ирэх сэн гээд яардаг.

Г.Г:- Болдог сон бол хос алаг морио хотын гэртээ аваачаад, хамт амьдрах юм сан

Г.О:- Тэгвэл ёстой гоё доо. Тэрэлжид, алаг морин дээрээ ирэхээр гоё мэдрэмж төрдөг. Алаг мориороо салхи татуулан давхих би үнэхээр дуртай.

-Сургууль гэснээс ямар хичээлдээ дуртай вэ?

Г.Г:- Би онц сурдаг. А дүн, тэгээд баахан таван хошуу авдаг.

Г.О:- Би биеийн тамирын хичээлдээ илүү дуртай.

-“Морь яаж унахыг заагаад өгөөч” гэж ангийнхан нь хэлдэг үү?

-Г.Г:- Хэлдэггүй.

-Та хоёрыг морь ийм сайн унадагийг мэддэг үү?

Г.О:- Мэддэггүй.

ОЛОМ НЬ ТАСАРСАН АЯЛАГЧИЙГ МОРИНООСОО УНАХААС АВРАВ

Ийн ярилцаад бид цааш хөдөллөө.

Нарийхан голоор гарч явах нь ээ нэгэн аялагчийн хойд олом нь тасарчихав. Морь нь ус уухаар тонгойх үед хүзүүн дээгүүр нь золтой даваад уначихсангүй. Энэ үед Ган-Эрдэнэ мориных нь жолооноос шаламгай гэгч шүүрэн авч, голын цаана хөтөлсөөр гарав. Өнөөх аялагч эмэгтэйг мориноос нь буулган, тасарсан олмыг нь тайлж байх үед “Mongoljin tour”-ын маркетингийн менежер Ариунболдын Буяндэлгэр ирлээ. Г.Ган-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ хоёрын үеэл ах тэрбээр тухайн аялагчийн олмыг нь янзалж өгөв.

А.Буяндэлгэр хоёр дүүгийнхээ талаар “Манайх “Дөрвөн эрдэнэ тур” компанитай хамтарч ажилладаг. Монголд аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг тус компанийн захирлын хоёр хүүхэд нь. Миний үеэл дүү нар. Морин аялал зохион байгуулахад хоёр дүү маань үнэхээр тус, нэмэр болдог. Аялагч нар хоёр дүүг минь их өхөөрддөг” гэв.

ХАРДАГ ХАДАНД ШУРАНХАЙЛСАН “НАРИЙН САЙХАН ХЭЭР”

Бид явсаар түр буудаллах цэг дээр ирлээ. Г.Ган-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ хоёр аялагчдыг мориноосоо буухад туслана. Морьдыг нь модноос уян, 20 минутийн дараа хөдлөх талаар хэлэв. Энэ зуур аялагчид түр амран, зарим нь зураг даруулна.

Ийн амарч байх зуур Хятад хэлний сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг Шаравын Хонгозул гэдэг эмэгтэй аялагчдад зориулан “Нарийн сайхан хээр” дууг дуулан, сонорыг нь мялаав. Хонгорзулын цээлхэн хоолой, уртын дууны шуранхай Тэрэлжийн өндөр уулсад уянгалан, аялагчын сэтгэлийг баясгасан юм.

А.БУЯНДЭЛГЭР: АЯЛАГЧДЫН ТАВ ТУХТАЙ АЯЛУУЛЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАХ НЬ БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО

Морин аялал зохион байгуулна гэдэг шаггүй ажил. Морь унаж чадах, чадахгүй хүмүүс аялахаар ирнэ. Хэчнээн номхон морь байсан ч ямар зан ааш гаргах, булгиж бухахгүй гэх баталгаа үгүй. Тэр бүхэн аялагчдын аюулгүй байдал, амь настай холбоотой. Энэ бүх ажлыг 21 настай А.Буяндэлгэр зангидаж, “Mongoljin tour”-ыг ажиллуулдаг юм билээ.

Тэрбээр “Манайх үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Монголынхоо залуучуудад монгол соёл, өв уламжлалаа сурталчлах, өвлүүлэх, тав тухтай аялах боломжоор хангах нь бидний гол зорилго. “Mongoljin tour” долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд морин аялал тогтмол зохион байгуулдаг.

Манай аяллын төлбөр нь 65,000. Бид аялагчдаа Улаанбаатар хотоос нэгдсэн унаа (автобус)-гаар авч ирээд, буцаан хүргэж өгдөг. Тэрэлжид ирэхэд нь өглөөний цай өгдөг. Гурван цагийн хугацаанд мориор аялуулаад, гэрийн хоолоор аялагчдаа дайлдаг. Ер нь бид 17:00 цаг орчимд уулнаас буудаг. Манай аяллын баазад унд уун, 19:00 цаг хүртэл амраад, хөгжөөнт тоглоом, наадгайгаар өрсөлдөх боломжтой. Энэ бүхэн аяллын төлбөрт багтсан. Тэгэхээр аялагчид хувийн бэлтгэлээ базаахад л хангалттай. Бусдыг нь бид хариуцдаг.

Хардаг хадны маршрутын дагуу гурван цагийн, 18 километрийн аяллыг өнөөдөр зохион байгуулж байна. Бидний ард байгаа, Хардаг хад гэдэг нэртэй энэ уулыг бүтэн тойроод буцдаг. Өнөөдөр 66 аялагч, таван хөтчийн хамт аялж байна. Энэ олон хүнийг аялуулаад, аюулгүй байдлыг нь хангаад явахад багийн ажиллагаа, зөв зохион байгуулалт их чухал.

Манайх морьдынхоо ихэнхийг нь бойноос авсан. Хүн бойнд ямар морио өгдөг билээ. Сайн морио тэр бүр өгдөггүй. Ааштай, эмнэг голдуу морь л манайд ирдэг. Тэр бүхнийг сургаад, номхруулж, эдлэнэ гэдэг шаггүй ажил.

Хэчнээн номхон морь байлаа ч ямар зан, ааш гаргахыг нь урьдчилан таах аргагүй. Тийм учраас аялагчдыг тав тухтай аялуулах, аюулгүй байдлыг нь хангахын тулд зохион байгуулалтыг нэгдүгээрт тавьдаг нь бидний давуу тал. Аялагчдын аюулгүй байдал, сэтгэл ханамж хамгийн чухал.

Бид юуны түрүүнд “Mongoljin tour”-ыг Монголдоо таниулах, цар хүрээгээ улам тэлэхийг зорьж байна. Зөвхөн ганц өдрийнх бус олон хоногийн, өвлийн аялал зохион байгуулах төлөвлөгөө бий. Одоо явуулж буй намрын аялал хэр удаан үргэлжлэх нь цаг агаараас шалтгаална

Морин аялал зохион байгуулахаар зарим хүн “Мориор бизнес хийлээ. Шатахуун хийж, элдэв зардал гаргах биш” гэдэг андуу бодолтой байдаг. Тийм биш. Энэ олон морийг өвөлжин тэжээгээд, онд оруулахад нэлээд их зардал, хөдөлмөр шаарддаг” гэлээ.

Ийн ярилцаж байх зуур хөдлөх цаг боллоо. “Mongoljin tour”-ын хөтөч нар бүх аялагчдын морины олом, жирмийг нь шалгаад, мордуулав. Бид уулын уруу, битүү модон дундуур уруудлаа. Бааз руу буцаж буйгаа морьд мэдэж буй нь илт. Хөл нь улам хөнгөрөн, гэр өөд тэмүүлнэ. Г.Ган-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ хоёр аялагчдын цувааны хамгийн урд нь явж, замыг нь зааж өгсөөр. “Энэ жалганы наагуур явбал шавар багатай. Голоор гарахдаа мориндоо ус битгий уулгаарай, нуруугаа авчихна” гэх мэт зөвлөгөө өгч байлаа.

Ийн явсаар бид 17:00 цагийн орчимд уулнаас буун, бааз дээрээ ирэв.

Г.ГАН-ЭРДЭНЭ: БИ МОРИНЫ 30 ГАРУЙ ЗҮС МЭДДЭГ

Аялагчид уван, цуван ирсээр, морьдоо хашаа руу оруулав. Энэ үеэр Г.Ган-Эрдэнэ бидэнд морины олон зүс мэддэгээ сонирхуулсан юм. “Шарга, саарал, хээр, хүрэн, бор” гээд л захаас нь авхуулаад бүгдийг нь зүслэв.

Аялагчид дунд морины зүс сайн мэддэггүй хүн цөөнгүй байв. “Энэ ямар зүстэй морь вэ” гэж асуух бүрд нь торолгүй хариулав. Тэрбээр лав морины 30 гаруй зүс мэддэг юм билээ.

МОРИНЫ БҮХ ЭДЛЭЛ, ХЭРЭГЛЭЛИЙГ АНДДАГГҮЙ Г.ОЮУН-ЭРДЭНЭ  

Ахыгаа ийн морины зүсний талаар сонирхуулсны дараа Г.Оюун-Эрдэнэ мориныхоо эмээлийг өөрөө авав. Морины бүхий л эдлэл, хэрэглэлийн нэрийг мэддэгээр нь олон хүн бахархсан. Г.Оюун-Эрдэнэ аялагчдад “Энийг эмээл, хазаар, гөлөм, дөрөө гэдэг” гээд бүгдийнх нэр, ямар үүрэгтэйг тайлбарласан юм. Монгол ахуйгаасаа хөндий өссөн зарим аялагч үүнийг ихээхэн сонирхов.

Үүний дараа аялагчид унд уун, цуйван идэхээр амралтын газрын гэрт орлоо. Г.Ган-Эрдэнэ, Г.Оюун-Эрдэнэ хоёр мориныхоо эмээлийг аван, “Хүлэг минь өнөөдөр үнэхээр күүл байлаа” гээд духыг нь илэв. Дараа нь хазаар, ногтоо намбай гэгч нь эвхэн, бүүргэнд хийн тэврээд гэрийн зүг алхлаа.

Морин аяллын хөтөч хийн, морьтны соёлоо өвлөж яваа ах, дүү хоёрын нэг өдрийн ажил ийнхүү дуусаж, бидний энэ удаагийн сурвалжилга энд хүрээд өндөрлөсөн юм.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-10-08 10:10

Ямар гоё сурв�##�жилга вэ

Хөөрхөн юм бэ
Хөөрхөн юм бэ
2021-10-08 11:19

Монгол өв соёл минь уу...

зочин
зочин
2021-10-08 11:20

Ийшээ явж үзмээр байгаа юм. найзуудаа ури�##�на аа

Зочин
Зочин
2021-10-08 12:32

estoi goy ????????

bulgaa
bulgaa
2021-10-08 13:29

yamr huurhun ymbe???? bidnii bus#aas ondooshij ylgarah gol zuil chn mongol ulamjlal uw soyl shuudee.. mash zuw aylal baina.

Дорж
Дорж
2021-10-09 08:54

Үнэхээр гоё сурв�##�жиилга уншлаа. Тэр охин нь ямар хөөрран вм бэ

Холбоотой мэдээ

Back to top button