Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: Боловсролын салбар дахь тэгш бус санхүүжилтийг зогсоох ёстой

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын реформ хийх, тэгш боловсролыг хүртээмжтэй хуваарилах, боловсролын салбарын санхүүжилтийн зарцуулалт зэрэг асуудлаар Сангийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сангийн яамнаас 2022 онд боловсролын салбарт ДНБ-ий 4.9 хувийг зарцуулахаар болсон нь чамлалттай байна.

Хүний хөгжлийн индекс ойролцоо, боловсролоор тэргүүлэгчид, дэлхийн дундаж гэсэн шалгуураар харьцуулбал хүн амын тоо ойролцоо Армен улсыг эс тооцвол манай улсын боловсролд зарцуулж буй ДНБ-ий хувь хэмжээ хамгийн бага байна. 

Хүний хөгжлийн индекс ойролцоо Тунис улс 2015 онд боловсролын салбарт ДНБ-ний 6.6 хувийг зарцуулсан бол боловсролоор тэргүүлэгчид дунджаас дээгүүр хувийг боловсролд зарцуулдаг байна. Боловсролын салбарын ДНБ-д эзлэх хувь Финланд 7.15, Эстони 5.48, Өмнөд Солонгос 5.06 байсан. Цаашид боловсролын салбарын санхүүжилтыг тууштай нэмэх шаардлагатай байгаа.

Цаашид боловсролын салбарын санхүүжилтыг тууштай нэмэх шаардлагатай байна. Энэ асуудлаар Сангийн яам ямар байр суурьтай байгаа вэ. Яагаад боловсролын төсвийг нэмдэггүй юм бэ?

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: “Манай улсын төсвийн урсгал зардлын хамгийн том хэсэг буюу 70 гаруй хувийг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын зардал эзэлдэг. Энэ жилийн төсвийн нийт зардал 18 их наяд төгрөг байгаа бол үүнээс 2 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулахаар тусгасан. Энэ нь нийт зардлын 13 хувийг эзэлж байгаа гэж хэлж болно.

Таны хэлсэнтэй санал нэг байна. Иймээс сүүлийн үед боловсролын салбарт тодорхой төсвүүдийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа үр дүнд суурилсан тогтолцоо руу шилжиж, үе шаттайгаар нэмэгдүүлэх болно. Боловсролын салбар бол хамгийн чухал салбаруудын нэг учраас зарцуулж буй хөрөнгө нь үр дүнтэй байх ёстой гэж Сангийн яам үзэж байгаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг: Боловсрол, шинжлэх ухааны сайдаас асуулт асууя. Боловсролын санхүүжилтийн гол зарчим нь тэгш боловсрол эзэмших боломжийг хүн бүрд олгох явдал. Чанартай боловсрол эзэмших боломж тухайн хүний нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, жендер, арьс өнгө, яс үндэс, хаана амьдарч байгаагаас хамаарах ёсгүй. Боловсрол эзэмшихэд нөлөөлөх нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн нөлөө нь бодит байдал д бусад хүчин зүйлийнхээс ч илүү байдгийг улс орнуудын жишээ харуулдаг.

Бид “Алсын хараа-2050” зорилго болон Монгол Улсын хөгжлийг олон улсын жишигт хүргэхийн тулд боловсролын салбар дахь тэгш бус санхүүжилтийн зогсоох ёстой. Гэтэл Боловсролын санхүүжилт Улаанбаатар хот ба орон нутагт ихэд ялгаатай байна. НЭГ СУРАГЧИД НОГДОХ урсгал төсвийн дундаж хэмжээ Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хотуудад БАГА, Булган, Говь-Алтай, Дундговь зэрэгт ӨНДӨР байна.

2019 оны байдлаар улсын хэмжээнд 374 сургууль хүчин чадлаас доогуур ажиллаж байгаагийн олонх нь сумдын сургуулиуд байгаа юм. Хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан нийслэл Улаанбаатартай ойр аймгуудын сумдын сургуулийн нэг анги дүүргэлт Улаанбаатар хотын сургуулиудынхаас хэд дахин цөөн буюу 10-15 сурагчтай байгаа нь бодит үнэн.

МУ-ын боловсролын салбарын санхүүжилтэд үнэлэлт хийж зөвлөмж өгч буй Дэлхийн банк зэрэг ОУ-ын байгууллага, экспертүүд “Санхүүжилтийг илүү оновчтой хуваарилах, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай гэж үздэг”.

МУ-ыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2.1.8-д “газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадал, ашиглалт, бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой тогтоож, хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан хүртээмжийг нэмэгдүүлэн, тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан байгаа.

БШУ сайд удаа дараа боловсролын санхүүжилтыг эргэн харна, school mapping хийнэ гэж мэдэгдэж байгааг дэмжиж байгаа. Салбарын хөрөнгө оруулалтууд хэр тэгш бус байгаа, сумдад төсвийн хөрөнгө оруулалт ямар үр ашиггүй байгаа талаар олон судалгаа, баримтууд байдаг. Аймгийн төв болон УБ хотын сургуулийн нэг хүүхдэд ногдох зардал үр ашигтай байна гэсэн дүгнэлтүүд байгаа.

Нөхцөл байдал ийм байхад суманд 2022 оны төсвийн төсөлд суманд 960 суудалтай сургууль барина гэж оруулж ирж буй төсвийг эргэж хармаар байна.

Говийн 4 аймгийн хувьд Говьсүмбэр аймгаас бусад аймгуудад дотуур байрны хүрэлцээтэй асуудал гарахгүй гэсэн дүгнэлт БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ШИНЖИЛГЭЭ: ХАНДЛАГА БОЛОН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ хэмээх НҮБХХ-ийн 2021 оны судалгаанд байгаа. Тийм учраас эдгээр аймагт дотуур байр барина гэж орж ирсэн төсвийг танах ёстой.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: ДНБ-д эзэлж байгаа боловсролын зардал дэлхийн түвшинд хүрчихсэн. Өөрөөр хэлбэл, боловсролд хангалттай санхүүжилт өгч байгаа. Хамгийн гол нь бид мөнгөө зөв зарцуулаад сурчих хэрэгтэй. 40 литрийн бетон руу 80 литрийн ус хийгээд, бетон нь өөрөө цоорхой байгаад байхаар ямар ч үр дүн гарахгүй байгаа юм. Тиймээс улсын төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтын гол зарчим бол үр дүнд суурилсан санхүүжилт гэдэг санхүүжилтийн шинэ эх үүсвэр юм. Энэ бол боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийг дэмжсэн томоохон санхүүжилт байх болов уу.

Нөгөө талаар төр өөрөө боловсролын тэгш бус байдлыг өдөөчихсөн. Олон улсын хөтөлбөртэй сургуульд жирийн ЕБС-иас 50 хувийн илүү хувьсах зардлын нэмэгдэл олгодог. Иймд Кембрижийн  гэж тодотгоод байгаа сургуулиудаас шинэ мэдлэг, ноу-хау, шинэ туршлагууд, боловсролын чанарын үнэлгээ, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих тогтолцоонуудийг төрийн өмчийн сургуулиудад нэвтрүүлэх нь 2022 оны төсвийн шинэчлэлээр явагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button